“Лексус-570” машин аваад хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан нь ил болно
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2016.02.22

“Лексус-570” машин аваад хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан нь ил болно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа ямар үндэслэлээр эгүүлэн татах шаардлагатайг тайлбарлаж, мэдээлэл хийв.

УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн тул Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг парламентаас тавьсан. Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой.

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал биш. Харин Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал гэж Х.Тэмүүжин гишүүн тайлбарлав. 

/Eagle тв/

Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд Үндсэн хууль зөрчсөн тул үйлчлэхгүй байх утгатай албан бичиг Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод явуулж. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа үүнийгээ УИХ-ын дарга З.Энхболдод мөн хүргүүлсэн. Ингэхдээ ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хийлгүй, шууд урьдчилан дүгнэлт гаргаж Цэцийн гишүүдээр гарын үсэг зуран илгээсэн байна. УДШ-ийг хууль хэрхэн хэрэглэх тухай заавар өгсөн нь Шүүхийн тухай хууль, Үндсэн хуульд шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс үл нөлөөлнө гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг.

УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түтгэлзүүлэх бол гагцхүү ҮХЦ-ийн Дунд суудал хуралдаж дүгнэлт гаргадаг. Дунд суудал энэ сарын 13-ны хуралдаанаар түтгэлзүүлсэн ч үүнээс өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа гарын үсгээр батал­гаажуулжээ. Энэ нь дан ганц өөрөө төдийгүй Цэ­цийн гишүүдийг хууль зөрчүүлсэн гэж үзэж байгаа юм. 

Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ҮХЦ-ийн найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурсан нь хөндөгдөх байх. 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн баланк дээр байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг  тодруулна. Хуульзүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх. Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан. 

Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан  нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлтдээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ. Хэрэв ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга “Лексус-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно” хэмээн тайлбарлалаа.