Шүүх нэг талыг барьсан байх вий гэж санаа зовж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.12.21

Шүүх нэг талыг барьсан байх вий гэж санаа зовж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан  Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүж байна.

Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа аж. 

Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байна. 

Энэ үеэр С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Та ямар учраас өнөөдрийн шүүх хуралд ирсэн бэ? 

-Би Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн.  Шүүхийг шударга, хараат бус байдалтай ажлаасай гэж хүсч энд ирсэн. 

Тав хоног Монголын ард түмэн энэ байдлыг харсан. Нунтаг хог шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийгээд байгаа шүү дээ.  Би шударга ёсны төлөө тэмцдэг. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй. 

Өнөөдөр шүүх гэдэг бол намын бүлэглэлийн толгойдоо зайдалж суусан хэдэн луйварчдын дохиур битгий байгаасай. Ингээд “Амташсан эмгэн алиманд хахдаг“ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ. 

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн гишүүний хувьд Дарханаас өрсөлдөж байсан энэ хүний тал дээр байр сууриа илэрхийлж байна. 

-Таны энэ байдлыг шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж харж болох юм? 

-Би шүүхэд нөлөөлөх гэж оролдоогүй. Гагцхүү шүүх шударга хараат бус байгаасай л гэж хүсч байна. 

Шүүхийн  дүгнэлт дээр нэг зүйл хэлэхэд, өнгөрсөн 5 хоног шударга үнэнийг Монголын ард түмэнд ойлгуулсан шинжээчдийн дүгнэлтийг ерөөсөө тусгаагүй байна.  Тиймээс нэг талыг барьсан байх вий гэж санаа зовж байна. 

Энэ асуудал дээр шүүхийн шийдвэр гарах үед байр сууриа хатуу илэрхийлнэ 

Ер нь Монголын хууль шүүхийн байгууллага өөрсдийгөө том гэж бодсон улс төрчдийн бүлэглэлийн зодооны  хэрэгсэл болно гэдэг аюултай. 

Дарханчуудыг төлөөлж байгаа гишүүний хувьд манай дарханаас сонгогдож байсан надтай өрсөлдөж байсан хүний тал дээр шударга бай гэмээр байна.