М.Сономпил Индонезын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил
2016.02.22

М.Сономпил Индонезын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай морилохыг хүссэн. Тэрбээр, Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай хоёр талт болон олон талын харилцаа хөгжүүлэхийг эрмэлздэг хэмээгээд, энэ хүрээнд Индонез Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг дурдсан.

Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай 1956 онд дипломат харилцаа тогтоосныг эрхэм гишүүн тэмдэглээд Индонези, АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай улс 2014 онд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээсэн гэж хэллээ. 

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд, найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа жил энэхүү айлчлалыг хийж байгаа нь ихээхэн онцлог болохыг дурдсан.

Эрхэм зочин хоёр орны парламентын бүлэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж ирснийг онцлоод, айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй явдал нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгаж, харилцан туршлага судлах, мэдлэг, мэдээлэл солилцох чухал суурь болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр хүчирхэг ардчилалтай хоёр орны парламентын хамтын ажиллагаа дэлхийн ардчиллыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна хэмээн хэлсэн юм.

 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийн айлчлал Монгол, Индонезийн парламент хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улс 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа хэмээгээд уг арга хэмжээнд Индонезийн Ерөнхийлөгч Ж.Виводо оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.