УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.02.18

Монгол, Японы түүхэн үйл явдалд оролцогсдын дурсамж уулзалт болов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэгийнхэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр уг түүхэн үйл явдалд оролцогсдын дурсамж уулзалтыг зохион явууллаа.

Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг дурсан санаж, өөр өөрсдийн онцлог түүх дурсамжаа хуваалцаж дотно ярилцлага өрнүүлэв. 

Дурсамж уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нээж, хэлсэн үгэндээ “Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэгийнхэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр уг түүхэн үйл явдалд оролцогсдын энэ Дурсамж уулзалтыг зохион явуулж байгаад баяр хүргэж талархал дэвшүүлье.

Энэ арга хэмжээндээ миний аавын бичиж үлдээсэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номын талаар танилцуулга хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа. Энэ танилцуулгыг миний ах Эрдэнэ та бүхэнд толилуулнаа. Аав маань энэ номондоо Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг анх яаж үүсгэн санаачилсан, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг бичиж үлдээсэн нь өнөөдрийн энэ уулзалтын үндсэн сэдэвтэй яг таарч байна. 

“Туулж өнгөрүүлсэн түүхээ сайн мэдэх нь ирээдүйд замаа зөв олоход тусалдаг” гэсэн ишлэлээр аавын маань ном эхэлдэг. Би аавынхаа улс эх орондоо хийж бүтээсэн ажил үйлсийг нь сайн мэднэ гэж бодож явдаг байлаа. Гэтэл энэ номонд миний огт мэдэхгүй түүхийн нарийн ширийн зүйл маш их байна. Ялангуяа Монгол-Японы харилцааны түүхэн үйл явдалд оролцож байсан, оролцож буй хүмүүст төдийгүй уг түүхийг судлах ажилтай түүхч нар болон оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг бичиж үлдээгээд, дүгнэж цэгнэсэн нь сонирхолтой санагдсан.

Тухайн үед манай улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн  харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ зүйл байсан байна. Манай улс 1973 он хүртэлх хугацаанд аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх г.м-ийн үйл ажиллагаа явуулж ирээгүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан. Тэр тусмаа Монгол-Японы анхны эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын байдлын хувьд түүхийн нилээд онцгой цаг үед, хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд гарч ирсэн хоёр талын аль алинд нь цоо шинэ хандлага, хэлбэр бүхий сонирхолтой бөгөөд нарийн төвөгтэй үйл ажиллагаа байжээ. 

Тийм амаргүй нөхцөлд Японы засгийн газрын “Буцалтгүй тусламж” (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь ҮҮСГЭН ХЭРЭГЖҮҮЛСЭН нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны ТҮҮХЭН ЭХЛЭЛ гарцаагүй мөн билээ.

Энэ ТҮҮХЭН ҮЙЛ ХЭРГИЙГ БҮТЭЭЛЦСЭН хүмүүсийн нэгээхэн хэсэг, аавтай маань гар нийлж хамтарч ажиллаж байсан ахмадууд, энэ түүхт төслийн шугамаар Япон улсад суралцаж ирсэн анхны оюутнууд энэ Дурсамж уулзалтад ирж оролцож байгаад би маш их баярлаж, бахдаж, Та бүхнээрээ бахархаж байна. 

Та нарын маань эхлүүлсэн үйл хэрэг улам бүр хөгжин дэвжсээр өнөөдрийн СТРАТЕГИЙН түншлэлийн хэмжээнд хүрч Монгол Улс өнөөдөр Япон улсаас зөвхөн тусламж авдаг бус бүр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх чадамж бүхий Стратегийн Түнш улс болсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Бид цаашдаа Японы шилдэг техник, технологийг нутагшуулахыг зорих төдийгүй мөн япон хүний эрхэлсэн ажилдаа няхуур нямбай, чамбай чадамгай ханддаг сэтгэл, зүтгэл, ухаан сэтгэлгээ, ур чадварыг өөриймшүүлэх талаар ч хичээх ёстой.

Хамтын ажиллагааны ийм өндөр шатанд хүрэхэд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн яаж тусалж дэмжиж ирснийг бид мартах учиргүй! Монголчуудад хүнд үед нь ямар тусламж хэрэгтэй байсныг хамгийн сайн ойлгож, бодит ажил хэрэг болгож байсан нь үе үеийн Японы Элчин сайдууд, ЭСЯ-ныхан гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Энд цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Эрхэмсэг ноён Элчин сайд Шимизү болон Японы ЭСЯ-ныхандаа бүгдээрээ халуун талархал илэрхийлцгээе. Энэ сайхан уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэн халуун дотно ярилцаарай” хэмээсэн юм. 

Энэхүү номд олон нийт огт мэдэхгүй, эсвэл эндүү ташаа ойлголттой байсан бодит түүхийн нарийн ширийн зүйл маш их байдаг байна. Ялангуяа Монгол-Японы харилцааны түүхэн үйл явдалд оролцож байсан, оролцож буй хүмүүст төдийгүй уг түүхийг судлах ажилтай түүхч нар болон оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг бичиж үлдээгээд, дүгнэж цэгнэсэн нь сонирхолтой юм.

Тухайн үед манай улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ зүйл байсан байна. Манай улс 1973 он хүртэл аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх гэх мэт олон үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан. Тэр тусмаа Монгол-Японы анхны эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын байдлын хувьд түүхийн нилээд онцгой цаг үед, хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд гарч ирсэн цоо шинэ хандлага, хэлбэр бүхий сонирхолтой бөгөөд нарийн төвөгтэй үйл ажиллагаа байжээ. 

Тийм амаргүй нөхцөлд Японы засгийн газрын “Буцалтгүй тусламж” (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл гарцаагүй мөн ажээ.

Энэ түүхэн үйл хэргийг бүтээлцсэн хүмүүсийн нэгээхэн хэсэг, “Говь” үйлдвэрийг байгуулахад гар бие оролцож, хамтарч ажиллаж байсан ахмадууд, энэ түүхт төслийн шугамаар Япон улсад суралцаж ирсэн анхны оюутнууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү болон Японы ЭСЯ-ныхан энэ дурсамж уулзалтад оролцлоо.