БХБ-ын сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Сайдын зөвлөх Л.Цээсүрэн, Үл хөдлөх хөрөнгө, зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаа, ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид нар оролцов.Уулзалтын үеэр Талууд хоёр орны түүхэн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэн барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд З.Баянсэлэнгэ барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлууд болох Барилгын тухай хуулийн шинчилсэн найруулгын төслийг батлуулсан, ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь болгож бууруулах, малчдын өвөлжөөний газрын кадастрын зургийг хийлгэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж 1029 айлыг хамруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Элчин сайд Герхард Тийдеманн манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа Засгийн газрын болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа улам эрчимжиж байгааг тэмдэглэн, сайд З.Баянсэлэнгийн ХБНГУ-ын Заксон Анхальт муж улсад хийсэн айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг онцлож, сайдын эхлүүлсэн ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Элчин сайдын зүгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.