Айхтар
2016.02.04

Айхтар

Хятадын төв банк бодлогоо эргэн харж, юанийн ханшийн хэлбэлзлэлийг удирдах, зохицуулах, одоогийн зохицуулалтаа өндөрсгөх хэрэгтэй гэж олон улсын ажиглагчид зөвлөж байна.

2012 оны дөрөвдүгээр сард юанийн ам.доллартой харьцах ханшийн хэлбэлзлийн хэмжээг өмнөх 0.5%-аас нь 1% болгон өөрчлөхөө Хятадын Төв банк мэдэгдэж байсан. Энэ нь юанийн ханш зүй зохистой, тэнцвэртэй түвшинд ойртон очиход тодорхой түлхэц өгсөн нь тухайн үед зөвдөж байлаа.

2005 онд валютын ханшинд өөрчлөлт оруулж эхэлснээс хойш юанийн ам.доллартой харьцах ханш 30 орчим хувиар өссөний улмаас Хятадын худалдааны баланс жил дараалан тогтвортойгоор буурчээ. Гаалийн тоо баримтад дурдсанаар, 2011 онд Хятадын худалдааны баланс 155 тэрбум 140 сая ам.долларт хүрч байжээ.

АНУ-ын конгресст танилцуулсан Сангийн яамны хагас жилийн тайланд Хятад улс юанийн ханшаа бууруулах үүднээс дорвитой алхам хийх шаардлагатай байна гэж тэмдэглэжээ. Юанийн ханшийг зохицуулах нь АНУ, БНХАУ хоёр улсын харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байна.

Хятад юанийн ханшаа бодит биш зохиомлоор барьдаг болохыг Америкийн шинжээчид илрүүлж, үүнд ихээхэн ундууцдаг.

2012 оны арваннэгдүгээр сард Хятадын төв банк, хамтран ажилладаг 20 орчим банкны валютын нөөцийг хагас хувиар хорогдуулж, эдийн засгийн өсөлтийг сааруулахгүйн тулд зээлийн нийлүүлэлтийг нэмэхээр шийдсэн. Энэ нь ч оновчтой шийдвэр байж, эдийн засаг нь тодорхой хэмжээнд тэлсэн. Том зах зээл учраас нэмэгдэхүйц гэх нь арай хөөрөгдсөн дүгнэлт болно.

2011 оноос эхлэн Хятадын төв банк дотооддоо шинэчлэл хийж, валютын тогтвортой бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байжээ. Валютын уян хатан бодлогын үр нөлөөгөөр эдийн засгаа өсгөх, бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшинг тогтвортой барихыг зорьж байна.
Хятадын мөнгөний бодлогын дөрвөн гол чиглэл нь инфляцийг доогуур түвшинд хадгалах, эдийн засгийн өсөлтийг нэмэх, ажилгүйдлийг бууруулах, олон улсын төлбөр тооцооны системийг тогтворжуулах юм.

Одоогоор тус улсын төв банкны шинэчлэлийн хүрээнд юанийн ам.доллартай уясан ханш харьцангуй савлагаа багатай болж, олон улсын валютын зах зээлд юан тодорхой байр суурь эзэлсээр байна. Гэхдээ үе, үе юанийн ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах алхмууд хийсээр байгаад шүүмжлэлтэй ханддаг хэвээр. Тиймээс Барууны орнууд Хятадад шахалт үзүүлдэг. Харин Хятадын төв банкнаас юанийн ханшид уян хатан бодлого баримтлахаа илэрхийлдэг.

Юанийн ханшийн өөрчлөлт дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид төдийгүй хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Тэр дундаа Монгол Улсад. Хятад улс юанийн ханшаа удаан хугацаанд харьцангуй тогтвортой барьж ирсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээдэг.

Тэр хэрээр Хятад руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь сайн мэт боловч урт хугацаандаа тус улсын эдийн засаг энэ бүхнийг шингээх чадваргүй болох магадлалтай гэж олон улсын шинжээчид үздэг. Учир нь хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дотоодод валютын нийлүүлэлт мөн төдий хэмжээгээр нэмэгдэж байгаа тул зүй нь ам.долларын ханш суларч, түүний эсрэг юань чангарснаар валютын зах зээл нь тэнцвэржих ёстой.

Гэтэл Хятад улс ханшаа хүчээр тогтмол барьсаар байвал ойрын ирээдүйд юаньд эрэлтээс үүдсэн дарамт бий болж энэ нь улмаар инфляци үүсэх магадлалтай юм.