Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2016.02.01

Нийслэлийн МАН-ын хороо зудтай аймгийнханд туслахыг уриалав

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс дээрх уриалгыг гаргалаа. Тус намын хорооноос зудтай байгаа аймаг сумдад туслахыг нийт монголчууддаа хандан уриалсан юм. Мөн нийслэлд байх нутгийн зөвлөлүүд энэ асуудалд анхаарч хамтарч ажиллахыг ч мөн энэ үеэр уриалав. Нийслэлийн МАН хорооноос өнгөрсөн оны зургадугаар сарын 22-ноос эхлэн иргэдийг нийгэмд чиглүүлсэн хүмүүнлэгийн ажилд уриалж, “Бид хамтдаа сайн үйлсийн аяныг зохион байгуулсан ажээ

. Сайн үйлсийн хандивын аяны хүрээнд хуримтлагдсан мөнгө болон эд барааг, зорилтот бүлгийн айл өрх, хүүхэд багачуудад тусламж, дэмжлэг үзүүлэхэд зориулсан аж. Энэ талаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй.

“Монгол Улсын Морин хуурын чуулга болон “Цэцээ гүн” роторакт клубтэй хамтран 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон нэг оюутанд хоёр сая төгрөг нийт 20 сая төгрөгийн тэтгэлэг өгсөн. Мөн “25 дугаар суваг” телевизээс санаачилсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авах сайн үйлсэд нэгдэж, хандив өргөсөн. Мөн олон хүүхэдтэй есөн гэр бүлийн амьдрал ахуйтай танилцаж нэг сарын ахуйн хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүн өгч тусалсан” гэлээ.

Иймээс тус намын хороо энэхүү хандивын аянаа цааш үргэлжлүүлэхээр олон ажил төлөвлөөд байгаа аж. Үүний нэг нь зудтай байгаа аймаг сумынханд тусалж, хэрэгцээтэй байгаа зүйлийг нь өгөх санаачилга юм байна. Үүний тулд нийслэлийн иргэд идэвхтэй оролцохыг тус намын хорооноос уриаллаа. Өнөөдрийн байдлаар манай орны 18 аймгийн 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудархуу байгаа ажээ. Бүх нутгаар цасан хучилга 10-40см үүссэн бөгөөд цаашид хүндрэх төлөвтэй байгаа аж.

Дашрамд дурдахад, тус намын хороо энэ оноос эхлэн нийслэлийн 152 хорооны иргэдтэй уулзах ажлыг эхлүүлжээ. Мөн түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН- ын хорооны дарга Ц.Сандуй ОХУ-д саяхан хийсэн албан айлчлалын үеэр Нэгдсэн Орос намын бүсийн нарийн бичгийн дарга бөгөөд Москва хотын намын хорооны дарга О.А. Смолкинтай уулзаж, хоёр хотын намын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон байна.