Хүүхдийг малд бүү явуулаарай
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 50 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 120 сум “Цагаанаар зудархуу” байгааг мэргэжлилтнүүд тогтоожээ. Цаашид ч нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орох төлөвтэй байгаагийн дээр их хүйтрэлт олон хоног үргэлжилснээс өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Маргаашаас эхлэн цаг агаар таагүй байх төлөв гарчээ. Маргааш буюу нэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах бөгөөд 15-ны өдрөөс хүйтний эрч чангарч, Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 42-48 хэм, өдөртөө 28-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байх ажээ.
Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замд гарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахууны нөөцтэй явах, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртээ орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн хэт галлах, пийшин зуухны буруу галлагаа зэрэг санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх, цас орж замын халтиргаа, гулгаа үүсч, зорчих хөдөлгөөнд саад учрах, зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох зэрэг эрсдэл учирч болзошгүй тул иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг ахуй, амьдралдаа хэрэглэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.