Асуудлыг ажил болгосныхоо төлөө АН дандаа хардуулдаг
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.01.29

Асуудлыг ажил болгосныхоо төлөө АН дандаа хардуулдаг

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. “ҮЗХ-ны хуралдаан зарласан өдөр Ардчилсан хүчний холбооныхноос бусад фракцийнхан ирээгүй байсан нь Ардчилсан намын фракциуд эв түнжингүй байгаагийн илрэл. Нөгөөтэйгүүр, З.Энхболд дарга намын дарга болсныхоо дараа анхны ҮЗХ-ны хуралдаанаа зохион байгуулж чадсангүй” гэсэн шүүмжлэл гарч байна. Та Ардчилсан хүчний холбооны тэргүүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

- Манай намын дарга фракцилах асуудлыг албан ёсоор халах санал гаргасныг манай намынхан хүлээж авсан. Тэр ч утгаараа нэг цул болж чадаж байгаа. ҮЗХ-ны хуралдаан товлосон өдөр ҮЗХ-ны гишүүд бүгд цугласан. Хурал эхэлснийг зарлахад ирц 80 орчим хувьтай байсан. Хаалттайгаар зарласан болохоор хэвлэл, мэдээллээр гараад байгаа шиг цөөн хүн ирээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хуралдаан болохоос өмнө үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах нь зүйтэй юм гэдэг дээр харилцан тохиролцоод хойшлуулах шийдвэрийг намын дарга гаргасан байгаа.

-Тодорхойгүй хугацаагаар уу?

-Тийм. Тодорхой асуудлуудыг шийдсэний дараа хурлыг зарлахаар болсон. Гэхдээ ойрын хугацаанд ҮЗХ-ны хуралдааны товыг зарлах байх.

-Засгийн газрыг огцруулах асуудлаас болж ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсан гэдэг мэдээлэл гарсан. Ардын намынхан Засгийн газрыг огцруулах дээр санал нэгдсэн байгаа. Та Засгийн газрын гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурь баримталж байна вэ?

-Нийгэмд тогтворгүй байдлыг бий болгох сонирхолтой хүмүүс олон байгаа нь ингэж илэрч байгаа юм. Улстөрчдийн ярьдгаар энэ хүмүүсийн хаврын синдром нь арай эрт эхэлчихэж байгаа юм болов уу. Улс орны амьдралыг тогтворгүй байлгах, олон түмний дунд бухимдлыг бий болгож, хөөрөгдөх зорилготойгоор л Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөн гэж бодож байгаа. Ардын намынхны хувьд өөрсдөө энэ асуудлыг өдөөчихөөд завсарлага авсан. Үүнийг нь цаг хожиж, сунжруулж, Засгийн газар тогтворгүй байгаа мэт ойлголтыг олон түмэн болон дэлхий нийтэд төрүүлэх гэсэн тактик баримталж байна л гэж хэлэх байна.

-Ардын намынхны хувьд УИХ дахь нийслэлийн мандатын тоог нэмэх асуудлаас болж ийм бойкот хийж байна гэсэн мэдээлэл гарсан. Та үүнийг хэрхэн дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, та нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд УИХ дахь нийслэлийн мандатын тоог нэмах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилал бол бүх ард түмний төлөөлөл. Энэ ч утгаараа Монголын ард түмнийг 76 гишүүн УИХ-д төлөөлж, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө хууль санаачилж, баталж явдаг. Тодруулбал, 20-30 мянган сонгогчтой тойргоос 1 хүн сонгогдож байхад 200-300 мянган сонгогчтой тойргоос мөн л ялгаагүй 1 хүн сонгогдож байгаа нь харьцангуй байгаа биз дээ. Үүнээс болж сонгуулийн тэнцвэртэй байдал, төлөөлийн ардчилал алдагдаж байгаа юм. 1 сая гаруй хүнтэй хотыг УИХ-д 14 гишүүн төлөөлж байхад мөн л ийм тооны сонгогчийг орон нутгийнх гээд 20-30 хүн төлөөлнө гэдэг шударга биш. УИХ дахь нийслэлийн мандатын тоог нэмнэ гэдэг бол хүн амынхаа тоонд харьцуулаад төлөөллийнхөө тоог тэнцвэржүүлье л гэсэн бодлого шүү дээ. Түүнээс биш аль нэг намд ашигтай, ашиггүйн тухай асуудал гэж ойлгох нь эмгэнэл. Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Ер нь Ардчилсан нам л олон жил яригдсан ч хэрэгждэггүй асуудлыг үйл хэрэг болгодог юм. Түүнийхээ шанд баахан муулуулж, хардуулж, сэрдүүлдэг шүү дээ.

-Тухайлбал?

-Хар машинаар санал луйвардах гэж байна гээд л яриад байх юм. Тэр чинь ердөө л боловсронгуй скайнер гэдгийг бүгд л мэдэж байгаа. Үүнийг хүн болгон шалгаад янз бүрийн но байгаа юм бол илрүүлэх бүрэн боломжтой. Энэ бүхнийг ч нээлттэй л тавьж байгаа. Тэр ч бүү хэл туршилтын тооллого хийж үзүүллээ. Шалгая гэвэл Сонгуулийн ерөнхий хороон дээр байж л байна. Хав дараад нуучихаад шалгуулахгүй байгаа асуудал огтхон ч байхгүй шүү дээ.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн хэсгийн хороо байгуулахдаа төрийн албан хаагчдаар баг бүрдүүлнэ гээд эхлэхээр Ардын намынхан одоо юу гэж байгааг та нар анзаарсан л биз дээ. Улс төрийн намуудын төлөөлөл заавал байх ёстой гэж яриад эхэлсэн. Би өнгөрсөн хугацаанд олон сонгуульд оролцож байсан хүний хувьд Ардын намынхан яагаад ингэж яриад байгааг тодорхой хэмжээнд мэдэж байна. Шуудхан хэлэхэд тэд гараар тоолох гээд улайраад байгаагийн гол технологи нь дээд зэргийн нарийн зохион байгуулалттайгаар луйвар хийдэгт байгаа юм.

-Ардчилсан нам олон жил ярьсан зүйлийг ажил хэрэг болгодог гэж та хэллээ. Үүний нэг жишээ нь хүүхдийн мөнгө. Энэ бүхнийг танай нам эхлүүлчихээд “Мөнгө хэмнэхийн тулд хүүхдүүдээ ялгаварлалаа” гэдэг шүүмжлэлд нэлээд өртсөн. Хүүхдийн мөнгийг хасч, улсын төсвийг хэмнэх санаачилга гаргасан хүнтэй уулзсаных үүнээс өөрөөр мөнгө хэмнэх арга байгаагүй юм уу гэж асуух гэсэн юм?

-Саяхан л “Монгол халамжийн улс боллоо. Халамж хавтгайрлаа. Улстөржсөн халамж Монгол Улсыг залхуучуудаар дүүргэж, баялаг бүтээгчид үгүй боллоо” гэсэн шүүмжлэл байсан шүү дээ. Үүний дагуу 2013 онд дэлхийн банкны санхүүжилтээр орлогыг орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны түвшин тогтоох судалгаа явуулсан. Судалгаанд Монголын нийт өрхийн 86 хувь нь хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт өрхийг 20 бүлэгт хувааж, амьжиргааных нь түвшинг тогтоосон байгаа. Судалгаанд оролцоогүй 14 хувийн 50 хувь нь гадаадад байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол үлдсэн нь судалгаанд оролцохоос шууд татгалзсан. Төрөөс үзүүлж байгаа халамжийг зорилтот бүлэгт хүргэхийн тулд ийм судалгаа хийж, мэдээллийн бааз бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, улстөрчид хийгээд эрх мэдэлтнүүдийн өнгө үзэмжээр олгодог байсан хавтгайрсан халамжийг халж, зорилтот бүлэгт хүргэхийн тулд энэ судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Тодруулбал, сумын Засаг дарга аль намынх байхаас хамаарч, таалагдсан, тойрон хүрээлдэг хүмүүст нь олгодог байсан халамжийг цэгцэлж, хэн нэгний оролцоогүйгээр шууд олгох системийг бий болгохоор зорьсон. Уг мэдээллийн санг баталгаажуулах судалгааг тодорхой давтамжтайгаар хийж, төр иргэндээ хүргэх халамжаа шууд өгдөг тогтолцоонд орж байгаа юм. Одоо хэн нэгэн Засаг даргаас үл хамаарах, Засаг даргаас тодорхойлолт авах шаардлагагүйгээр төрийн байгууллагууд манай үүсгэсэн мэдээллийн сан руу ороод л тухайн газарт халамж авах шаардлагатай хүнээ тодорхойлчихдог болж байна.

Хүүхдийн мөнгөний тухайд Сангийн яамнаас манайд санал ирүүлж, мэдээллийнхээ санг ажилд оруулж, үр ашгийг нь гаргаач гэсэн. Энэ дагуу 2 яамнаас ажлын хэсэг гаргаж, асуудлыг судалж үзээд судалгааны дагуу 17-20 хүртэлх түвшний ангилалд багтсан айлын хүүхдийн мөнгийг эрэмбэлэх тухай саналыг гаргасан. Гэхдээ судалгаанд хамрагдаагүй хүмүүс нөхөж хүсэлт гаргаад 1-17 түвшинд байх юм бол хүүхдийнхээ мөнгийг авах зохицуулалт хийж, Засгийн газраар батлуулсан юм. Гэтэл энэ асуудал дээр улс төр хийгээд эхэлсэн. Нөгөөтэйгүүр, зорилтот бүлэгт халамж хүргэх бодлогыг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл иргэдэд байгаагүй учраас “ялгаварлан гадуурхаж байна” гэсэн хийрхэлд бүгд орчихсон байсан. Үнэндээ бол ямар ч ялгаварлан гадуурхах асуудал байгаагүй.

Судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэгдсэн өрхүүд хүүхдийн мөнгийг авдаггүй, санд гацаачихдаг байсан. Санд байгаа мөнгийг зөвхөн зориулалтаар нь ашиглах ёстой байдаг учир л эргэлтэд оруулах гэж ийм алхам хийсэн. “Гэтэл угаалгын машин, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгө авахгүй юм байна” гэсэн мэдээллийг зохион байгуулалттай тарааж эхэлсэн. Энэ чинь дэлхийн банкнаас боловсруулсан маш нарийн 47 үзүүлэлтээр гаргасан судалгаа. Зөвхөн манай улсад хэрэгжиж байгаа төсөл биш. Маш олон буурай оронд хэрэгжсэний үндсэн дээр зорилтот бүлэгт халамжийг жинхэнэ утгаар нь хүргэчихээд байгаа юм. Гэхдээ энэ асуудал Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж, цуцлагдсан.

-Хүүхдийн мөнгийг хэвээр нь олгоход санхүүжилт байхгүй гээд байгаа шүү дээ?

-Санхүүжилтийн тал дээр ямар ч асуудал байхгүй. 144 тэрбум төгрөг батлагдсан нь 8 дугаар сарыг дуустал олгоход бүрэн боломжтой. Тэгээд ч 2015 оны УИХ-аар батлагдсан 103 дугаар тогтоолын 3 дахь заалтад хүүхдийн мөнгөний санхүүжилт дутсан тохиолдолд төсвийн тодотголоор шийдэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон. Тэгэхээр Ардын намынхны яриад байгаа шиг асуудал гарахгүй.

-Сүүлийн үед тантай холбоотой нэлээд олон мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барих байсан ч санхүүжилтийг нь хувьдаа завшсан гэх юм. Энэ ямар учиртай асуудал болов оо?

-Аливаа зүйлийг нотлох баримтгүй, үнэн худлыг нь мэдэхгүйгээр хүний нэр төрд халддаг. Юм хийж бүтээх гээд явж байгаа хүний хүсэл эрмэлзлийг нь мохоодог муухай зан манайханд байдаг. Ер нь ажил хийсэн хүн болгон л хэл аманд орж, муу муухайгаар хэлүүлдэг болчихож. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үндэсний хөгжлийн төвийг байгуулах ажлыг 3 жил орчим хөөцөлдөж байж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын эрхийг авч чадсан. Одоо энэ барилгын зураг төслийн ажил үндсэндээ дууссан. Хятадын талаас бидэнд зураг төслөө ирүүлж, урьдчилсан байдлаар санал авсан. Хятадын тал тендер зарлаж, гүйцэтгэгч компаниа шалгаруулна. Монголын талаас 2.8 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт суулгасан. Энэ мөнгөөр инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, цахилгааны холболтыг хийх юм.

Дээр нь газрын асуудлыг Монголын тал хариуцаж байгаа. Нийт 3 га газрыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт аваад үндсэндээ бүх зүйл болсон. Сонсголонгын гүүрний тэр хавьд Туул голын эрэг дээр байрших юм. Нэг ээлжиндээ 300 орчим хүүхэд хүлээж авч, эмчилгээ, үйлчилгээ, асрах, хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлэх төв байгаа. Тиймээс Хятадын Засгийн газраас энэ асуудалд зарцуулах мөнгийг өөрсдөө бүрэн хариуцаж хийнэ. Тэр ч бүү хэл төвд ажиллах 150 хүртэлх хүний мэргэжил дээшлүүлэх ажлыг ч хариуцах үүрэг хүлээж байгаа.

-Тэгэхээр хэл амны бай болоод байгаа “Шонхор тауэр” хэмээх барилга барьсан газар анхнаасаа дээрх зориулалтаар олгогдоогүй гэсэн үг байх нь ээ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжид тэр газрыг өгөхдөө хүүхэд залуучуудын Төгс эрдэм сангийн сургалт үйлчилгээний зориулалтаар ашиглах барилга барихаар гэж заасан байдаг юм. Төгс эрдэм сан байгуулагдаад 10 хэдэн жил болж байгаа, хүүхэд залуучуудын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ шүү дээ. “Шонхор тауэр” чинь Төгс эрдэм сан, бусад аж ахуйн нэгжтэй хамтарч барьсан барилга шүү дээ.

-Та нийтлэлч Баабарыг өөрийн тань “нэр төрийг гутаасан учир уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана” гэж байсан. Гэтэл таниас уучлалт гуйх нь бүү хэл улам дайрч давшилж байна. Та энэ асуудлыг хэрхэн зохицуулах гэж байна вэ. Хуулийн байгууллагад хандсан уу?

-Хамгийн сүүлд бичсэн нийтлэлдээ дахиад л алдаа хийсэн байна билээ. Тэр яриад байгаа ахмадын амралт, сувилал, сонсголын аппратанд нь нийгмийн даатгалаас ямар ч мөнгө гардаггүй юм шүү дээ. Ямар ч судалгаагүйгээр, намайг л муулахын тулд зохиол бичээд байх юм. Гэхдээ тэрийгээ ярихдаа над руу л дайрна биз дээ. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа бүхэл бүтэн байгууллагын 1000 гаруй ажилтан, албан хаагчдыг давхар гутаах гээд оролдоод байх юм. Би өнөөдөр Нийгмийн даатгалын байгууллагынхныг яагаад ингэж хамгаалж байна вэ гэхээр, төсвийн 4/1 хувийг тэд бүрдүүлж байна.

Татвар, гаалийнхан төсөв бүрдүүлэх л үүрэгтэй. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага 5 сангийн орлогыг бүрдүүлж, тэр 5 сангаараа эргүүлээд үйлчилгээ үзүүлдэг. Хүний эхийн хэвлийд бий болох цагаас нь эхлээд л жирэмсний, амаржсаны тэтгэмж олгож эхэлдэг. Үйлдвэрлэлийн осолд орох, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бурхан болоход нь оршуулгын тэтгэмжийг нь олгодог байгууллага шүү дээ. Ийм ачаалалтай ажилладаг байгууллагын ажилтнуудыг гутаах гэж оролдоод нотолгоогүй гүтгэж байгаа нь харамсалтай. Өнөөдөр хүмүүс ярьж, бичиж байгаа юмаа мэдэж ярих, бичих хэрэгтэй. Өнөөдөр сонсголын аппаратыг хэн олгодог юм. Халамжийн сангийн хөрөнгийг зарцуулах эрх мэдэл аймаг, нийслэлийн Засаг даргын санхүүгийн багцад байдаг юм. Тэр мөнгө миний багцад байхгүй. Энэ бүхнийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлээд шилжүүлчихсэн шүү дээ. Миний хувьд нийтлэлч Баабартай зууралдаад байх сонирхол ч, шаардлага ч алга. Холбогдох байгууллагууд нь асуудлаа ном журмаар нь тавиад явбал явна биз. Энэ бол надад хамаагүй асуудал л гэж хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.