Н.Жавхлан: Хүн болгон үргэлж "Гэрэлт цамхаг" мэт гэрэлтэж бай
2016.01.12

Н.Жавхлан: Хүн болгон үргэлж "Гэрэлт цамхаг" мэт гэрэлтэж бай

Залуусыг уулзуулж, учруулдаг олон нийтийн сүлжээний нэг бол яах аргагүй "BizNetwork" байлаа. Олон нийтийн сүлжээ гэгч ойлголт төдийлөн дэлгэрээгүй байх үед Монголдоо түүчээ болж байсан энэ үйлчилгээг мэдэхгүй залуус ховор биз. 

Тэд өнөөдөр эгнээндээ та биднээс эхлээд нийт 175 мянган хүнийг нэгтгэсэн мэргэжлийн сүлжээ болоод байна. Үнэнийг хэлэхэд Монголд онлайн бизнес хийх тийм ч таатай биш. Гэхдээ энэ дунд хөлөө олсон нэгэн эрхмийг "Өглөөний хүн" онцолж байна. 

Тийм ээ энэ бол ТАНИЛ ЧУХАЛ - "BizNetwork Consulting" компанийн Гүйцэтгэх захирал Н.Жавхлан. Түүний ярилцлагаас Та өнөөгийн манай нийгмийн ХАМГИЙН ЧУХАЛ асуудал болсон ажилтан, ажил олгогч нарын ээдрээтэй олон зангилааны үзүүрээс тайлах болов уу. Мөн АМБИЦ их хэн бүхний мэдэх ёстой гэрэлт цамхагийн онолын сэжүүрээс олж мэдээрэй. 

Ингээд iKon.mn сайтын шинийг санаачлагч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал "Өглөөний хүн"ярилцагын булангийнхаа ээлжит зочныг хүлээн авна уу. 

Энэхүү ярилцлагыг "BEST WESTERN PREMIER TUUSHIN" зочид буудлын 25 давхарт хийлээ. Ярилцлага хийх боломжоор хангаж өгсөн тус зочид буудлын хамт олонд талархсанаа илэрхийлье.

"АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРААС ИЛҮҮ ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГЫГ ХАМГИЙН ИХ ЧУХАЛЧИЛЖ ҮЗДЭГ БОЛСОН"

- Онлайн зах зээлд амжилттай ажиллаж байгаа цөөн хүний нэгийг өөрийг тань гэж боддог. 

- Баярлалаа. Монголд амжилттай онлайн бизнес олон бий. 

Манай сүлжээний хувьд анх бий болж байх үед дотоодод онлайн форумууд түлхүү байлаа. Тиймээс бидний хийсэн зүйл олон нийтийн сүлжээ гэдэг утгаараа анхдагчдын нэг болж чадсан. 

Харин 2009, 2010 оноос Facebook зэрэг олон нийтийн сүлжээ хүчээ авсан. Тиймээс нийгэмдээ байр сууриа эзэлсэн, чадварлаг хүмүүсийн нэгэнт бий болсон сүлжээг бид илүү бизнес загвар руу нь шилжүүлсэн. Байгууллагуудын хүний нөөцийн эрэлтийг анхаарч үзээд энэ чиглэлд үйл ажиллагаагаа мэргэшүүлж ажиллаж байна. 

Энэ маань ч Монголд анхдагч хоосон зах зээл байсан учраас бидэнд олон боломж олгож байсан. Тухайн үед бидний гол өрсөлдөгч сонингууд байсан. Байгууллагууд сайтад ажлын байрны зар тавина гэдэг ойлголт байдаггүй байлаа. Тиймээс хүмүүсийн ойлголтыг өөрчлөх бэрхшээлтэй тулгарсан. 

- Танай сүлжээнд Монголын хүний нөөцийн талаарх багагүй сан бий болсон байх. Ажилгүйчүүд болон ажлын байрны зарын харьцааг харахаар их зөрүүтэй байдаг. Энэ байдал танай сүлжээнд хэрхэн ажиглагддаг вэ?

- Манай сайтад өдөр болгон дунджаар 150 орчим ажлын байрны зар зарлагддаг. Харин 1000 орчим хүн ажил хайгчаар анкет бөглөж байна. Тэгэхээр энэ бол хаа хаанаа эрэлт их байгаагийн шинж.

- Эрэлт, нийлүүлэлт их байгаа гол шалтгаан юу вэ?

- Хоёр гол хүчин зүйлтэй холбоотой. Нэг талаас ажил олгогч, аж ахуйн нэгжүүд маань орчин үеийн арга хэлбэрийг ашиглаж хүний нөөцөө тогтоох тал дээр ажиллахгүй байна. 

Нөгөө талд ажил хайгчид маань өөрсдийн мэдлэг, мэдээлэлгүйгээс болж сонголт нь амжилтгүй болох тохиолдол их байдаг. Ажилтай л болж байвал болоо гэсэн хандлагаар ханддаг. Ажилд орсны дараа тухайн компанийн ямар нэгэн зүйл нь таалагдахаа болихоор ажилдаа хандах хандлага буурдаг. Улмаар энэ эргэлзээ нь удирдлагатайгаа таарч, тохироход бэрхшээлтэй болгодог. Ингээд хоёр талдаа сэтгэл ханамж, үнэлэмж буурчихаар ажлаас гарах буюу хүний нөөцийн урсгал их болоод байна. Үүнээс үүдэж хоёр талд эрэлт их байна. 

- Дийлэнх зарлагдаж байгаа ажлын байрны зар ямар мэргэжил, албан тушаал байдаг вэ. Сонирхолтой зүйлүүд ажиглагддаг байх. 

- 2010, 2011 он буюу эдийн засаг эрчимтэй өсч байх үед компаниудийн үйл ажиллагаа томорч, өргөжиж байлаа. Энэ үед чадварлаг сайн хүний нөөцийн менежерүүдийн эрэлт, хэрэгцээ өндөр байсан. 

Харин 2013 он гараад ам.доллар өсөөд эдийн засгийн өсөлт удаашраад, тогтворжоод ирэхээр компаниуд илүү их борлуулалт, маркетингийн тал дээр анхаарч сайн маркетинг, борлуулалтын менежер ажилд авна гэсэн зар их болж байх жишээтэй. 

2013 он гараад ам.доллар өсөөд эдийн засгийн өсөлт удаашраад, тогтворжоод ирэхээр компаниуд илүү сайн маркетинг, борлуулалтын менежер ажилд авна гэсэн зар их болж байх жишээтэй. 
 

Хүний нөөцийн эрэлтийг харахаар яг манай зах зээл хаашаа явж байна вэ гэдгийг шинжлэн харах боломжийг өгдөг. 

Уул уурхай эрчимтэй хөгжиж байх үед жишээ нь хөдөлмөр хамгааллын инженер хамгийн их эрэлттэй мэргэжил болж байсан. Хуулиараа заавал байх ёстой ажлын байрны нэг болохоор хөдөлмөр хамгааллын инженер, геологич гээд нарийн мэргэжлүүд  их эрэлттэй. Үүнийг дагаад Монголд сайн боловсон хүчин “агнах” (head hunting) буюу чадварлаг ажилчдыг олох, татах компаниуд байгуулагдаж эхэлсэн. Хүнээрээ өрсөлдөхийн тулд ийм компаниуд руу хүний нөөцийнхөн ч хандах хандлага багагүй ажиглагдаж байсан. 

- Цаг үеэсээ үл хамаарсан хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг нэрлэхгүй юу?


- Дэлхийн хандлагыг харсан ч, дотоодын мэдээллийг үзсэн ч маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжил, ажлын байр тогтмол өндөр үзүүлэлттэй зарлагддаг. 

Сайн инженер, нягтлан, эдийн засагч, хуульч мөн хэзээ ч хасагдахгүй. Монголчууд ярьдаг “эдийн засагч, нягтлан, нярав, хуульч манайд хангалттай бэлтгэгдэж байна” гэдэг ч зах зээлд ийм мэргэжлүүдийн эрэлт ерөөсөө буурахгүй л байгаа. 

Эрэлттэй ажлын байрны жагсаалтаас бизнесийн удирдлага, сайн инженер, нягтлан, эдийн засагч, хуульч хэзээ ч хасагдахгүй.
 
- Энэ дунд чадавхийн асуудал яригдах байх. 

- Тэгэлгүй яахав. Энэ нь шууд манай нийгмийн хөгжилтэй л холбоотой. Байгууллагуудын шаардлага өндөр болж байна. Үүнийгээ дагаад боловсон хүчнүүд чадавхижих хэрэгтэй болж байна. 

1960-70 оны үед Японы компаниуд англи хэлтэй л бол ямар ч хүнийг ажилд авдаг байсан. Тухайн үед Япон олон улсын зах зээлд гарах гээд л үзэж байсан үе. Харин Монголд 2004, 2005 онд англи хэлийг өндөр шалгуур болгож байсан бол одоо байх ёстой л мэдлэгийн нэг болчихсон. Цаг үеэ дагаад шалгуур, үзүүлэлтүүд өөрчлөгдөж, шинэчлэгдсээр л байна. 

- Тухайн хүний мэдлэг, боловсролоос гадна орчин үеийн компаниуд хүний нөөцийн шаардлагад ямар хувьсал, өөрчлөлт гарч байгаа вэ. Миний ажигласанаар хувь хүний зан төлөв рүү их чиглэж байгаа болов уу.

- Тийм ээ. Компаниуд тухайн хүний чадварыг л чухалчилж үздэг байлаа. Харин одоо чадвараас илүү хувь хүний хандлагыг хамгийн их чухалчилж үздэг болсон. 

Харин одоо чадвараас илүү хувь хүний хандлагыг хамгийн их чухалчилж үздэг болсон.
 Өмнө нь сайн инженер л байхад хангалттай гэж үздэг байсан бол одоо зөв хандлагатай “хийж бүтээе” гэсэн хүсэл, тэмүүлэлтэй хүн байх юм бол тэр хүнийг бид нар сургаад авчихна гэдэг болсон. Бизнесийн байгууллагууд маань өөрсдөө сургалт хариуцсан менежертэй болчихсон учраас хэрэгцээтэй ур чадваруудыг суръя гэж хүссэн хүн болгонд өгөх боломжтой болчихсон. 

Манай топ компаниудын нэг MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргалын ярилцлагыг харж байхад хүртэл сайн боловсон хүчин гэдэг бол сайн хандлагыг л хэлнэ гэж байсан. Тэгэхээр зах зээлийн шаардлага нь ийм болсон гэсэн үг. 

- Яг Монголчуудын хувьд энэ хандлагын тал дээр алдаж, онож байгаа бодит жишээ байвал ярьж өгөхгүй юу?

Монгол хүмүүсийг харахад удирдлагатайгаа тохирдоггүй байдал их ажиглагддаг. Ажлын байранд тогтвортой ажиллах гол үндэс компанийн удирдлагын үзэл, баримтлал тухайн хүний өөрийн үнэт зүйлтэй нийцэж байх нь хамгийн чухал. 

Хувь хүний өөрийн үзэл бодол зөрчилдөөн тухайн байгууллагын удирдлагатай мөргөлдөөд байхаар ажлын байранд тогтох хандлага бага байдаг. 

Тиймээс ажилд орох гэж байгаа хүмүүсд гол зөвлөдөг зүйл маань чамайг удирдах хүн чинь чиний хандлаганд нийцэх хүн байна уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй гэдэг. Зан төлвөөс гадна дадал, зуршил ч их нөлөөтэй. Тухайлбал, ажилтан нь асуудлыг маш их судалж, тэмдэглэж, бичиж шийддэг байтал дарга нь тэрийг хараад, хараад л маш хурдан шийдчихдэг бол энэ хоёрын дунд зөрчил үүсч эхэлдэг. Тийм учраас ярилцлаганд орж байхдаа өөрийг тань удирдах хүнээ судлах, мэдэх хэрэгтэй.Энэ хүнтэй зохицож ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг их чухал. 

Нөгөө талаас байгууллагын хүний нөөцүүдэд ч гэсэн өөрийнхөө болон компанийнхаа удирдлагын зан төлөв, хандлагатай нийцэж байгаа хүнээ л ажилд ав гэж зөвлөдөг. Ингэхээр хүний нөөц гэдэг маань илүү сэтгэл зүйн тал руугаа хөгжиж байгаа гэсэн үг. 

Гадаад хүн Монголд ирж СЕО хийгээд амжилттай ажилласан туршлага бараг байдаггүй юм билээ.
 
- Хүний нөөцийн тогтвортой байдал Монголд муу байгаа гэж ойлгож болох уу. Азид ялангуяа Японд гэхэд тухайн компанид аль болох удаан хугацаанд ажиллах тутам илүү их үнэ цэнэ нэмэгдэж байдаг бол баруун, тэр дундаа Америкт хамгийн сайн гэж амалсан ажлын байруудыг түүж ажиллах хандлагууд байдаг. Монголд яг ямар байдаг бол?

- Манай улсын хувьд хүний нөөцийн урсгал өндөртэйд тооцогдож байна. 

- Одоо Монголд гадаадад л сургууль төгсөөгүй бол “хүн биш” болчихсон юм шиг ойлголт байдаг. Үүнийг та мэргэжлийн хүний нүдээр хэрхэн хардаг вэ?

- Нэг судалгаанаас дурьдах хэрэгтэй байх. Гадаад хүн Монголд ирж СЕО хийгээд амжилттай ажилласан туршлага бараг байдаггүй юм билээ. Ийм судалгааны дүн уншиж байлаа. Тэгэхээр нэгдүгээрт,  гадаад хүн болгон мундаг биш. Монгол хүн гэдэг өөрөө их өвөрмөц хандлагатай. Ази хүн мөртлөө европ сэтгэхүй, арга барилтай. Гэхдээ 100 хувь европ биш.  Тиймээс гадаадад төгсөөд хэт их баруунжсан хүмүүс Монголд ажлын байранд ирэхээр зохицохгүй зүйлүүд гарч ирдэг. Гадаадад төгсөж ирсэн хүн болгон сайн гэсэн үг биш. 

Гэхдээ Монгол хандлагаа алдаагүй хүн сайн зүйл сурч ирээд түүнийгээ Монголын хөрсөнд амжилттай буулгаж байгаа олон сайхан туршлага бий. Энэ бол маш сайн зүйл. Ингэх чадваргүй олон ч хүн бас бий гэдгийг л санах хэрэгтэй. 

"АЖИЛ ГОРИЛОГЧДЫН ХАМГИЙН НИЙТЛЭГ АЛДАА АНКЕТАА ДУТУУ БӨГЛӨХ"

 

Н.Жавхлан: Бид гол нь нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж ажиллаж байна

- Ажлын байртай холбоотой мэдээлэл гэхээр яах аргагүй BizNetwork толгойд ордог болж. Анхдагч байхаас гадна өнөөгийн амжилтанд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

- Бид гол нь нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж ажиллаж байна. Нэг талаас ажилтай болох гэсэн хүмүүсийн эрэлт өндөр байна. Нөгөө талаас Монголын эдийн засаг хурдтай хөгжиж компаниуд өргөжиж хүний нөөцийн хэрэгцээ их хэвээр байна. 

Үүнээс гадна бид ажил хайж байгаа хүмүүсээс  хураамж, шимтгэл огт нэхдэггүй. Зөвхөн ажил олгогчид маань л ажлын байрны зараа тавьж хураамж төлдөг. Тиймээс бид ажил хайж байгаа хэн бүхэн өөрийгөө л сайн илэрхийлж чадвал боломжийг энэ тэнцүү өгчихсөнөөрөө сүлжээний маань онцлог. 

- Одоо танайд яг хэчнээн байгууллага ажлын байрны зар оруулж байгаа вэ?

- Өнгөрсөн таван жилийн хугацаанд 2000 гаруй байгууллагатай хамтран ажилласан. Яг өнөөдрийн байдлаар 1130 компанитай гэрээтэй ажиллаж байна. 

- Энэ танай зорьж байгаа зах зээлийн хэдэн хувь бэ?

- НӨАТ төлөгч аж ажуйн нэгжийн тоо 30 мянга хол давсан байна. Эдгээрийн 20 мянгыг бид гэр бүлийн компани гэж үзэж байгаа. Харин яг манай зорилтот зах зээл бол 10 мянган компани гэж үзэж байна. Тэгэхээр бид нар одоогоор ердөө 10 хувийг л сүлжээндээ оруулсан байна гэсэн үг. Цаашдаа хийх ажил их байна. Эхний ээлжинд бид 50 хувьд хүрэхээр зорьж байна. 

-  Төлбөр төлж ажлын байрны зараа оруулдаг компани 1130 гэсэн. Харин танай сүлжээнд нэгдсэн нийт хэчнээн хэрэглэгч байгаа вэ?

- Анкетаа үүсгэсэн 70 орчим мянган хүн байна. Яг бүртгэлтэй гишүүдийн тоо 175 мянга. 

- BizNetwork-р дамжиж хэчнээн хүн ажлын байртай болсон бэ. Ийм мэдээлэл байдаг уу?

- Ийм мэдээлэл гаргах боломжгүй. Яагаад гэхээр бид ажил хайгч нараас ямар ч төлбөр, тооцоо авдаггүй гэж дээр хэлсэн. Тиймээс тэдний нарийн мэдээлэл үлдэх боломжгүй юм. Гэхдээ манай сүлжээгээр дамжиж ажилтай, амьдралтай болсон хүмүүстэй алхам тутамдаа таарч байна. Гар утасныхаа төлбөрийг төлөх гээд "BizNetwork" гэхээр л “танайхаар дамжиж ажилд орж байсан. Баярлалаа” гэсэн найрсаг үгийг их сонсдог шүү. 

- Ажлын байрны зараас гадна ажил хайгчдын болон хүний нөөцийн менежерүүдийн боловсролд чиглэсэн зөвлөгөө, мэдээллүүд танай сайт, фэйсбүүк дээр чинь нь их байдаг. Хэрэглэгчийн боловсрол талд ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

- Ажил хайгч, ажлын байр олгогчдын шаардлага аль аль нь өндөр болж байна. Тиймээс энэ эрэлтийг хангахын тулд бид байнгын мэдээлэл, зөвлөгөөнүүдийг гаргадаг. Энэ бол үнэгүй үйлчилгээ. Нэг талаас энэ нь харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс нөгөө талаас нэг ч болтугай Монгол хүн ажилтай болоосой гэдэг үүднээс ийм үйл ажиллагаа явуулж байгаа.

- Энэ хүрээнд оюутнуудад, ажил хайгч нарт лекц уншдаг болсон гэж сонссон. Лекцийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

- Өнгөрсөн жилээс эхлээд МУИС, ШУТИС, ХААИС-ийн оюутнуудад хэрхэн  амжилттай ажлын байртай болох талаар яриа хийсэн. Үүнийг Хөдөлмөрийн төв бирж болон тухайн сургуулийнхантай хамтран зохион байгуулсан. Гол зорилго нь оюутнуудад мэргэжлийн мэдлэг байдаг ч хэрхэн ажилд орохоо мэддэггүй. Өөрийгөө илэрхийлэх чадвар сул байдаг. Тиймээс бид оюутнуудад хэрхэн ажил хайх, анкетаа зөв бөглөх, амжилттай ярилцлага хийх аргуудаас зааж өгч байна. 

Саяхан нэг томоохон компанийн хүний нөөцийн менежер “танайхаар орж ирж байгаа хүмүүсийн ярилцлагын бэлдэц маш сайн байгаа. Тиймээс бид нар яг хэн нь сайн хүн бэ гэдгийг ялгахад бэрх болж эхэлж байна” гэсэн. Тэгэхээр сургалт, зөвлөгөөнүүд маань үр дүнгээ өгч байгаан жишээ байх.

- Оюутнуудад унших лекц чинь энэ жил үргэлжлэх үү?

- Энэ жилийн уулзалтуудаа удахгүй эхэлнэ. Лекц авах сонирхолтой сургуулиуд маань манай сайт, фэйсбүүкээр холбогдох боломжтой. Миний зүгээс заал, танхимаа бэлдчих, цаг нараа тодорхой болгочихсон байхад үнэ хөлс гэхгүй туршлагаа хуваалцаж байгаа. / http://biznetwork.mn /

- Монгол хүний өөрийгөө илэрхийлэх чадвар нь арай бага хөгждөг юм шиг. Тиймээс төгсөгчдөд энэ бол их хэрэгтэй мэдээлэл болох байх. 

- Тийм ээ. Гадны орнуудад хүүхдүүд жишээ нь сүмд явах зэрэг олон нийтийн харилцаанд их орж өөрийгөө илэрхийлэх, таниулах чадвар нь илүү сайн хөгжсөн байдаг. Бид нарын хувьд их, дээд сургуульд сурч байхад хүнтэй хэрхэн харилцах, өөрийгөө илэрхийлэх зэргийг зааж, чиглүүлэх хүн байдаггүй. Тиймээс ч сургууль төгсөөд ажил олдохгүй бэрхшээлүүдтэй тулгардаг. 

- Таныхаар ажил горилогчдын гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

- Хамгийн их ажиглагддаг зүйл хүмүүс анкетаа ерөөсөө бүрэн бөглөдөггүй. Дутуу мэдээлэл очсон бол тухайн хүний талаар дутуу л ойлголт үлддэг. Дээрээс нь анкет бөглөхдөө үг, үсэг, найруулгын хувьд алдаатай бөглөх тохиолдол нийтлэг. Энэ зүйлсээс болоод үнэлгээ нь багасаад байдаг. 

Дээрээс нь анкет бөглөхдөө үг, үсэг, найруулгын хувьд алдаатай бөглөх тохиолдол нийтлэг.
 
- Амжилттай анкет бөглөх, үүсгэх туршлагуудаас хэлж өгөхгүй юу?

- Сүүлийн үеийн хандлага “Guerrilla marketing” буюу бусдаас ялгарах маркетингийн шинэ шинжлэх ухааны ойлголт бий болсон. Ажил горилогчийн CV –ийг хүн л уншиж байгаа учраас хүний хандлаганд тохируулж анкетаа бичих нь чухал. 

Хүмүүс технологижихийн хэрээр урт зүйл уншихаа больсон. Тиймээс нэг хуудсанд багтааж хүний анхаарлыг татахуйц CV бичих хэрэгтэй. 

Оюутнуудад ч энэ талаар ярьж байгаа. Нуршуу урт CV бичихээсээ илүү маш тодорхой товч байх хэрэгтэй. Дэлгэрэнгүйгээр авах шаардлагатай мэдээллүүдээ линк холбоод өгчих хэрэгтэй.

- “Гэрэлт цамхаг”-ийн онол гэж таны илтгэлд дурьдсан байсан. 

- Нэгэн үе байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажлын байрны зараа тавьчихаад ажил горилогч ирэхийг хүлээдэг байсан бол одоо өөрсдөө хайдаг болсон. Байгууллага болгон өөрийн хүний нөөцөөрөө өрсөлдөж байгаа учраас илүү сайн хүн хаана байна гэж хайсаар байна. 

Анкет ирээд бөглөж байгаа хүнээс илүү гадуур байгаа сайн хүмүүсийг харж, судалж, хайж байгаа гэсэн үг. Тийм учраас тухайн боловсон хүчин ажил хайх эсвэл ажлын байраа солих гэж байгаа бол өөрөө гэрэлт цамхаг мэт гэрэлтэж байх ёстой гэсэн онол байдаг. 

Тухайн боловсон хүчин ажил хайх эсвэл ажлын байраа солих гэж байгаа бол өөрөө гэрэлт цамхаг мэт гэрэлтэж байх ёстой гэсэн онол байдаг. 
 

Жишээ нь мэргэжлийн олон нийтийн сүлжээнүүд дэх бүлгүүд дунд хүний нөөцийн менежерүүд байнгийн сонголт хийгээд байж байдаг. Эд нар дундаас хэн нь хамгийн сайн мэргэжилтэн бэ гэдгийг хараад тооцоолоод байж байх жишээтэй. 

Тиймээс хүмүүс өөрийн мэргэжлийн бүлгүүдэд нэгдэж туршлага солилцож өөрийгөө илэрхийлж байх нь зөв юм. 

"ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ, ИНТЕРНЭТ ДЭХ ХАЙЛТЫН ҮР ДҮН ТУХАЙН ХҮНЭЭС НЭГ УДАА АВСАН ШАЛТГАЛТААС ИЛҮҮ ИХИЙГ ИЛЭРХИЙЛНЭ"

"Сайн маркетингийн менежер хайж байлаа гэхэд тухайн хүн олон нийтийн сүлжээнд бичиж байгаа зүйлүүд нь хүнд хүрч байна уу эсэхийг хараарай"

- Олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн байр суурьтай байх. Тэнд ямар имижтэй байна вэ гэдэг тухайн хүний бас нэг чухал үзүүлэлт болж байгаа. 

- Олон улсын сургалт, уулзалтуудаас харж байхад ажилтан сонгож байгаа чухал аргын нэг нь Google хайлтын үр дүн байдаг. 

Сайн маркетингийн менежер хайж байлаа гэхэд тухайн хүн олон нийтийн сүлжээнд бичиж байгаа зүйлүүд нь хүнд хүрч байна уу эсэхийг судлах, адаглаад бичиг үсгийн боловсрол, соёл нь хэр вэ гэдгийг хүртэл харах боломжтой болдог. Энэ нь тухайн хүнээс нэг удаа авах шалгалтаас илүү зан төлөв, хэвшлийг нь илэрхийлээд өгчихдөг. Замбараагүй шоудаж байгаа зургаар дүүрэн хуудастай хүн байвал тэр хүнийг ажилд авах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал болно. 

Одоо би ч зөвлөж байгаа. Хүний нөөцийн менежерүүд шинэ хүн ажилд авахдаа зүгээр л фэйсбүүкээр нь ороод үзчих гэдэг. Хэнтэй найзладаг, хүрээлэл болон тухайн хүний үзэл бодол гээд бүгдийг харах боломжтой. Англи хэлний мэдлэгийг нь хүртэл олон нийтийн сүлжээнээс нь мэдчих боломжтой. 

- АНУ –д компаниуд шинэ ажилтан авахдаа 79 хувь нь интернэт дэх хайлтад үндэслэж мөн 70 хувь нь хайлтын үр дүнгээс болж тухайн хүнийг ажилд авахаасаа татгалздаг гэсэн судалгаа байсан. Монголын хүний нөөцийн ажилтнууд голдуу ямар арга хэрэглэж байна вэ?

- Монголчууд ч энэ шинэ үеийн хандлагуудыг ашигладаг болсон. Томоохон корпорациудын хүний нөөцийн менежерүүд энэ арга туршлагыг их ашиглаж байгаа. Олон нийтийн сүлжээ, LinkedIn –ээс хүмүүсийг “head hunting” хийж байна. Google хайлт хийж тухайн хүнтэй холбоотой гол дүгнэлтүүдийг хийж байх жишээтэй. 

Тиймээс дээр дурьдсанчлан  хүн болгон хийж байгаа бүх л ажил дээрээ гэрэлтэж чадах юм болсайхан ажлын байрнууд үргэлж олддог. 

Оюутнууд маань ч сургуулиа төгсөөд ажилд орохоороо л гэрэлтэнэ дээ гээд байдаг. Харин оюутан байх үеэсээ “гэрэлтэж” эхлэх хэрэгтэй.

- Танай анхны бизнес загвар ер нь LinkedIn –с санаа авсан гэж ойлгож байгаа. Зөв биз дээ?

- Анх бидний зорилго арай өөр байсан. Мэдээж LinkedIn –ийг маш их судалсан. 

- Онлайн бизнесийн орчин нөхцөлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

- Онлайн бизнес одоо л хөгжиж эхэлж байна гэж боддог. Монголд энэ орчны дэлгэрэнгүй нарийн мэдээлэл, судалгаа бага байдаг. Одоо энэ салбарыг улстөр, хувь хүнийг илэрхийлэх тал руу их ашиглаж байна гэж хардаг. Харин жинхэнэ бизнес зарчмаар одоо л хөгжлийн эхэнд ирж байна. Бид нар анх онлайн худалдаа хүртэл эхлүүлж байсан ч интернэтээр төлбөр тооцоо гүйцэтгэх хэрэглэгчийн дадал зуршил байхгүй зэрэг олон асуудал бэрхшээл байсан. 

Мөн онлайн бизнес хийхэд Монгол улсын бүртгэл, хаягжилтын асуудал хамгийн том саад болдог. Гэхдээ одоо бүртгэлийн орчин маань харьцангуй дээрдэж байна. Тэгэхээр энэ төрлийн бизнес дөнгөж шинээр эхлэх боломжууд бүрдэж байгаа гэж ойлгож байна.

- Цаашдаа онлайн худалдааны салбарт хүч үзэх бодолтой гэж ойлгож болох уу?

- Манай компанийн хувьд үгүй. 

"З.ЭНХБОЛД ДАРГАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙДАГ Ч ЮМ УУ, ҮГҮЙ Ч ЮМ УУ БИ БАС МЭДЭХГҮЙ"

"Хүн болгон хийж байгаа бүх л ажил дээрээ гэрэлтэж чадах юм бол сайхан ажлын байрнууд үргэлж олддог"

- Хувь хүний чинь талаас асуух асуулт байна. Яаж яваад энэ онлайн бизнес тэр дундаа хүний нөөцийн салбартай холбогдчихов?

- Миний үндсэн мэргэжил цахилгааны инженер. Гэхдээ хүүхэд байхаасаа программ хангамж сонирхож судалдаг байлаа. Тиймээс 2002 онд БШУЯ-ны Элсэлтийн ерөнхий шалгалтын програм хангамж дээр анх ажилласан. Боловсролын систем дээр ажиллаж байгаад дараагийн үе шат нь болох хүний нөөцийн салбарыг сонирхож судалж, энэ чиглэлээр ажиллаж байлаа. Харин дараагаар нь хүний нөөц, программ хангамжийн мэдлэгээ нэгтгээд ажиллах боломж байгааг олж харсан. Тиймээс  BizNetwork-д ажилд орсон. Менежерээр ажилд ороод өнөөдөр Гүйцэтгэх захирлын ажлыг хийж байна. 

- Өөрийг тань их олон сургууль төгссөн гэж сонссон юм байна. 

- Сургуульд сурахаасаа илүү шинэ зүйлд өөрийгөө сорих дуртай. Тиймээс хийж байгаа ажлуудтай холбоотойгоор бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэг шаардлагатай болж энэ чиглэлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Харин дараагаар нь илүү өргөн хүрээнд ажиллах, улс нийгмийн чиг хандлагыг судлахын тулд Удирдлагын академийг төгссөн. Ингээд л явж байтал гурван дээд сургуулийг дүүргэсэн байна. Яг мэргэжлийн талбар дээр илүү мэдээлэл олж авахын тулд олон улсын сургалтуудад багагүй хамрагдлаа. Сүүлийн үед сургагч багш болохоор хичээж, судалж, ажиллаж байна. 

- Яг ямар чиглэлээр сургагч багш хийж байгаа вэ?

- Мэдээж хүний нөөцийн чиглэлээр туршлага солилцох уулзалтуудыг хийж байгаа. Мөн онлайн зах зээл, мэдээллийн технологийн бизнесийн боломж, арга барилын талаар мэргэшиж байна. 

- Хүний нөөцийнхөнд зөвлөгөө өгдөг хүн өөрийнхөө компанид ямар бодлого барьдаг нь сонирхолтой байна. 

- Манай байгууллага дээр маш чөлөөт уур амьсгал ноёлдог.  Цаг нар гэхээсээ яг хариуцсан ажлаа хугацаандаа чанартай хийсэн байна уу гэж илүү гүйцэтгэлд нь анхаарал хандуулж ажилладаг. Хүмүүсийнхээ дур сонирхолд нь нийцүүлж анх ажилд авсан учир бэрхшээл бага. Тухайн ажлыг хийх сонирхолтой хүн тэр болгон бусдаар шахаж шаардуулахгүй ажилладаг шүү дээ. 

- Анх танайхыг “Синглтон” үүсгэн байгуулсан. Тийм үү?


- Тийм ээ. Мэдээллийн технологийн “Синглтон” компани үүсгэн байгуулсан. 2012 оноос “BizNetwork Consulting” гэж охин компани болон тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

- Үйл ажиллагаагаа салгах болсон гол шалтгаан нь юу вэ?

- “Синглтон” бол цэвэр технологийн компани. Харин BizNetwork-ийн хувьд түлхүү менежментийн тал дээр суурилж үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас салгасан. 

- Үлгэр, домог шиг нэг яриа байдаг даа. BizNetwork-ийг УИХ-ын дарга З.Энхболдод нэг тэрбум төгрөгөөр зарсан гэдэг. Энэ үнэн эсэх тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. З.Энхболд даргад нэг тэрбум төгрөг байдаг ч юм уу, үгүй ч юм уу би бас мэдэхгүй. 

- Яагаад ийм яриа гарах болсон юм бэ?


- УИХ-ын дарга З.Энхболд манай зохион байгуулсан арга хэмжээг өөрөө технологийн хүн болохоор дэмжиж оролцож байсан. Тиймээс түүний сайт гэж яригдсан байж магадгүй юм. Үнэлгээний тухайд тухайн үед Olloo.mn сайт өөрийн хувьцаагаа гаргаж нэг тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгож байсан. Энэ нь бидэнд сайтын үнэлгээ нэг тэрбум төгрөг байх боломжтой гэсэн ойлголтыг өгч байлаа. Тухайн үед бид ч өөрсдийнхөө вэбсайтыг ийм хэмжээний үнэлгээтэй сайн сайт болгоно гэж зорьж байсан. Үүнээс хойш хэдэн жилийн дараа зарим уулзалтын үеэр манай үнэлгээний тухай асуудал сөхөгдөхөд бид “нэг тэрбум төгрөг” гэдэг тоог зоригтой хэлдэг болсон. 

- Энэ хэдэн жилийн өмнөх үнэлгээ вэ?


- Хоёр жилийн өмнөх уулзалтууд дээр яригдаж байсан.

Н.Жавхлан "Онлайн бизнесийн хөгжил одоо л эхэлж байна"

- Тэгвэл одооны үнэлгээ?

- Шууд хэлэх боломжгүй байна. 

- Гэхдээ багцаа төсөөлөл байж л байгаа шүү дээ.

Нэг тэрбумын үнэлгээгээ бууруулаагүй нэмсэн л гэж ойлгож байна. 

- 1130 компаниас дунджаар хэдэн төгрөгний хураамж авч байгаа вэ. Танай орлогыг тооцоолох гээд л байна.

- Дунджаар 400 мянга орчим төгрөг.

- Танай сайттай өрсөлдөхүйц мэргэжлийн сайтууд гарч ирж байна. Туршлагаас гадна танай гол давуу тал?


- Чадварлаг боловсон хүчин. Туршигдсан систем буюу сүлжээтэй. 

- Хүний нөөцийн чиглэлд шинээр санал болгохоор төлөвлөж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа юу?


- Байгууллагуудын хувьд нэгэн асуудалтай зүйл байсаар байна. Томоохон байгууллагын хүний нөөцүүд өөрсдийн нийт төсвийн 40 орчим хувийг шинэ хүмүүстэй ярилцлага хийхэд цаг заваа зарцуулж байгаа гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл тухайн хүний нөөцийн ажилтнууд  маань байгууллагын бодлого, сургалт, менежмент тал дээрээ анхаарлаа хандуулж чадахгүй байна. Тиймээс харилцагчдынхаа энэ шаардлагыг үндэслэж шинэ ажилтны тухай мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлтийг гаргадаг үйлчилгээ гаргахыг төлөвлөж байгаа. 

Мөн 2012 онд бид Дубайд хүний нөөцийн менежерүүдийн туршлага солилцох сургалт, аялал хийж байсан. Хүний  хөгжлийг хамгийн чухал болгосон тус орны хүний нөөцийн арга барилаас суралцах аяллыг зохион байгуулж байлаа. Ийм төрлийн сургалт, аяллыг мөн төлөвлөж байгаа. 

- Өнөөдөр та хаана лекц унших гэж байгаа гэлээ?


- Өнөөдрийнх манай найзуудын дунд хийгдэх уулзалт. Би JCI –ийн гишүүн. Ирэх дөрөвдүгээр сард JCI Монголын уран илтгэлийн тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор илтгэх урлагийн чиглэлээр яриа хийнэ. 

- Илтгэх урлагаар бас лекц уншдаг юм уу.


- Энэ чиглэлд суралцагчдын нэг. Би өөрөө их ээрдэг хүүхэд байсан. Их ном уншсаны хүчинд ярих чадвар маань илүү хөгжиж байгаа болов уу. Багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Ахлах анги хүртлээ ээрдэг хүүхэд байлаа. Их дасгал хийж, хөдөлмөрлөсөний хүчинд өөрийнхөө хэмжээнд хангалттай түвшинд хүрсэн гэж боддог. 

- Одоо таны ажлын ширээн дээр ямар ном байгаа вэ ?


- "THE 100 ..."

- JCI - ийн гишүүн гэлээ.  JCI-ийг чинь их л амбицтай залуучууд гэдэг дээ. 


- Амбицтай, амбицтай.