Тоон гарын үсгийн систем энэ сард нэвтэрнэ
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2015.11.17

Тоон гарын үсгийн систем энэ сард нэвтэрнэ

Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Мөн төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, үзэл баримтлал бэлэн болж, Засгийн газрын хуралдаанаар батлагдах гэж байгаа юм.

Дээрх асуудлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (МТШХХГ)-ын дарга Ц.Жадамбаатай цөөн хором ярилцлаа.

-Програм хангамжийн салбарынхан III чуулганаа хийлээ. Салбарынхны сонгон ярилцаж байгаа сэдэв цаг үетэйгээ хэрхэн нийцсэн бол?

-Энэ жилийн гол сэдэв нь стартап бизнесийн эргэн тойронд өрнөлөө. Стартапын гол зүйл нь юу юм, сул тал нь аль вэ, үндэсний стартап компаниудад хөрөнгө оруулалт татах боломж байна уу гээд тал бүрээс нь ярилцаж, “Дэлхийд танигдъя” гэсэн уриагаа ажил хэрэг болгоход шаардлагатай хувилбаруудыг гаргаж ирэхэд чиглэгдсэн. Тиймээс манай байгууллагын зүгээс цаг үеэ олсон оновчтой сэдвийн  хүрээнд  програм хангамж үйлдвэрлэлийн салбарынхан чууллаа гэж үзэж байгаа.

-Хөндлөнгийн дүгнэлт шиг сонсогдож байна. Чуулганыг зохион байгуулахад МТШХХГ-ын оролцоо хэр байсан юм бэ?

-Ер нь, бидний  оролцоо бараг байгаагүй. Анхны чуулганыг манайхаас санаач­лаад Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байсан. Тэр үед дотоодын програм хангамжийн компаниудыг хэрхэн дэмжиж, чадавхижуулах вэ, гэдэг асуудлыг эн түрүүнд тавьж, үүнээсээ үүдээд салбарынхаа бодлогын баримт бичгийг гаргая гэсэн чиглэлтэй ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, анхны чуулганд оролцож, зовлон жаргалаа хэлэлцсэн компаниудын бодит жишээнд тулгуурлан нэлээдгүй олон ажил хийсэн. Ингээд II чуулганыг Мэдээллийн технологийн үндэсний парк зохион байгуулсан.

Мөн л инноваци, стартапыг онцолсон. Харин гурав дахь чуулганыг Монголын програм хангамж, үйлдвэрлэгчдийн холбоо зохион байгуулж байгаа юм. Төрийн байгууллагаас алсарч, хувийн хэвшил рүү чиглэсэн гэж болно. Анхны чуулган дээр “Төрийн байгууллага хувийн хэвшлийн асуудалд оролцдог биш бодлогыг нь тодорхойлж өгдөг, тэр дагуу нь хувийн хэвшлийнхэн хоорондоо өрсөлдөх зарчмаар амжилтаа олоод явдаг байя. Нэг ёсондоо, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар явъя” гэж ярьж байсан. Тиймээс энэ удаагийн Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган анхны чуулган дээр яригдсан зүйлсийн биеллийн нэгээхэн хэсэг боллоо гэж болох нь.

-Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгж­лийн талаар баримтлах бод­логын баримт бичгийг батлахаар зэхэж байна. Энэ бол маш өргөн цар хүрээтэй, том асуудал байх л даа. Гэхдээ яг юунд тулгуурлан салбарыг хөгжүүлэх вэ, гэдэгт хариулах боломжтой юу?

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа

-Манай салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2001 онд батлагдаад, 2010 онд дууссан. Ингээд өнөөдрийг хүртэл бусад дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ ондоо багтаан төрөөс мэдээ­лэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлуулах гэж байна. Үүнд мэдээж, салба­­рын бүх л асуудал баг­таж байгаа ч дэлхийн мэдээл­лийн технологийн бодлоготой уялдаж байх ёстой. Тэр утгаараа нэлээдгүй онц­логтой бодлого байгаа. Одоогоор эцэс­лэгдэж батлагдаагүй хэлэлцүүлгийн шатанд яваа тул “энэ тэргүүлэх чиглэл, тэр хасагдсан” гэж хэлэхэд эрт гэж бодож байна.

-Хувийн хэвшлийнхэн салбарынхаа бодлого бат­­лах үйл явцад ямар байд­лаар оролцож байгаа вэ. Яг үүнийг тусгаад өгөөч гэж хэлж ярьсан зүйл бий юу?

-Аль нь тэргүүлэх чиглэл болох юм, дэлхий өөрөө хаашаа хөгжиж байгаа гэдгийг эхлээд судалж үзэх ёстой. Тиймээс нэгдүгээрт, хоёрдугаарт гэсэн дэс дараалал байхгүй. Салбарынхаа бүхий л асуудлыг нэг бүрчлэн тусгасан. Хоёрдугаарт, цаашдаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн үндсэн дээр энэ салбар хөгжих ёстой гэсэн тулгуур бодлого бий. Нэг үгээр хэлбэл төр өөрөө програм бичдэг, цахим засаглалын асуудалд оролцдог биш хувийн хэвшилд түшиглэн бодлогоо хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Энэ нь эдийн засагт үр өгөөжтэйгөөс гадна илүү үр дүн гарч байгаа нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс харагдаж байгаа.

-Саяхан мэдээллийн технологийн өлгий гэж нэрлэгддэг Цахиурын хөндий рүү Монголын залуус явлаа. Та явахад нь уулзсан байна лээ, тэднээс юу хүлээж байгаа вэ?

-Програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулганы үеэр яригдаж байсан асуудлын үр дүнд “Силикон валли” буюу цахиурын хөндий рүү хөтөлбөрийн дагуу анхны монгол компани гарч байгаа юм. Өмнө нь, Монголоос “Силикон валли” руу явж байсан хувийн ганц, нэг компани байдаг. Гэхдээ “Алкэмист” компани нь арваннэгдүгээр сарын 8-наас ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд албан ёсны хөтөлбөрт хамрагдаж ажиллах юм. Ингэснээр олон улсын байгууллагуудад өөрсдийн төсөл хөтөлбөрийг танилцуулах өргөн боломж нээгдэнэ. Бид үүнийг нэлээн том гарц гэж харж байгаа.

Ер нь, стартапыг дэмжээд энэ компанийг гаргахыг зорьсон нь цаанаа олон шалтгаантай л даа. Нэгдүгээрт, програм гэдэг зүйл нэг хэл дээр бичигддэг. Мөн энэ програм хангамжид оруулж байгаа хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгаа нь жил бүрийн тайлангаас харагдаж байдаг. Дэлхийн улс орнууд маш амжилттай бүтээгдэхүүн гаргаж байгаа шиг бид ч гэсэн ийм боломжийг горилж байна. Уул уурхайн баялаг ухаад мөнгө олж болдог юм бол монгол хүний оюуны баялгийг ухаад, мөнгө олох боломж энэ салбарт нээлттэй.

Тиймээс бодлогын хэмжээнд дэмжиж, эхний компаниудыг олон улсын зах зээлд гаргаж байгаа гэж ойлгож болно. Энэ стартап компаниуд өөрсдөө олон улсын зах зээлд гараад бүтээгдэхүүнээ  борлуулж чадвал, улсдаа их хэмжээний хөрөнгө оруулалт татах бо­ломж нээгдэнэ. Ингэснээрээ манай салбар өөрөө Монгол Улсдаа баялаг бүтээгч болох алхмыг л хийх гээд үзээд байгаа хэрэг.

-Тоон гарын үсгийн ажил дуусч байгаа юу?

-Тоон гарын үсэг үндсэндээ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хуультай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн дэд бүтэц болоод бусад ажлыг хийж гүйцэтгэсээр энэ сард л тоон гарын үсгийн ажлыг дуусгаж байна. Энэ сарын сүүлээр тоон гарын үсгийг хэрэглээнд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Удахгүй нээлтийн ажиллагаа болохоор тоон гарын үсгийн тухай дэлгэрэнгүй мэдээллүүд цацагдах байх. Тоон гарын үсэг нь өөрөө цахим засаг бодит утгаараа хэрэгжих хамгийн том түлхүүр нь.

Мөн энэ ажиллаж эхэлснээр Монгол Улсын Засгийн газраас иргэдэд  үзүүлдэг 167 үйлчилгээг онлай­наар авах бүрэн боломж нь нээгдэнэ. Харин эдгээр ажлыг Монголын програм хангамжийн компа­ниу­даар хийлгэе гэсэн Засгийн газрын шийдвэр бий. Энэ үндсэн дээр концессын жагсаалтад орсны дагуу төсөл зарлагдах байх. Ингэснээр манай салбарын компаниуд Засгийн газартай хамтран ажиллах маш том үүд хаалга онгойж байна. Төр хувийн хэвшлийн хооронд итгэлцэл бий болгох, хамтын ажллагааг олон жил тууштай өрнүүлэхэд нэлээн ач холбогдолтой төсөл болж байгаа.

-Төрийн үйлчилгээнээс илүүтэй хувийн хэвшлийн­хэн цахим үйлчилгээнд илүү хурдан шилжиж бай­гаа юм шиг санагддаг. Хувийн дундаа банкны сал­ба­рыг бас онцолж болох юм.

-Маш олон төрлийн үйлчилгээ онлайнаар иргэдэд хүрээд эхэлсэн. Учир нь, сүүлийн жилүүдэд 4.9 сая гар утас хэрэглээнд байгаагаас, 1.5 сая хүн ухаалаг гар утас барьж байна гэсэн статистик байна.  Үүнээс харахад зөвхөн ухаалаг гар утастай 1.5 сая хүн дээр интернэт хэрэглэж байгаа хүмүүсийг нэмэхээр маш олон хүн онлайнаар төрийн болон бизнесийн бүх л үйлчилгээг авах боломжтой байгаа юм. Тэр дундаа тоон гарын үсэг ашиглалтад орж, хэрэглээнд нэвтрэхээр онлайнаар худалдаа, гүйлгээ хийх бүрэн боломжтой болно.

Өөрийн чинь хэлсэн банкны салбар ч гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан Монголдоо нэвтрүүлэх боломжтой болох юм. Энэ утгаараа зарим банк онлайнаар өргөн хүрээний үйлчилгээ санал болгодог болсон байна. Тухайлбал, “Голомт” банк цаасгүй банк гэж яриад байгааг иргэд мэдэж байгаа байх. Энэ ердийн сонсогдож байгаа юм шиг боловч, нэг талаараа Монгол Улсад хөгжсөн мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, түүний давуу талыг ашиглаж бодит хэмнэлт гаргах боломжийг олгож байгаа нэг жишээ.

Урьд, банкны салбар дээр очиж дараалал хүлээх эсвэл банкны өөрт ойр салбарыг хайж явдаг байсан бол одоо мэдээллийн технологийн хөгжлийн явцад иргэн байгаа газраа банкийг ирүүлдэг болж. Нэг ёсондоо, гартаа барьсан утсандаа, эсвэл интернэт сүлжээтэй төрөл бүрийн таблет, компюьтер зэргээ ашиглан өөрийн дансыг удирдах бүрэн боломж олгож байна. Мэдээж, энэ нь иргэнд ашигтай байхаас гадна үүний цаана өнөөх цаасгүй буюу нэг гүйлгээ хийхэд ашигладаг дор хаяж, 5-10 цаасыг хэмнэж байгаа юм. Энэ бол мэдээллийн технологийн үр ашиг л юм даа. Цаашид ч манай улсын мэдээллийн технологийн дэд бүтэц өргөжин тэлэхийн хэрээр зөвхөн хувийн хэвшил биш төрийн үйлчилгээ ч илүү ойр, дуудсан цагт нь бэлэн байж байдаг болох юм.