Боловсролын салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой
2016.01.08

Боловсролын салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд  Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримт баталж, боловсролын багц хуулинд өөрчлөлт орно гэж нийгэмд хүлээлт үүссэн. Харин ч их удаж орж ирлээ. Гэхдээ анхаарах зүйл их байна. Боловсролын салбарыг сайн ажиллаж байна гэж дүгнэдэг. Нэг хардлага бол ерөнхий боловсролын салбарыг түлхүү анхаараад  байх шиг санагддаг. Ялангуяа хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад Их дээд боловсролын салбарт шүүмжлэлтэй байдаг”.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Боловсролын талаар явуулж буй хууль эрх зүйн орчин тогтвортой баймаар байна. 20 гаруй жилийн хугацаанд боловсролын хуулинд 17 удаа их бага өөрчлөлт оруулсан. Одоо харин хууль эрх зүйн орчин тогтвортой байх бодлогыг баримтлах хэрэгтэй. Урт настай хууль гаргах чиглэлд анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд олон шинэчлэл хийгдсэн. Эрдэм боловсролтой Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг бодоод үзэхээр ирээдүйд аж амьдралаа зөв авч явдаг, мэдлэг мэдээлэлд суурилсан хүнийг л хэлдэг. Гадаадаас бүхий л зүйлийг авдаг ч Монгол улсаа хөгжүүлэх эх оронч үзэлтэй, төлөвшилтэй, өрсөлдөх чадвартай хүнийг хаанаас ч авч чадахгүй. Ийм хүнийг бид өөрсдөө л төлөвшүүлэн бэлдэх ёстой” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсож байна.