Худалдан авах ажиллагааны газарт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй
ХААГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргалантай ярилцлаа.
- Худалдан авах ажиллагааны газар авлигаас хэрхэн сэргийлдэг вэ?
ХААГ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил,үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг гэдэг утгаараа бүх мэдээллээ хамтгийн ил тод байлгаж ажиллах үүрэгтэй. 2013 онд манай байгууллага төрийн 50 байгууллагаас “Авлигын эсрэг үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур”-аар тавдугаар байранд, 2014 онд 124 байгууллагаас зургадугаар байранд орсон.
Жил бүр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой эрсдлийг бууруулах чиглэлээр “Авлигатай тэмцэх газар”-тай хамтрсан төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Энэ оны хувьд ХААГ зохион байгуулсан нийт төсөл, арга хэмжээ, тендер шалгаруулалтын мэдээллийг цахим хуудсандаа байрлуулсан, авлигын эсрэг төлөвлөсөн ажлуудаа 100 хувь хийж дууссан. “Авлигатай тэмцэх газар”-тай хамтраад албан хаагчиддаа зориулж гурван удаагийн сургалт хийсэн. Авлигад өртөх эрсдэлтэй ажлын байрны судалгааг гаргаж баталсан. Мөн авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх талаар танин мэдэхүйн уралдаан, зөвлөгөөн зэрэг ажлыг 6 удаа зохион байгуулсан.
- Танай байгууллага одоогийн хууль эрх зүйн орчинд ажиллахад авлигын шинжтэй зүй бус нөлөөллүүдээс бүрэн хараат бус байж чаддаг уу?
Засгийн газраас төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар хийсэн бодитой том алхам бол худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагыг байгуулсан явдал. Ингэснээр төрийн худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг нэг дороос шуурхай хүлээн авах боломж бүрдэж, ил тод байдал нэмэгдсэн. Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж бүх тендерээ 100 хувь цахим хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь оролцогч байгууллагуудын цаг хугацааг хэмнэж, зардал мөнгийг бууруулсан томоохон шинэчлэл болсон. Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн тоо өсч байгаа учраас гомдол гарах тохиолдол бишгүй гардаг ба зохих хяналт шалгалтын байгууллагууд үүнд хяналт тавьж ажилладаг. Гэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой тогтоогдсон зөрчил гараагүй байна.
Тендерийн үнэлгээний хороо нь хоёроос доошгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, захиалагч байгууллага, ХААГ гэсэн олон талын бүрэлдэхүүнтэй байгуулагддаг ба тэдгээрийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог учраас аливаа шийдвэр гаргахад харилцан бие биендээ хяналттай ажиллаж чаддаг.
- Хөдөө орон нутагт тендерт шалгарсан компани ажлыг чанаргүй хийсэн тохиолдол багагүй байдаг. Яагаад ийм зөрчил гараад байдаг юм бэ? Танайх орон нутаг дахь худалдан авах ажиллагаа зөв явж байна уу үгүй юу гэдгийг яаж хянадаг вэ?
Аймаг, нийслэлийг нийлүүлээд орон нутагт 31 салбар нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бид жилийн эхэнд тухайн орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэж, цахим хуудсандаа байрлуулдаг. Төлөвлөсөн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан хаагчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж ажилладаг. Харин худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан гомдол маргааныг шатны хяналтын байгууллагууд шалгаж шийдвэрлэдэг. Тендерт оролцохдоо хууль тогтоомж, зөрчсөн аж ахуйн нэгжийг Сангийн сайдын шийдвэрээр хар жагсаалтад оруулдаг ба ингэснээр 3 жилийн хугацаанд төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болдог.
- Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хар жагсаалтад орсон компани хэр их байна вэ? Голдуу ямар шалтгаанаар хар жагсаалтад оруулсан бэ?
Сангийн сайдын 2014 оны 49, 162 тоот тушаалаар 41 аж ахуйн нэгж эрхээ хязгаарлуулсан ба эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн хугацаа дууссан 29 аж ахуйн нэгжийн эрх сэргээгдсэн байна.
- Тендерийн явцад гарсан гомдлуудыг хэрхэн шийддэг вэ?
Тендер зарлахаас өмнө гарсан гомдлыг ШӨХТГ шийддэг. Гүйцэтгэгч компани шалгараад мэдэгдэл авснаас хойш 5 хоногийн дотор гарсан гомдлыг Сангийн яам шийдвэрлэдэг. Гэрээ байгуулсны дараах гомдлыг шүүхээр хэлэлцдэг.