Өндөр чанар, боломжийн үнэ санал болгож байна
"Хьюндэй Автос" ХХК-ийн захирал Э.Сүхбаатар
2015.10.21

Өндөр чанар, боломжийн үнэ санал болгож байна

"Хьюндэй Автос" ХХК нь 2011 онд байгуулагдсан. Тус компани "Автомашины агаар шүүгч үйлдвэрлэх төсөл" боловсруулж, "ЖДҮ-ийг дэмжих төсөл"-ийн хүрээнд зээл авсан. Хөрөнгө оруулалтаа үр ашигтай үйлдвэрлэлд шингээсний үр дүнд зах зээлд бодитоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амжилттай ажиллаж байна. Автомашин, өөрөө явагч хэрэгслийн бүх төрлийн агаар шүүгчийг зах зээлд борлуулах явцад гарч буй хүндрэл, бэрхшээлээ бидэнтэй ний нуугүй хуваалцсан юм. Ийм дэмжүүштэй үйлдвэрлэлийг дэмжихгүй байна вэ нь хачирхалтай санагдаж байна. 

Танай компани агаар шүүгч үйлдвэрлэх түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ? Үнэ, чанарын тухайд?

Автомашины агаарын шүүгчийн үндсэн түүхий эд болох шүүгч цаасаар ХБНГУ-ын "Ahlstrom"  брэндийг сонгон, оруулж ирдэг бол бусад түүхий эдээ БНСУ-аас татаж байна.

Тээврийн зардал, түүхий эдийн өртөг өндөр хэдий ч импортын бүтээгдэхүүнээс даруй 30-40 орчим хувь хямд.

Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд "Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв"-өөс "ISO 5011:2014" стандартын дагуу "Дотоод шаталтат хөдөлгүүрийн агаар шүүгч" гэсэн үндэсний тохирлын гэрчилгээ олгосон. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн.  

Өдөрт хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар хүссэн хэмжээгээр нь үйлдвэрлэх боломжтой. Одоогоор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Төр засгаас хэрэгжүүлж буй бодлого хөрсөн дээр буудаг бол дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой.

Тухайлбал, импортыг хязгаарлах, татварын орчинг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.Дотоодын бүтээгдэхүүний чанар нь импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээний, үнэ харьцангуй боломжийн. 

Худалдан авагчид сэтгэл хангалуун байна.

Гаалийн статистикийг харахад, жилд 20 тэрбум төгрөгөөр тоологдох мөнгөн дүнтэй энэ төрлийн бүтээгдэхүүн импортоор орж ирж байна.  

Борлуулалтаа ямар сувгаар хийж байна вэ?

Уул уурхайн компаниуд, Улаанбаатар хотын төвлөрсөн зах, авто худалдааны төвүүд болон орон нутгийн захуудаар борлуулж байна.

"Lexus 570" автомашины агаар шүүгч. "Toyota Land Cruiser 200", "Toyota Tundra (USA)" автоамашинуудад таарна

Төрийн байгууллага болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд худалдан авалт хийж байна уу? Үндэсний үйлдвэрлэгч гэдэг утгаар нь та бүхэнд давуу эрх олгодог уу?

Манай компанийн хамгийн том худалдан авагч бол Оюу-Толгой ХХК. Тэдний шаардлага, стандартыг бүрэн ханган ажиллаж байна гэдэг нь бид ямар түвшинд байгааг харуулж байгаа болов уу. Оюу-Толгой ХХК-ийн хувьд зардлаа бууруулан, үр ашгаа дээшлүүлж чадаж байна.  

Төрийн байгууллага болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд манай бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй.

Бид авто баазууд, түргэн тусламж, "Онцгой байдлын ерөнхий газар", "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр", "Таван Толгой", "Шивээ Овоо", "Багануурын уурхай" гээд л бараг бүх төрийн байгууллагад хандаж үзсэн.

Тухайлбал, бид автобус баазуудын 80 000 төгрөгөөр авдаг агаар шүүгчийг 45 000 төгрөгөөр нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. “Та нар надад хэдэн хувь өгөх юм” гэсэн нэг түшмэдийн хувийн эрх ашгаа урдаа тавьсан асуултаар биднийг буцаасан. Яагаад бид өндөр өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлэх хүсэлт тавьсныхаа төлөө төсвөөс цалингаа аваад, түүндээ тохирсон ажлаа хийгээд явж байгаа хүнийг тэжээх ёстой гэж?

Үнэхээр төрийн аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрүүд танайхаас ганц ч худалдан авалт хийгээгүй гэж үү?

Тэд үргэлж шахааны бизнес хийдэг, өнөө маргаашийн идэх хоолны мөнгөө боддог. Би бодит байдалд болсон процессыг ярья л даа. Манай бүтээгдэхүүнийг худалдаж аваач гэсэн санал өгч, таньдаг хүнээрээ яриулж байж даргатай нь уулздаг. Дарга нь "хангамж хариуцсан хүнтэй уулз" гэдэг. Тэр хүн нь өөрт ногдох ашиг хонжоогоо хараад сууж байдаг. Ийм юм байж болох уу даа?

Дотооддоо үйлдвэрлэсэн гэхээр чанаргүй, муу гэсэн ойлголт байх шиг. Ялангуяа төрийн байгууллагууд ийм хандлагатай. Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тэдний тавьж буй шаардлагаас дээгүүр гарна уу гэхээс доогуур орохооргүй. Гэтэл "Хэдэн хувь, хэдэн хувь" гэдэг.

Бидэнд ашиг хонжоо харсан төрийн албан хаагчдад өгөх илүү мөнгө байхгүй.

Ашиг сонирхлын үүднээс тэд биднээс биш импортоор хямдхан оруулж ирсэн, чанаргүй бүтээгдэхүүн дээрээ зохимлоор өндөр үнэ нэмж, худалдаж авдаг. Энэ бүхэнд хяналт тавих нь зүйтэй.

Үйлдвэрлэл эрхлэхэд нэн тэргүүнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Энэ төрлийн зах зээлийг Хятадын бүтээгдэхүүн бүрэн эзэлчихсэн. Өнөөдөр гаалиар бэлэн бүтээгдэхүүн оруулж ирсэн ч тэр, түүхий эд импортолсон ч яг ижил хувийн татвар авч байна.Бид Хятадын бэлэн бүтээгдэхүүнтэй ижил үнээр оруулж ирсэн түүхий эдээрээ өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулж, зах зээлд өрсөлдөнө гэдэг хэцүү л дээ.Ийм нөхцөлд татварын таатай бодлого маш их үгүйлэгдэж байна.

Та нар гаалийн татварыг хөнгөвчлөх асуудлаар холбогдох байгууллагад хандаж байв уу?

Гаалийн ерөнхий газрын хуучин даргад хандаж байсан. Албан бичиг явуулахад “Боломжтой, байцаагчдаа хэлээд, шийдээд өгье” гэж байсан. Одоо дарга нь солигдоод энэ асуудал замхарчихсан. Аж үйлдвэрийн яаман дээр ч бид очсон.

Ний нуугүй хэлэхэд, жижиг дунд үйлдвэрийн дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээл олгочихоод, тэр мөнгөний зарцуулалтыг л шалгадаг болохоос биш бэлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь ямар байдлаар дэмжих вэ гэдэг дээр ажилладаггүй. Төрийн бодлого цаасан дээр л бууж байна.

Хүмүүс тэр бүр дотоодын компани агаар шүүгч үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгааг мэдэхгүй байх шиг байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Одоогоор бид үйлдвэрийн барилгаа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Олон нийтэд сурталчлах, таниулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Гэхдээ нэг асуудал байгаа нь одоо зах зээлд Хятадын агаар шүүгч зарж, амьдралаа залгуулж буй хүмүүсийн бизнесийг хаасан болчих гээд байгаа учраас болгоомжтой хандах хэрэгтэй байх.

Хятад, Солонгосоос импортлохын оронд манай бүтээгдэхүүнийг бөөн болон жижиглэнгээр худалдан авч, борлуулах нь ашигтай. 

Үүнийг тэд аажим, аажмаар ойлгох болно, эхнээсээ мэдэрч байгаа хүмүүс ч байна.

Компанийн цаашдын зорилго, төлөвлөгөө?

Үйлдвэрлэлээ өргөжүүлэх болно. Хамгийн чухал, тулгамдсан асуудал бол хөрөнгө оруулалт. Хэтдээ бид дотоодын зах зээлээ бүрэн хангаж, цаашлаад Буриад, Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөж байна. Автомашин үйлдвэрлэдэггүй юм аа гэхэд дагалдах сэлбэг, хэрэгслийн үйлдвэрлэлийн зах зээлийг өөрсдөө бий болгомоор байна. 

Ярилцахад таатай байлаа. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл тань улам өргөжиг.