200, 300 жилийн өмнөх технологи Монголд амь бөхтэй байсаар байна
Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Рэгдэл
2015.09.10

200, 300 жилийн өмнөх технологи Монголд амь бөхтэй байсаар байна

Өнөөгийн Монголын эдийн засгийг мухардлаас гаргах арга зам нь дахин өр тавих биш, харин үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавих, үүний тулд шинжлэх ухааны салбарыг татан оруулж мэдлэгт суурилсан  эдийн засгийг хөгжүүлэх. Энэ сэдвээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. 

Монгол улсад шинжлэх ухаан, эдийн засаг хоёр харилцан уялдаж, үр өгөөжөө өгч хөгждөггүйн үндэс шалтгаан юу вэ?

20 дугаар зууны сүүлээр дэлхий дахинд мэдлэгийн эдийн засгийн концепци бий болсон түүхтэй. Монгол улсын хувьд дэлхийн энэ жишгээр явъя гэж тунхагладаг хэрнээ түүндээ хүрэх шийдэмгий, зоригтой алхам хийхгүй байгаа юм. Мэдлэгийн эдийн засаг гэдэг бидний боддог шиг тийм аймаар холын зүйл биш. Ердөө хүний мэддэг юмыг яаж капитал болгох вэ гэдэг л ухаан юм. Уг концепци хөгжсөөр байгаад одоо яаж материалын орц багатай, хүний мэдлэг оюун шингэсэн үйлдвэрлэл явуулах вэ гэсэн арга зам дээр төвлөрч эхлээд байна. Энэ нь дэлхий дахинд аливаа нөөц багасч, хүн ам илүү хурдтай өсч байгаатай холбоотой.

Мэдлэгт түшиглэсэн эдийн засагт чиглэсэн алхам хийхийн тулд Монгол улс юуны түрүүнд “түүхий эд экспортлогч орон” гэсэн статусаасаа салахыг хичээх ёстой. Жишээ нь, хүрэн нүүрсний асар их нөөцтэй манайх шиг орон зүгээр Хятад руу зөөх биш, гүн боловсруулах нүүрс-химийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлмээр байна. Үүнд шинжлэх ухааны оролцоо зайлшгүй. Үүний тулд төрөөс зоригтой мөнгө хаявал алсдаа хожно.

Төрийн түвшинд ийм асуудал тавиад ирэхээр улс орны ашиг сонирхлын үүднээс биш, цэвэр бизнесийн сонирхлоор хараад байдаг. Эсвэл яам нь манайх нүүрс боловсруулна гэх маягаар үйлдвэрлэлийн ажилдаа хутгалдаад орчихдог. Уг нь яам бол бодлогоо гаргаад, бизнесийн таатай орчин бий болгоод  л орхичих ёстой ш дээ.  Хэрэв нүүрс боловсруулъя гээд төр зоригтой алхам хийх юм бол мэддэг, чаддаг эрдэмтэд багаа бүрдүүлээд, санхүүжилтээ аваад хийчих амархан. Гэтэл манайд “би ийм технологийг гаднаас оруулж ирээд хөрөнгө босговол надад ашигтай юм байна” гэж боддог хандлага давамгайлсан. Эрдэмтдээ ойшоодоггүй нэг гол шалтгаан бол энэ.

Энэ гажууд хандлага улам гүнзгийрсээр байгаа. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн салбарт тод ажиглагддаг. Сүүлийн 10 орчим жил жижиг, дунд үйлдвэрт асар их хэмжээний мөнгө өгсөн. Гэтэл энэ салбарт технологийн түвшин нь огт дээшлээгүй. 10 жил бол нэг хүний амьдралд байтугай, улс орны амьдралд эргэлт гарахаар хугацаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эсгий таавчиг хийдэг түвшнээсээ ахиагүй байна.

Миний бодлоор нэг жилд олгодог тэр олон тэрбум төгрөгийнхөө талыг нь технологийн шинэчлэл хийхэд зориулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүй нэгдлийн гэж болохоор технологиуд Монголд амь бөхтэй байсаар байна. Жишээ нь 200, 300 жилийн өмнө арьс, шир боловсруулдаг, хар төмөрлөг хайлуулдаг байсан технологи одоо болтол ашиглагдаж байна.

Монгол улс ямар технологийг хөгжүүлэх вэ гэдэг бодлоготой байх ёстой. Хөгжлийн бодлогод нийцэх үү, үгүй юу, байгаль экологид ээлтэй байж чадах уу гэх мэт шалгууртай. Ийм байдлаар гаднаас орж ирж буй технологиудад үнэлгээ өгдөг, өөрөөр хэлбэл улс өөрийн гэсэн технологийн үнэлгээний чадвартай болохгүй бол хол явахгүй. Юун ногоон хөгжил, мэдлэгийн эдийн засаг.

Азаар Монгол улс Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, Ногоон хөгжлийн бодлогоо гаргасан. Эдгээр бодлого Монгол байтугай түүнээс дээших эдийн засагтай оронд тохирохоор муугүй бодлого. Харамсалтай нь хэрэгжих болохоороо гацчихаад голдуу цаасан дээр үлддэг. Хэрэгжүүлсэнгүй гээд холбогдох хүмүүст нь хариуцлага тооцдоггүй, асуудлыг эзэнгүйдүүлж хаячихаад, дараагийн сонгуульдаа ороод явчихдаг.

Аливаа бодлого шийдвэрийг мэддэг, чаддаг эрдэмтэдийн оролцоогүйгээр, эцэст нь явж явж УИХ-ын хэдэн гишүүн л гаргадаг.

Хийе, бүтээе гэвэл баргийн төслийг хийчих чадалтай эрдэмтдээ төр тоодоггүй юмаа гэхэд мөнгөтэй, хөрөнгөтэй монгол бизнесменүүд бий. Тэд маань инновацийн төсөлд хөрөнгө оруулаад ашигтай ажиллах боломж бий юу?

Манайд энэ чиглэлд хөрөнгө оруулахад эрсдэл ихтэй. Нэгдүгээрт, шинжлэх ухаан-технологийн төсөл гэдэг хурдан хугацаанд үр дүн нь гардаггүй,  манайхан хөрөнгө оруулалтынхаа шимийг үзэх гэж тэгтлээ удаан хүлээх дургүй. Түүний оронд гаднаас үнэтэй ч гэсэн технологи, бэлэн шугам худалдаж аваад үйлдвэрлэл явуулахыг илүүд үздэг.

Хоёрдугаарт, төр засаг, төрийн бодлого тогтворгүй байна гэдэг том хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулдаг. Бараг л төрийн албанд очсон хүн бүр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлье гэхээсээ илүү яажшуухан хүнд мэдэлдэлгүй төрийн мөнгө халааслах вэ гэдэг дээр санаа зовдог болоод байх шиг. Бодлогоо тогтвортой, тасралтгүй барих ёстой яамыг нь дөрөвхөн жил тутамд 3-4 удаа сэгсрээд бантангий нь хутгаад хаячихаар чинь тэр яамны хариуцдаг салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гарах тун хэцүү. Ер нь боломжгүй.

Гуравдугаарт, угаасаа бизнесийн болон хөрөнгө оруулалтын соёл манайд төлөвшөөгүй. Монгол улс социализмд шилжсэн үеэсээ ч тэр шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засгийн үндэс болгоё гэсэн зорилт тавиагүй. Зүгээр л  улс орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэх сайхан, харин Оросын  шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх нь дээр гэсэн бодлоготой байсан. Зах зээлд орсноор шинжлэх ухаан, эдийн засаг хоёр улам холдсоор. Орчин үеийн Монголын бизнесменүүд шинжлэх ухаанаас хол хөндий. Бизнесмен, эрдэмтэн хоёрын дунд зуучилж ажилладаг институци Монголд хөгжөөгүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Инновацийн тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэх мэт шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг “уулзуулах” зорилготой хуулиуд батлагдсан. Инновацийн тухай хуулинд шинжлэх ухааны байгууллага дэргэдээ гарааны компани байгуулж болно гэсэн заалт ч бий. Энэ боломжийг тэр болгон ашиглахгүй байгаа юм шиг санагддаг?

Инновацийн хуулийг анх нилээн өөдрөг төсөөлөлтэй баталсан. Би ч бас ажлын хэсэгт нь байсан. Венч хөрөнгө оруулалтын компаниудыг байгуулж эрсдлийн сан бий болгох чухал концепци байсан юм. Гэтэл эрсдлийн сан байгуулах гэхээр Төрийн өмчийн хуулиараа мөнгөний бүх орлогын эзэн нь төр болчих гээд байдаг.  Төр эзэн болчихоор мэдээж яамны албан тушаалтнуудын сонирхол шургалж таарна. Тэгээд 2013 онд Венч хөрөнгө оруулалтын компаний тухай бүлгийг тэр чигт нь хүчингүй болгосон дуулдсан.

Дэлхийн жишигт голдуу төр нь эрсдлийн сангаа удирдаад явчихдаг. Зах зээлийнхээ хөгжлийн алс хэтийг харж чаддаг орнуудын хувьд эрсдлийн сангийн хөрөнгөөр 10 инновацийн төсөл хэрэгжүүлээд хоёр нь амжилттай болвол хангалттай гэж үздэг. Харин манайд бол 10-уулаа амжилттай болохгүй юм бол мөнгө өгөх хэрэггүй гэж үздэг.

Мэдээж огт үр дүнгүй хууль болсон гэж болохгүй. БСШУЯ-ны санаачлагаар гарааны компани байгуулах журам батлагдаад одоогийн байдлаар ШУА-ийн хүрээлэнгүүдэд 10 орчим гарааны компани байгуулагдлаа. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргасан компани ч бий.

Гэхдээ нөгөө талаар эдгээр компаниуд цаашид зах зээлд амжилттай өргөжөөд явах боломжоор хязгаарлагдмал. Санхүүжилт зогсох л юм бол унана. Гарааны байхаа больж жинхэнэ компани болохоор тэр компаний менежментийг нь хэн хийх вэ гэдэг нь бүрхэг. Энэ талаар гарц сайн харагдаж өгөхгүй байна.

Эрдэмтэдтэй уулзаад явж байхад Шинжлэх ухаан технологийн санд төсөл бичиж өгдөг ч эцсийн эцэст тендерийн зарчмаар шалгаруулдаг учраас ямар ч үр дүн гардаггүй гэсэн зүйлийг их ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх тогтолцооны чиглэлээр ЮНЕСКО-гийн экспертүүд манайд тусгай судалгаа явуулсан. Судалгааны үр дүнд Монголын шинжлэх ухаан санхүүжүүлтийн цорын ганц эх үүсвэртэй учраас учир дутагдалтай, эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Шинжлэх, ухаан технологийн санд хувиарладаг мөнгө угаасаа бага учраас ирсэн төслүүдээс цөөхнийг сонгодог. Дэлхийн жишгээр сан нь өөрөө тухай тухайн салбараар мэргэжлийн шинжээчид бүрдүүлээд төслийг шалгаруулдаг бол манайд сан нь биш, эцсийн шалгаруулалтыг эрхэлсэн яам нь хийдэг. Энд ашиг сонирхлын зөрчил гарахгүй гэх баталгаа байхгүй.

Уг нь аливаа улсад шинжлэх ухааны төслийг санхүүжүүлэх дор хаяж 2-3 эх үүсвэр байх ёстой. АНУ-д л гэхэд энэ чиглэлээр зөвхөн төрийн санхүүжилтийн 7 том эх үүсвэр байдаг. Энэ нь судлаачдад сонголтын болоод сангүүжилтийн асар том боломж олгодог. Манайхан иймэрхүү боломжуудыг хайхын оронд хувийн хэвшлээс мөнгө босгох тухай үлгэр ярьсаар 20-иод жил болох шив дээ.

Эрдэмтдийн нөөц, бололцоо нь байсаар байтал яагаад төр татвар төлөгчдийн мөнгөөр гаднаас үнэтэй технологиуд авчирч хэрэглэдэг юм бол?

Энэ их төвөгтэй асуудал. Нөгөө л хувьдаа ашиг олох гэсэн манайхны хандлага давамгайлдаг. Уг нь суурь судалгаанаас бусад төрлийн шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгаануудыг төрөөс захиалж, эрдэмтдээ ажилтай байлгах ёстой. Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ хөгжчихсөн. Төр юу захиалахаа мэдэхгүй. Дээр нь төрийн нэрийн өмнөөс энэ төрлийн ажил, үйлчилгээ захиалах эрх, үүрэгтэй яамд хүний хүн шиг хандах нь гайхалтай. Эсрэгээрээ эрдэмтэд төслийн саналаа бариад дарга нарыг царайчлаад явна. Тэнд дээгүүр алба хашдаг танилтай бол захиалуулах магадлал өндөр. Уул нь хэн нэг сайд шинжлэх ухаан эрхэлсэн сайдын мөнгөөр салбарынхаа шинжлэх ухаан, технологийн төслөө захиалдаг өнөөгийн практикийг бүр мөсөн халаад өөрийн багцдаа ийм зардлаа суулгадаг болчихвол асуудал нилээд цэгцэрнэ. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ч олон эх үүсвэртэй болно. Нэг сумаар 2 туулай буудна гэсэн үг.