Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв
2015.12.30

Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2015.12.29/ Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы  хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ.

Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юмхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.