Сул зогсолтгүй нэг өдөр
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.28

Сул зогсолтгүй нэг өдөр

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг “Ажлын өдөр” буландаа урилаа. Ихэнхдээ л муу хэлэгдэж, цай аягалахаас эхлээд цүнх барихаа хүртэл хүнээр хийлгэдэг хэмээн төсөөлөгддөг, уулзах гэж өчнөөн удаан хүлээлгээд “Боломжгүй боллоо” гэсэн хариу сонсгодог, завтай ч юм шиг, завгүй ч юм шиг хүмүүс бол УИХ- ын гишүүд. Тэдний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг уншигчидтайгаа хамт сонирхохоор хэд хэдэн гишүүнд санал тавьсан юм. Зарим нь “Өнөөдөр, маргаашдаа завгүй, дараа болъё” гэдэг жижүүрийн үгээ хэлж, эвтэйхэн татгалзсан бол зарим нь оны дараа ажлын нэг өдрөө сурвалжлуулахаа амласан. Харин Я.Содбаатар гишүүн лхагва гараг буюу энэ сарын 23-нд биднийг (гэрэл зурагчин, сурвалжлагч) бүтэн өдөр дагуулж явсан юм. Энэ бол түүний ажлын жирийн л нэг өдөр. Түүний харьяалагддаг Байнгын хороодоос нэг нь хуралдаж, хоёрхон асуудал хэлэлцсэн, УИХ-ын нэгдсэн чуулгангүй, Ажлын хэсгийн хуралдаангүй, харьцангуй ачаалал багатай өдөр нь энэ.

Гэхдээ л бидэнд сул цаг гараагүй. УИХ- ын гишүүний ажлын онцлогийг бүрэн дүүрэн биш ч зах зухаас нь энэ сурвалжлага мэдрүүлэх болов уу гэж найдаж байна.

08:50. Тохирсон ёсоороо өрөөнд нь очиход туслах бүсгүй нэлээд эрт ирсэн бололтой, гишүүн            хараахан ирээгүй байв. Бадмаа гэж өөрийгөө танилцуулсан, дүрлэгэр алаг нүдтэй бүсгүй цайгаар дайлж, “Манай дарга уг нь өдийд ирчихсэн байдаг юмсан” хэмээн болзсон цагтаа ирээгүй даргаа хамгаалах янзтай дуугарна билээ. Я.Содбаатар гишүүний өрөө Төрийн ордны дөрөвдүгээр давхарт байрладаг бөгөөд туслах нь хамт суудаг аж. Бадмаа, гишүүний ширээн дээр өдөр тутмын сонинууд, гишүүнд хаягласан албан

бичиг, хуулийн төслүүдийг нямбай гэгч өрж тавиад суудалдаа суув.

09:10. Я.Содбаатар гишүүн орж ирлээ. Гадуур хувцсаа тайлаад ширээн дээр өрсөн албан бичиг, хуулийн төслүүдийг уншихаас түүний ажил эхэлдэг аж. Ойрын үед хэлэлцэхээр УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд орсон Тариалангийн тухай хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр оруулж ирсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл түүний ширээн дээр байна. Тэрбээр Хяналтын тухай хуулийн ажлыг хэсгийг ахалж буй тул уг хуультай холбоотой материалууд ч бас харагдана. Хуулийн төсөл, албан бичгүүдийг уншиж, ангилж, шаардлагатаид нь хариу өгөхийг туслахдаа үүрэг болгов. Өнгөрсөн сонгуулиар Я.Содбаатар намын жагсаалтаар сонгогдсон ч УИХ-аар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж мэргэжлийн байгууллага, холбоодоос санал ирүүлэх, иргэд зорьж ирж уулзан, хүсэлтээ уламжилах нь олон гэнэ.

09:30. Бичиг, төслүүдтэй танилцаж дуусаад өдөр тутмын сонинууд уншихаар суулаа. Сонинуудын хоёр, гуравдугаар нүүрийг нэлээд тогтож хараад, бусдыг нь гарчиглана гэдэг л болов.

09:55. Гишүүний гар утсанд дуудлага ирэв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал эхлэх гэж байна, хуралдаа суу гэж Ажлын албанаас зар дуулгаж байгаа аж. Хурал В танхимд болох хуваарьтай.

Танхимд ороход долоо, найман гишүүн суусан ирц бүрдээгүй байлаа.

10.08: УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар орж ирснээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц 52,6 хувь хүрч, хурал эхлэв. Энэ өдөр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн тухай Байнгын хорооны дарга Су.Батболд танилцуулсан. Эхнийх нь “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” УИХ-ын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Органик хүнсний тухай хуулийн гөсөл УИХ-д өргөн баригдсан, энэ хуулийг хэлэлцэж баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” УИХ-ын тоггоолын төслийг хойшлуулъя” гэсэн горимын санал гаргав. Уг горимын саналаар  санал хураалт явуулахад хоёр хүн эсрэг санал өгсний нэг нь манай сурвалжлагын гол баатар болохыг санал хураалтын дүн мэдээлдэг цахим самбар “ховлов”. Гэтэл гишүүн “алга болчихож”. Картаа хийчихээд санал хураалтад оролцоогүй тул санал нь эсрэг гэж тоологдсон хэрэг. Өдөржин дагах үүрэгтэй намайг мартаад, эсвэл төвөгшөөгөөд “төөрүүлж” орхиод явчихсан юм биш байгаа хэмээн сандран гартал танхимын үүдэнд утсаар ярьж зогсов.

Парламентын сэтгүүлчдийн “Өндөр ээж” Янжаа эгчтэй хэдэн үг сольж, анхаарлаа түр өөр зүгт хандуулах үед минь утсаар ярихаар гарсан юмсанж. Хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох тухай байв. Нэг жил ажиллаад хугацаа нь дуусаж байгаа, МАН Засгаас гарсан, сонгууль дөхөж байгаа зэрэг хэд хэдэн шалтгаанаар УИХ-ын гишүүн Су.Батболд Байнгын хорооны даргын албаа өгөх болсон аж. УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нэрийг дэвшүүлэв. Түүнийг хуралдаанд оролцсон гишүүд 52.6 хувийн саналаар дэмжсэн бөгөөд манай баатар дэмжсэн санал өгсөн.

10.45: Хэлэлцэх асуудал дуусаж, Байнгын хорооны хурал өндөрлөлөө. Хуралдааны танхимаас гарч явтал Р.Бурмаа сайд“Миний горимын саналаар санал хураах гэж байхад Та гараад явчих юм. Таны санал эсрэг гарсан” хэмээн гомдол мэдүүлж дуулдав. Я.Содбаатар гишүүн Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Оюунтай хамтарч боловсруулсан. Өргөн барьсан хуультай нь холбоотой асуудлаар горимын санал гаргаж байхад боловсруулсан гишүүний санал эсрэг гарсан тул Р.Бурмаа сайд дээрх гомдлыг хэлсэн хэрэг. Гэхдээ горимын санал нь дэмжигдсэн болохоор энэ бол асуудал биш билээ.

10:50. Өрөөндөө ирэхэд Бадмаа “Танд үүнийг өгчихөөрэй гэсэн” хэмээсээр хатуу хавтастай зузаан ном барьж угтав. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Ж.Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” хэмээх 12 боть гаргахаар ажиллаж буй бөгөөд дэд дэвтэр нь хэвлэлтээс гарсныг түүнд хүргүүлсэн нь энэ аж. Уг номд Я.Содбаатар гишүүний тухай хөрөг нийтлэл багтсаныг бас уламжилжээ.

Гишүүн өөрийнхөө тухай хэсгийг уншаад “Багш маань бүтээж байгаа энэ сайхан номдоо миний тухай бичиж оруулсан байна. Багш намайг надаас асуух шаардлагагүйгээр сайн мэднэ л дээ. Намайг арай л их магтчихаж” гэв. Тэгээд номын хуудсыг дахин эргүүлж байснаа “Өө би чинь Гүег хаантай зэрэгцээд “Монголын суут хүмүүс”-т орчихсон байна шүү дээ” хэмээн хошигнов. Уг номд Монголын хаадаас эхлээд үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн намтар, хөрөг багтсан аж.

11:00. Түүнтэй уулзахаар Өвөрхангай аймгийн оюутны холбооныхон ирсэн талаар туслах нь мэдэгдэхэд “Оруулчих” гэв. Өвөрхангай аймгийн оюутны холбоо, Өвөрхангай аймгийн оюутны “Хөгжлийн хүрд” холбоо гэсэн хоёр байгууллагын төлөөлөл болох дөрвөн залуу орж ирлээ. Тэд урлагийн их наадам амжилттай болсон талаар гишүүнд дуулгаж, шинэ онд хийх ажлуудынхаа талаар санал солилцохоор иржээ. Он гаргаад Оюутан, залуусын форум хиймээр байна, илтгэлийн тэмцээнийг хэзээ зохион байгуулах вэ, “Манлайлагч-100” гэж том арга хэмжээ бий, яруу найргийн наадам, “Эжийдээ илгээх захидал” уралдаан зарламаар байна гээд залуус дор бүртээ саналтай, төлөвлөгөө, төсөлтэй явна.

Өөрөө оюутан байж үзсэн, Монголын оюутны холбоонд олон жил ажилласан, МАН-ын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж явсны хувьд залуусыг ойлгож, тэдний гаргасан санал санаачилгыг дэмжиж ажилладаг болохоор нутгийнх нь оюутнууд түүнийг зорьж ирдэг аж. Энэ удаа ч оюутнууд ганзага хоосон буцсангүй. Цагаан сар, оюутны амралт дуусаж, хичээл ном жигдэрсэн үед буюу хоёрдугаар сарын 15-ны үед форумаа хийе, “Манлайлагч-100” арга хэмжээг 4-5-р сард зохион байгуулая хэмээн тохиролцож, гишүүн дээрх арга хэмжээг зохион байгуулахад туслахаа амлав. Хэргээ бүтээсэн оюутнууд орой болох шинэ жилийн баяртаа гишүүнийг уриад гарлаа. Санхүүжилт хүсэж орж ирсэн санал, хүсэлтийг бүгдийг нь зөвшөөрдөг юм уу гэж асуухад “Оюутнууд тодорхой саналыг төсөл хэлбэрээр оруулж ирээд, манай ажлын албатай хамтарч хэрэгжүүлдэг. Оюутнууд маань дандаа надаас мөнгө нэхээд байхгүй.

Өөрсдөө их санаачилгатай. Жишээлбэл, өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн амжиргааны боломж муутай 200 өрхийн хүүхдүүдийг баярлуулахдаа сайн үйлсийн аян зохион байгуулж, санхүүжилтээ босгосон. Яасан гэхээр, Challenge маягаар хийж, түүнийгээ надаас эхлүүлсэн. Би сайн үйлсийн аянд хандив өгөөд, Өвөрхангай аймгаас гаралтай хоёр хүний нэр хэлж, тэр хүмүүс нь бас хоёр хүний нэр хэлэх маягаар явсаар Хүүхдийн баяраар хүүхэд баярлуулах санхүүжилтээ өөрсдөө босгосон. Энэ мэтчилэн их санаачилгатай, үр бүтээлтэй ажилладаг сайхан залуус байдаг юм. Одоогийн залуусын сэтгэлгээ их өөр болсон. Шууд санхүүжилт авна гэхээсээ илүү өөрсдөө болгож бүтээх хүсэл эрмэлзэл их байгаа нь харагддаг. Тийм залуустай хамтарч ажиллахад ч сайхан байдаг” гэсэн юм.

11.35: Гар утсанд нь дуудлага ирэв.

-Та хаана байна... Оройдоо ирчих юм байна, тийм үү... Бэлтгэл ажил гайгүй байгаа... Утсаар ярьж дуусаад “Хархорин сумын Засаг дарга ярьж байна. Орой Хархорины нутгийн зөвлөлийн шинэ жилийн баяр болох юм” хэмээн надад “тайлагнав”. Энэ үеэр туслах бүсгүй аймгийн удирдлагуудтаи утсаар ярих ёстойг нь сануулж, гишүүн утас цохилоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболдтой холбогдож буй аж. Энэ удаа цаанаас нь зовлон ярьж байгаа бололтой.

-Орон нутгийн данс хаасан гэнэ ээ...Гурав хоног нээгээд л буцаагаад хаачихаж байгаа юм уу...3а Болор сайдтай яриадхая...

Орон нутгийн төсвийн данс төсөв хэлэлцэх үеэр хаагаад саяхан нээсэн. Гэтэл нээгээд гурав ч хонохгүй буцаагаад хаасан талаар Өвөрхангай аймгийн ИТХ- ын дарга гомдол мэдүүлжээ. Содоо гишүүн “Оны сүүлчээр данс хаадаг ч энэ удаагийнх шиг арванхоёрдугаар сарын 23-нд хаадаггүй юм даа. Орон нутгийн ажил хэцүүдэж байгаа юм байна даа” гэв.

11:50. “Намын байраар орж шагнал гуйна аа” гэсээр өрөөнөөсөө гарлаа. Арван хоёрдугаар сарын 26-нд Өвөрхангай аймгийн МАН- ын хороо жилийн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийх бөгөөд Я.Содбаагар тэр хуралд суух, орой нь аймгийн намын хорооны шинэ жилийн баярт оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Дараа нь 5-6 сумаар явж, сумын намын хорооны гишүүдтэйгээ уулзаж, шинэ жилийн баярт нь оролцох тул аймаг, сумынхаа идэвх зүтгэлтэй намын гишүүдэд гар хоосон очихгүй хэмээн зорьж яваа хэрэг.

11:55. Тусгаар тогтнолын ордны долоодугаар давхарт байрлах МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булганзаяагийн өрөөнд орлоо. Аймгийн намын хорооны тайлангийн хуралд оролцож, ирэх жйлййн ажлаа төлөвлөх, 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүдээрээ  төрийн албанас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлэх зорилгоор Өвөрхангай руу явах гэж байгаагаа дуулгахад Х.Булганзаяа дарга “Ёстой зөв зүйл санууллаа. Өргөдлөө өгөхөө мартаад он гаргачих тохиолдол байдаг. Үүнийг бүх намын хороодод сануулах хэрэгтэй юм байна” гэв.

“Энэ мэт ажлын хажуугаар 5-6 суманд ажиллана, Хархорин суманд тун өвөрмөц шинэ жилийн баяр тэмдэглэхээр төлөвлөж байгаа. Сумын МАН-ын хороо АН-ын хороонд хамтарч шинэ жил тэмдэглэх урилга илгээсэн. Урилгыг хүлээж аваад шинэ жилийн баяраа хамтарч тэмдэглэх байх. Сум орон нутгийнхан намаар талцаж, хоёр хуваагдаж шинэ жилийн баяраа тусдаа тэмдэглэж байснаас хамтраад тэмдэглэвэл илүү сайхан байна. Ингэснээр орон нутагт нүүрлэсэн улстөржилт, намаар талцах явдал багасгана. Хархоринг улстөржилтгүй сум болгоно” гэж Я.Содбаатар намын нарийн бичгийн даргадаа яриад, намын гишүүдээ баярлуулах шагнал гуйж яваагаа хэлэв.

Х.Булганзаяа дарга “Та яасан хэцүү зүйл гуйж явна вэ. Тал талаас шагнал гуйгаад хэцүү байна. Намын шагнал дууссан” гээд халгаах шинжгүй болоход Я.Содбаатар “Ерөнхийлөгчөөс “Алтан гадас”, Хөдөлмөрийн хүндэт медаль хэд хэдийг авчихаад байхад намаасаа авч чадахгүй бол юу болох вэ” хэмээн шалсаар намын нарийн бичгийн дарга бүсгүйгээс “Намын тэргүүний ажилтан” тэмдэг хэдийг салгаж дөнгөв. Я.Содбаатар, Х.Булганзаяа нар залуучуудын байгууллагад хамт ажиллаж байсан, цөөнгүй жилийн өмнөөс биенээ мэдэх журмын нөхөд аж. Ажлын далимаар уулзсаных, ажил хэргийн, амин хувийн яриа өрнүүлж, бие биенээ цаашлуулж, инээж хөхөрч, ажлын санаа оноогоо ч ярилцаж, зорьж очсон ажлаа ч бүтээж амжлаа.

Тэдний хэн хэн нь Оюутолгойн ордыг ашиглах ажилд оролцож явсан юм байна. Я.Содбаатар анхны хэлэлцээрүүдэд оролцож байсан бол Х.Булганзаяа төсөл хэрэгжүүлэх ажилд зүтгэж явж. Оюутолгой төслийн талаар тэд нэлээд ярилцав. Я.Содбаатар, “Оюутолгойтой холбогдсон бүхнийг гадаадынхны гар хөл болсон, мөнгө цагаан, нүд улаан болсон хүмүүс мэтээр ярьж, бичдэг. Үе үеийн улстөрчдөд хэнд нь ч Монгол Улсаа гэсэн сэтгэл байдаг байх. Бид, бидний үр хүүхэд энэ улсад л эзэн нь болж амьдарна. Үр хүүхдэдээ эх орон шиг эх орон үлдээх, хойч үеийнхээ өмнө нүүр бардам, нэр хүндтэй үлдэх хүсэл бидэнд бүтдэд бий гэдэгт итгэдэг. Оюутолгойн гэрээний хувьд алдаа ч бий, оноо ч бий. Явцын дунд сайжруулаад явах байсан юмыг тас зогсоосон нь буруу байсан” хэмээсэн.

Шинэ жилийн баяр тэмдэглэх тухай яриа өрнөхөд Х.Булганзаяа, “Намын ажлын шугамаар өдөр бүр шахам шинэ жилд орж байна. Өдөржин ажилтай байж байгаад ажил тарахын алдад шинэ жилийн баярт орно нгүү гэдэг. Орой бүр үсээ индүүдүүлж, сэнсдүүлсээр байтал үс минь зулгарч унах нь. Эрэгтэй улстөрчид яагаад халзраад байдгийн учрыг одоо л олж байна” хэмээн хошигнож, бидэнд инээд бэлэглэв.

13.00: Цайны цаг. Үдээс өмнөх цагийг тун үр бүтээлтэй ашиглаж цөөнгүй ажил амжуулсаи Я.Содбаатар гишүүн үдийн цайгаа уухаар намын байрнаас гарч Төрийн ордны дөрөвдүгээр давхарт байрладаг УИХ- ын гишүүдэд үйлчилдэг зоогийн газрыг зорилоо.

14.00: Гишүүнтэй уулзахаар товлосон өөр нэг хүн орж ирэв. “Эй энд Эй партнерс” хуулийн фирмийн захирал Р.Батрагчаа хэмээн өөрийгөө танилцуулсан энэ залуу Засгийн газрын тухай хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд зарим шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярилцахаар иржээ.

15.30: Үдээс хойш Я.Содбаатарын харьяалагддаг Байнгын хороодын хуралдаан байгаагүй ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн тул уг хуралд оролцсон юм. Тэрбээр Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж эхэлсэн үеэс тодорхой байр суурь илэрхийлж буй бөгөөд энэ удаа ч “Сонгуулийн тогтолцоогоо эргэж харж, хүн сонгодог тогтолцоотой болъё. Автоматжуулсан системээр санал тоолж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа тул машинаар тоолохын зэрэгцээ гараар давхар тоолж баталгаажуулах шаардлагатай. Сонгуулийн маргаан шийдэх, сонгуульд мөнгө нөлөөлдөг явдлыг зохицуулах зохицуулалт нэмж оруулах хэрэгтэй. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамт явуулах заалтыг эргэж хармаар байна” гэсэн саналаа хэлэв. Мөн “Улс төрийн намын хууль, Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт бол энэ парламентын хийх ёстой гол ажил байсан. Энэ гурван хуулийн ажлын хэсгийг АН-ын гишүүд ахалсан. Эд нар хуулийн төслөө цаг тухайд нь оруулж ирээгүйгээс энэ гурван том хууль батлагдах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Үүнийхээ хариуцлагыг АН хүлээгээрэй” хэмээн ширүүхэн дуугарчихаад гарсан.

16.00: Телевизийн нэвтрүүлэгт оролцохоор цаг товлосон тул замын түгжрэлийг тооцож цагийн өмнө ордноос гарлаа. Royal телевизэд 15 минутын ярилцлагад ороод, эргэж өрөөндөө ирнэ хэмээн тооцож, дахин нэг уулзалт товлосон ч оролцох нэвтрүүлэг нь 15 минутын бус 50 минутын шууд ярилцлага байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амтран хэрэгжүүлж буй “Хэн нь хэн бэ” төслийн нэвтрүүлэг аж. Улс төрийн халуун сэдэв болоод буй Сонгуулийн хуулийн өөрчлөлт, ирэх жилийн сонгуулийн өнгө, улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, манлайлах чадваргүй, үнэт зүйлээ алдсан, дотоод эв нэгдэлгүй, байгууллагын соёл бүрэн төлөвшөөгүй улс төрийн намуудыг хэрхэн шинэчилж, төлөвшүүлэх талаар гэхчилэн олон сэдэв хөндсөн ярилцлага цаг шахам үргэлжлэв.

18.00: Ажил тарах цаг. Гэвч Я.Содбаатар гишүүн шинэ жилийн хоёр баярт оролцох урилгатай. Энэ бол түүний ажлын нэг хэсэг. Нутгийн зөвлөлийн шинэ жилд нутгийн улстөрч ирээгүй бол нэг л эзгүй оргидог. Төрийн түшээ баярт нь очих нь нутаг орноо, сонгогч олноо хүндэлж буй нэг хэлбэр.

Эхний баяр 18.00 цагт эхэлнэ хэмээн цаг заасан. Монголчуудын баяр цагтаа эхэлдэггүй, 19.00 цагт эхэлнэ гэж тооцоод ч их хотын их түгжрэлийг туулж, Төрийн ордон хүрээд буцаж ирэх хугацаа үлдээгуй тул өрөөндөө товлосон уулзалтаа цуцлав.

18.30: Royal телевизээс гарч, түгжрэл дундуур “мөлхсөөр” Чингис зочид буудалд ирэв. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн шинэ жилийн цэнгүүн Чингис зочид буудлын Хаан танхимд болох аж. Хайруу хүйтэн өвлийг хамгийн сайхан улирал болгодог ид шидтэй шинэ жилийн баярын чимэглэл, гоёл зүүсгэл Хаан танхимын сүрлэг сайхантай сүлэлдээд, үүн дээр удаан уулзаагүй нутаг нугийнхан учран золгож, баярлан уулзалдаад, үнэхээр сайхан орчин, уур амьсгал бүрджээ. Нутгийнхан цуглаж, тансаг ширээнүүд зочдоор дүүрсэн ч баяр албан ёсоор эхлээгүй байв. Нутгийнхан гишүүнээ ирсэнд баярлаж буй нь илт. Гар барих нь барьж, хөөрөг зөрүүлэх нь зөрүүлж, хундага тулгах нь тулгаж, янз янзаар мэнд мэдэж, нутгийнхнаа хүндэлж, баярт ирсэнд талархаж буйгаа илэрхийлж байв.

19.30: Баярын цэнгүүн албан ёсоор эхэлж, бид сурвалжлагаа өндөрлөв. Түүнийг нутгийн оюутны зөвлөлийнхөн шинэ жилдээ урьсан, тэр очино гэж амалсан. Нутгийн зөвлөлийн шинэ жилийн баяр дээр нутаг орныхоо хөгжлийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажилладаг, нутгаа гэсэн сэтгэлтэй зарим хүнд шагнал гардуулаад Оюутны зөвлөлийн шинэ жил рүү явна гэсээр үлдсэн.