Миний мэдэх Женко Баттулга
Миний мэдэх Женко Баттулга
2015.12.21

Миний мэдэх Женко Баттулга

“Нохойн орон”, “Талын хот” зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кинонуудын зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко” намтарчилсан хөрөг ном туурвижээ.

Сэтгүүлч Д.Төрмөнхийг Монголчууд Бельгийн найруулагч Петер Бросэнстэй хамтран бүтээсэн “Нохойн орон” киногоор нь анддаггүй. Дэлхийн 60 гаруй кино наадамд тунан оролцож, есөн гран-при, тэргүүн дэд шагнал 23-ыг хүртсэн юм.  

1990-ээд оны сүүлээр Швейцарийн Нионд зохион байгуулагддаг олон улсад өндөр зэрэглэлийн баримтат кино наадмын Гран-при шагналыг “Нохойн орон” кинонд хүртээхэд сэтгүүлч Д.Төрмөнх өнөөх хэцүү нэртийнд байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Миний мэдэх Женко Баттулга” номондоо тодорхой оруулжээ. ДУДС-д хамт суралцаж, тэр үеэс нөхөрлөж явсан хоёр хожим маш олон үйл явдалд хамт байсны нэг нь тэднийг холбодог 17 чингэлэг спиртийн гэх хэрэг байсан тухай номынхоо эхний бүлгийн тавдугаар хэсэгт бичсэнээ өөрийнхөө нийтлэлчийн буланд дэлгэн тавьсан байсан юм. 

Д.Төрмөнх номынхоо тухайд “Магадгүй түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ. Номын эхний бүлгийн тавдугаар хэсгийг эхлэн уншигчиддаа танилцуулж байгаа нь ч бас учиртай.  Баттулга бид хоёрыг доор өгүүлэх үйл явдлаар л холбох нь элбэг. Уг нь бид хоёр ДУДС-д сурч байх үеэс нөхөрлөж эхэлсэн арвин түүхтэй хоёр билээ. 

Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ? Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээн бичжээ. 

Эдүгээ уг ном хэвлэлтэд орсон байгаа бөгөөд тун удахгүй номын худалдаагаар борлуулагдаж эхлэх юм байна. Цагтаа эсэргүү этгээд хэмээн ажлаасаа халагдаж, “Товч толь” сонинг эрхлэн гаргахын сацуу “Ардчилал” сонинд нийтлэл бичдэг байсан Д.Төрмөнх 1990-ээд оны эхээр одоогийн Ардчиллын ордонд “Женко” Х.Баттулгын урд өрөөнд суудаг байсан гэдэг.

Тиймээс тэднийг холбох зүйл чамгүй байсан бололтой. Сэтгүүлч Д.Төрмөнх нэлээд шалсны эцэст Х.Баттулгаар хамаг амьдралыг нь яриулж, зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, тэр бүхнээ номын хуудаснаа буулгаснаа удахгүй олон нийтийн  хүртээл болгохоор зэхжээ. Иймээс номд дурлагсад, номын хорхойтнууд тун удахгүй бодит хүний түүхэн түүхийг өгүүлсэн хөрөг номыг номын сандаа нэмэх нь.