Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гараар давхар тоолно
УИХ-ын гишүүн, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч А.Бакейтай ярилцлаа.
-Ажлын хэсэг хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрсэн. Ажлын хэсгийн хуралдаанаас ямар асуудлыг шийдсэн бэ?
-УИХ дээр Сонгуулийн тухай хуулийн гурван төсөл орж ирсэн. Өргөн барьж, хэлэлцүүлгийн шатандаа явж буй хоёр хуулийг байнгын хорооны хурал дээр хэлэлцсэн юм. Улмаар орж ирсэн хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх асуудал дээр санал нийлсэн. Р.Бурмаа нарын өргөн барьсан сонгуулийн тухай хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гурав дахь нь болох О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн тухайд ажлын хэсэг дээр анхнаасаа нэгтгэж явъя гэх санал гарсан. Гэхдээ энэ хуулийг өргөн барьсан гишүүдийн дийлэнх нь уг хуулийг тусад нь хэлэлцүүлье гэх саналыг бичгээр гаргасан. Тиймээс өнөөдөр (өчигдөр) уг хуулийн төслийг ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлгийг хийе гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Р.Бурмаа, Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын шинжтэй хэд, хэдэн гол санал бий.
Нэгдүгээрт, Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг суурь хууль болгоё. Хоёрдугаарт, томсгосон тойргийг 48 мандаттай, жагсаалтыг 28 мандаттай байх системийг хэвээр хадгалсан холимог системийн тогтолцоотой байя. Гуравдугаарт, УИХ-ын ээлжит сонгуулийг нийслэлийн болон аймгийн ИТХ-ын сонгуультай нэг өдөр хамтад нь зохион байгуулъя. Дөрөвдүгээрт, саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолъё. Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр давхар гараар тоолъё гэж зөвшилцсөн. Нийгэм даяар яригдаж буй санал тоолох машины эргэлзээ, хардалтыг үгүй болгох үүднээс уг саналыг гаргалаа. Мөн Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр СЕХ буюу сонгуулийн төв байгууллагын зарим чиг үүрэг, зохион байгуулалт арай өөр маягаар томъёологдож орж ирсэн. Үүнийг одоо мөрдөж буй хуулийн дагуу хэвээр нь байлгах хэрэгтэй гэсэн. Эдгээр зарчмын зөрүүтэй санал дээр санал нийлсэн байгаа. Дээрх дөрвөн санал жижиг мэт боловч хуулийн холбогдох заалтууд дээр суулгахаар нэлээн олон санал болчихож байгаа юм.
-Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль тусдаа болно гэсэн үг үү?
-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг аравдугаар сард явуулах нь зүйтэй гэж тогтсон. Энэ хооронд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэх асуудал шийдэгдэх байх. УИХ-ын сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулж магадгүй. Тэр үед сонгогч олон Үндсэн хуулийг ингэж, ингэж өөрчилье гэвэл магадгүй сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчдийг ард түмэн нь шууд сонгодог болно. Тэр үед Үндсэн хуульд дахин өөрчлөлт орж магадгүй учраас сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусад нь аравдугаар сард явуулахаар болсон.
-Сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэлх хувь дээр гар тооллого давхар явуулна гэлээ. Хэсгийн хороогоо хэрхэн сонгох вэ?
-Сугалах буюу санамсаргүй хэлбэрээр хэсгийн хороогоо сонгож гар тооллого давхар явуулна. Техникийн тооллого хийх ажлыг СЕХ зохион байгуулна. Гэхдээ сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн болон иргэдийн төлөөлөл оролцож ил тод байдлаар зохион байгуулах ёстой гэх зарчмын санал дэмжигдсэн. Мэдээж хэрэг техникийн тооллого явуулах журмыг СЕХ нарийвчлан боловсруулж батлуулах ёстой.
-Хар машинаар тоолсон саналын дүн гараар тоолсонтой зөрвөл хэрхэн шийдвэрлэх вэ?
-Зөрүү гарах ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ ноцтой хэмжээний зөрүү гарвал хуулийн дагуу холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
-Сонгуулийн сурталчилгааны хоног, хугацааг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Сурталчилгаатай холбоотой тусгайлсан зарчмын зөрүүтэй санал гараагүй. Өөрөөр хэлбэл өргөн барьсан хуулийн төсөлд яаж орж ирсэн тэрүүгээрээ явж байгаа. Сурталчилгааг ямар хэлбэрээр, ямар хязгаарлалттай байх вэ гэдгийг зааж өгсөн. Сонин, хэвлэл, радио телевизээр сурталчилгаа явуулах зохих хэмжээний хязгаарлалттай байх ёстой. Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөлд яаж заасан байна, түүгээр явж байгаа. Тухайлбал, арилжааны телевизээр нэг өдөрт явуулах сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй гэж заасан бол сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад ижил тэнцүү боломж олгох ёстой. Сонин хэвлэлийн хувьд нийтлэл гаргах хэмжээг нь зааж өгсөн. Нэг ёсондоо 2012 оны сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг яаж явуулж байсан тэр системээрээ явна.
-Сонгуулийн тухай хуулийг цагийг нь тулгаж баталдаг гэх шүүмжлэл байдаг. Сонгууль болохоос нэг жилийн өмнө хуулиа хэлэлцээд баталж болдоггүй юм уу?
-Би санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2013 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Тэрнээс хойш хоёр жил хэртэй хугацаанд ажлын хэсэг ажиллаж маш олон удаа хуралдаж, хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд хуулийн төсөл боловсрууллаа. Энэ хооронд Засгийн газар солигдож улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө. МАН Засгийн газарт хамтарч ажиллахдаа улс орны нийгэм, эдийн засаг, хөгжилтэй холбоотой томоохон асуудлыг шийдье. Үүнийхээ зэрэгцээ томоохон хуулийн төслийг хэлэлцэж баталъя гэж гэрээн дээр тусгасан. Тэдэн дунд улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль, төрийн албаны тухай хууль багтсан байгаа. Хамтарсан хугацаанд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэсэн боловч болсонгүй. Ингээд хугацаа хойшилсоор байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-д суудалтай гурван бүлэг тус бүртээ сонгуулийн тухай хуулийг өргөн барилаа. Түүнээс биш суурь болгож буй Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл аль хэдийнэ бэлэн болчихсон байсан. Хэрэв хамтарч байх үедээ цаг алдалгүй хэлэлцээд эхэлчихсэн бол ингэж хугацаа тулахгүй байсан.
-Дээрх сонгуулийн тухай хуулийн төсөл хэр сайн болсон бэ. Ер нь сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчлөхгүй байж болдоггүй юм уу. Нэг сайн хууль батлаад тэр системээрээ сонгуулиа хийвэл ард түмэнд амар биш үү?
-Ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн маш олон хүний оролцоотойгоор уг хуулийн төсөл бэлэн болсон. Тиймээс ганцхан Р.Бурмаа сайдын толгойноос гарсан хуулийн төсөл биш. Хамтын бүтээл гэж ойлгож болно. Олон хүний санаа бодол орсон. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа шинэчлэх болгондоо өмнөх алдаагаа засдаг. Өмнөх сонгуулийн үеэр хуулийн ямар цоорхой гарч вэ гэдгийг анзаарч улам боловсронгуй болгодог. Одоо өргөн барьж буй хуулийн төсөл ч гэсэн 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар зайлшгүй засахаар байсан зүйлийг эргэж нягталсан. Өөрөөр хэлбэл, процессын шинжтэй сонгуулийн явцад ажиглагдсан бэрхшээл, зөрчлийг арилгахад чиглэсэн сайн хууль боллоо гэж үзэж байгаа.
Бас нэг онцлог нь одоо мөрдөж буй сонгуулийн хуулиар УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг өөр, өөр хуулиар зохион байгуулдаг байсан. Гэтэл дээрх гурван сонгуульд нийтлэг зүйл их байдаг. Тухайлбал, сонгуулийн зарчим, нэрсийн жагсаалтыг гаргах, сонгогчдыг бүртгэх зэрэг нийтлэг зүйл олон. Харин одоогийн өргөн барьж буй хуулиар аль ч сонгуульд хамаатай нийтлэг хэсгийг маш ойлгомжтой хэлбэрээр бүрдүүлж өгсөн. Үүнийгээ дагалдуулан гурван сонгуулийн онцлогтой тусгай хэсгийг зааж өгсөн байгаа.