Ард түмэн хов идэж цадаж байна
Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасанг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сүүлийн үед ордноор их явж харагдаж байна. Сонин сайхан юу байна даа. Ямар ажил амжуулаад явж байна вэ?
-Ахмадуудад зориулсан ажлаа амжуулаад явж байна. Ямартай ч ахмадын ажлыг шинэ шатанд гаргах, ахмадуудын дунд байгаа бэрхшээлүүдийг даван туулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ахмадуудын дундах намчирхал, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, аль болохоор эв нэгдэлтэй байлгах чиглэлийн ажлыг хийж байна. Ер нь сүүлийн үед ахмадууд мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаардаг болсон. Гэхдээ ахмадуудын дөнгөж 21 хувь нь компьютер, гар утастай харьцах мэдлэгтэй, 80-аад хувь нь тааруу байгаа учраас энэ талын мэдлэгийг сайжруулах, насан туршийн боловсрол олгох гэсэн програмын дагуух ажлуудыг хийж байна. Хүн мэдээллээр байнга хангагдаж байх ёстой. Тэгэхээр бид ахмадууддаа үргэлж мэдээлэл өгөх зэрэг олон ажил хийж байна.
-Өнөөдрийн тулгамдсан асуудал Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг батлуулах асуудалд парламент анхаарч ажиллаж байна. Тэр дундаа Сонгуулийн хуулийг батлахад эрх баригч болоод сөрөг хүчнийхэн нэгдсэн байр суурьт хүрэхгүй маргалдаж байна. Ер нь таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн хууль гэдэг Монгол Улсын иргэд, сонгогчдын сонгох эрхийг бүрэн хангасан хууль байх ёстой. Тэгэхээр энэ хуулийг парламентад суудалтай намууд хоорондоо тохиролцож батлах нь буруу.
-Тэгэхээр яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Сонгогчдын оролцоотой, тэдний саналыг нэгтгэж аваад өөрчлөх ёстой гэж бодож байна. Одоо өөрчлөх гээд яриад байгааг харахад засгийн эрхэнд гарахын тулд яаж ашигтай байх вэ гэдэг дээр анхаарч байна. Харин саналын хар машины тухайд яах аргагүй МАН буюу одоогийн сөрөг хүчнийхэн өөрсдөө баталсан. Тухайн үед миний бие яг энэ хар машины асуудлаар хэвлэлийн бага хурал хүртэл хийж тэмцэж байсан. Тэгэхэд тэр үед өнөөдрийн сөрөг хүчин хар машиныг хамгийн сайн, баталгаатай, хүний саналыг хулгай хийхгүй хэмээж байсан.
Гэтэл өнөөдөр тэр машин муу байна, өөрчил гэх юм. Үнэндээ энийг ойлгохгүй байгаа. Хар машиныг ашигласны нэг гавьяа гэвэл 3000-аас дээш саналыг тоолох боломжийг олгож өгсөн. 2012 онд гар тооллогын баталгааг хийж л байсан шүү дээ. Тэр үед би дотор нь ажиглагчаар ажиллаж байсан. Гар тооллого, автомат машины тооллого яг таарч байсан. Тэгэхээр сөрөг хүчин өөрсдөө ашигтайгаар асуудалд ханддагаа болимоор байгаа юм. Улс орон болоод ард иргэдийн хувь заяа, улсын хөгжил дэвшил, хил хязгаар дунд нийгмийн амьдрал яаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар намууд ойлгож сурах хэрэгтэй.
-Улс орны хөгжил дэвшил, иргэдийн хувь заяаг намууд ойлгохгүй зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт бүхнийг нийцүүлэхийг дээгүүр тавьж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, Намуудыг харж байхад төрийн эрхэнд яаж гарах уу, яаж бие биенээ муу хэлэх үү гэдэг дээр л ажиллаж байгаа болохоос улс орныг яаж хөгжүүлэх үү, алдаа дутагдлаа хэрхэн нийлж засах уу гэдэг дээр ерөөсөө хамтрахгүй байна. Энэ бол маш харамсалтай юм. Энэ бүхнээс харахад ард иргэдээ хэргээр ядуу байлгаж, албаар буруу мэдээллээр иргэдийнхээ толгойг угааж, хов, цуу ярианд дуртай болгож байна гэж дүгнэж болно. Ард түмэн хов идэж цадаж байна. Ер нь бодит бус зүйлд ард иргэдээ хөтөлж байна. Хариуцлага байхгүй болжээ.
Тэгэхээр ард түмэн минь 2016 оны сонгуулиар худлаа амалж байгаа амлалт, хэрэггүй баахан гурил будаа тарааж байгаа зэргээс салангид байж 25 жилийн хугацаанд бидний амьдрал ямар байгаа гэдгээ дүгнэх хэрэгтэй. Энэ 25 жилийн 18 жилийн хугацаанд МАН буюу МАХН засаг барьсан. Долоон жилийн хугацаанд АН засаг барьсан. Тэгэхээр нийгэм яагаад ийм аюултай болов гэдгийг нухацтай, углуурга, үндсээр нь харж дүгнэх хэрэгтэй. Ялангуяа залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд ирэх сонгуульд тун ухаалгаар хандаж оролцох ёстой. Гуравхан сая монголчууд бие биеэ ад үзээд, олон намд хуваагдаад, тэгээд сүүлдээ тэрийгээ үзэн ядах сэтгэлгээнд оруулж байгаа нь Монгол Улсыг бутаргах, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлсөн асуудал болоод байна.
-Таны хувьд Сонгуулийн хуулийг өөрчлөөд байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу даа. Гэтэл өнөөдөр Сонгуулийн хуульд зайшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ гээд улс төрийи намууд жагсаал цуглаан хийгээд тэмцэж байдаг. Нэг үгээр хэлбэл, парламентад суудалгүй улс төрийн намууд болоод МАН нэг талд АН ганцаараа нэг талд гээд голын хоёр эрэгт зогсчихсон байдаг?
-Нэг л зүйл хэлье, Хар машинд нэг нь итгээд нөгөө нь итгэхгүй гээд "байлдаад" байгаа юм бол сонгуулийн саналыг проектороор ил гаргаад тоолчих хэрэгтэй. Ядах юу байхав. Үнэхээр ард иргэдийн саналыг үнэнээр тоолёо гэвэл олон арга бий. Заавал тэр хар машинтай ноцолдох ямар хэрэг байна. Тэрнээсээ татгалзчих л даа, машиныг МАН авч байсан нь үнэн. Өөрсдөө гараагүй болохоор шатаагаад, больё гээд байх юм. Гар тооллогын үеэр юу болдгийг өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ. Тог унтраадаг, санаатайгаар будилуулдаг гэх зэргээр маш их юм хийдэг. Сонгуулийг луйварддаг өчнөөн арга байна. Тиймээс би энэ талын саналыг олон удаа гаргаж тавьж байсан. Проектор ашиглаад ханан дээр бүх саналыг ил гаргавал ямар нэгэн хэрүүл маргаан үүсэхгүй юм биш үү. Шударга ч болно. Ажиглагч нар нь хол сууж байсан ч харагдана. Тэгэхээр хар машинаа болиод проектор ашиглаад сонгуулиа явуулчихвал шударга биз. Энэ чинь ард түмний хувь заяа биз дээ.
-Тэр үед таны хариуцаж байсан хэсгийн хороонд гар тооллого давхар хийхэд ямар нэгэн асуудал гарч байгаагүй юм уу?
-Миний хувьд 1990 оны ардчилсан нийгэм гарснаас хойш олон сонгуулийн үйл ажиллагаанд оролцлоо. Өөрөө нэр дэвшиж ч байлаа. Ажиглагч, штаб удирдаж хэсгийн тойргийн ахлагч хийж байсан. Хийгээгүй юм байхгүй. Тэгэхэд дандаа хулгай хийдэг явдал гардаг. Төр барьж, бидний татварын мөнгө, төрийн мөнгөнөөс идэхээ л урдаа барьдаг нэр дэвшигчид байсан болохоос монголыг өөд татаж, Монгол хүнээ сайхан байлгая гэж бодсон хүн сүүлийн 25 жилийн хугацаанд тун ховор байсан даа. Өнөөдөр нэг үйлдвэр барилаа гэхэд л бүгд гадаадын эрх ашигт нийцсэн байна. Монгол хүний эрх ашигт нийцсэн нэг ч үйлдвэр алга.
-Та ирэх жилийн сонгуулиар нэр дэвших үү?
Би Баянзүрх дүүргээс бие дааж, нэр дэвшинэ. Түүнээс бус ямар нэгэн намаас дэвшихгүй. Надад нам дагах ямар ч сэтгэл зүрх байхгүй. Олон түмэн, айл бүхэн, ахмадууд, залуусын дунд ингэвэл Монгол орон сайхан болох нь гэсэн яриа байдаг. Тэр бүхнийг нь хүнээсээ сонсож сурья. Хүнийхээ бодол санааг сонсож, тэдэнд хэрэгтэй ажил мэргэжлийг нь бий болгоё.
-Нэр дэвших гэж байгаа хүний хувьд саналын хар машинд итгэж байгаа юу?
-Хар машинд итгэхгүй, итгэж байгаа хоёрын дунд хайнааг нь хагалаад проектороор санал хураачих.
-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барихынхаа өмнө хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийлээ. Улс төрийн намын тухай хуулийг харж байхад нэлээд өөрчлөлт хийж байх шиг байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Би намуудын хуулийг шинэчлэхийг 150 хувь дэмжиж байна. Бас намуудын хөрөнгийн асуудал байгаа. Шулуухан хэлэхэд, Молголд байгаа бүх намыг тарааж, нойллох ёстой. Тэгээд гишүүнчлэлгүй, цоо шинэ нам байгуулагдах хэрэгтэй. Тэр шинэ нам төрийн эрхийн төлөө явж болохгүй. Харин улсыг хөгжүүлэх, бодлого хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой.
Тэгээд сонгуулиар тэр намын бодлого бидний санаанд илүү их нийцэж байна гээд бодлогыг нь сонгодог байх хэрэгтэй. Тэгж байж улс орны хувь заяа бодлоготой болно. Гэтэл өнөөдөр Монгол Улсад бодлого алга. Би өнөөдөр 50 нас хүрсэн. Миний том хүү 30 гарчихсан. Ач зээ маань таван настай боллоо. Гэтэл өнөөдөр тэдний ирээдүй ийм байна. Улсын маань хөгжил тийм байх нь гэсэн итгэл үнэмшил алга. Хүн чинь ер нь ирээдүйнхээ төлөө амьдардаг. Гэтэл ирээдүйн бодлого алга. Харин мөнгө идэх бодлого байгаад байна.
-Танд нам байгуулах бодол бий юу?
-Монголд нам шиг хэрэггүй юм алга. Хатуу гишүүнчлэлгүй бодлого хрэгжүүлдэг цоо шинэ нам байгуулах боломжийг хөгжүүлвэл, ирээдүйн монголыг дэлхийн улсуудаас дутахааргүй орон болгоход хамтарч ажиллахад би бэлэн байна. Гэхдээ өнөөдрийн төрийн эрхийн төлөө явдаг нам бол арай биш ээ.