Сонгуулийн хуулиар намууд шийдэлд хүрсэн үү?
Парламентад улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахаар зөвшилцөлд хүрчээ. УИХ дахь сөрөг хүчин Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахыг тэр дундаа сонгогчдын саналын хуудсыг автомат машинаас гадна гараар тоолж баталгаажуулахыг шаардан, байнгын хороо, чуулганы хуралдааныг хаяж, МАН-ын гишүүд хоёр ч удаа Төрийн ордныг тойрч жагссан.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ дахь АН, МАН-ын бүлэг зөвшилцөж, зөвхөн хяналтын тооллогыг гараар тоолох асуудлаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна. Үүнийг Сонгуулийн хуулийн төсөл энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарьт оруулж, ажлын хэсэг хуралдсанаар баталгаажуулж байна. Өчигдөр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар ямар шийдэлд хүрсэн талаар ажлын хэсгийн зарим гишүүдээс байр суурийг тодруулсан юм.
Санал нийлсэн асуудал байхгүй
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Р.Бурмаа гишүүний хуулийг суурь болгоод зарим зарчмын шинжтэй том асуудлаа ярьж байна. Холимог тогтолцоог авъя, 28-аа бүсчлэх үү, ямар байдлаар авч явах вэ. УИХ-ын сонгуультай аймаг, нийслэл орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу, хяналтын тооллогыг хэд хүртэл хувиар хийж болох вэ гэхчлэн хэдхэн асуудлаар ярьж байна.
-Ажлын хэсгийн гишүүд одоогоор ямар асуудалд санал нийлсэн бол?
-Одоохондоо санал нийлсэн асуудал байхгүй байна.
Жагсаалтаар сонгохдоо бүсчлэх нь буруу
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө тогтолцоог хөндөх үү?
-Ажлын хэсэг хуралдаж, одоогоор саналаа хэлэлцэж байна. Тодорхой шийдэлд хүрээгүй байна. Манай нам сонгуулийн тогтолцооог өөрчлөх нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Сонгууль бүрээр өөрчлөх бус, тогтвортой байх ёстой. Ажлын хэсэг дээр бусад асуудлаар өөрчлөх зүйл яригдаж байна. Жендэрийн, хүйсийн тэгш байдлын асуудал дээр тогтолцоог өөрчилье гэсэн саналыг эмэгтэйчүүд оруулж байна. Аль нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байх ёстой гэсэн санал гаргалаа. Мөн сурталчилгааны асуудлыг ажлын хэсэг хөндөж байна. Бараа сурталчилгааны асуудал биш улс орныг хэн удирдах вэ гэдэг асуудал. Тиймээс сурталчилгаа хэвлэл мэдээлэл, арилжааны телевизээр явахад хүн оновчтой сонголт хийхэд хэцүү байдаг юм байна. Нэг мөнгөтэй нөхөр өөрийгөө 5 удаа рекламддаг. Гэтэл нөгөө нэр дэвшигч нь мөнгөгүйгээсээ рекламдаж чаддаггүй. Тиймээс төлбөртэй сурталчилгааны асуудлыг зохицуулах санал гарсан. Дэмжигдэх үгүйг нь мэдэхгүй байна.
-Сонгуулийг ямар системтэй явуулахаар хэлэлцэж байгаа бол?
-Сонгуулийн 48:28 гэсэн холимог системийг өргөн барьсан юм байна. АН МАН-ын зүгээс намын жагсаалтаар сонгогддог 28 гэдгийг бүсчлэхээр ярилцжээ. Бүсчлэх нь буруу гэж бодож байна.
-Санал тоолох асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Саналын хуудсыг автомат машинаар тоолох нь зүйтэй. Гэхдээ шаардлагатай бол хяналтын тооллогыг зарим хэсгүүдэд хийж болно. Түүнээс бус дахин гараар тоолно гэж байхгүй.
Луйвраар сонгуульд ялалт байгуулахгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Аймаг, дүүрэг том чигээрээ байх нь зүйтэй. Аймаг нэг тойрог гэдэг байдлаар явах руу тогтож байна. Ард иргэдийн санаа зовж байгаа зүйл бол жагсаалтын ард нуугдсан хүмүүсээ болиоч ээ гэж байгаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү дээ.
Үндсэн хуульд ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгоно гэж заасан байгаа. жагсаалтын хувьд томсгоод зүүн бүс, хангай, баруун бүс, төв, Улаанбаатар гэж явах гээд байна. зөвхөн намын нэрээр явах бус намаа төлөөлсөн хүн нь цуг яваад Үндсэн хуульдаа нийцүүлэх хэлбэр яригдаж байна.
Хуучин намын нэр дугуйлангуут намдаа мөнгө хандивласан ч гэдэг юм уу дарга нар нь орж байсан. Хүний нэр дугуйлахаар томсгосон тойргоос хүн сонгогдоно гэсэн үг. Аймаг хуучнаараа хоёр мандат нэг тойрог ийм байдлаар явах болж байна.
-Санал хураалтыг ямар байдлаар шийдэж байгаа бол?
-50 хүртэл хувиар хяналтын тооллого хийнэ. Намууд бие даагчид бүгд зөвшөөрөх байдалтай болчихлоо. 100 хувь шаардлага байхгүй. 50 хүртэл хувиар түүвэр байдлаар хийчихэд төрийг бохир аргаар луйвардаж сонгуульд ялалт байгуулна гэсэн асуудал байхгүй.