Сонгуулийн хуулиар намууд  зөвшилцөлд хүрсэн бололтой
Сонгуулийн хуулиар намууд зөвшилцөлд хүрсэн бололтой
2015.12.23

Сонгуулийн хуулиар намууд зөвшилцөлд хүрсэн бололтой

УИХ-ын бүтцийн байгууллагууд цөөн хэдэн асуудал хэлэлцээд нам эвслийн бүлгүүд гол анхаарлаа Сонгуулийн хууль дээр төвлөрүүлээд байгаа. Нам эвслийн бүлгүүд ерөнхийдөө уг хуулийн төслийн санал нэгдэхгүй байгаа зарим асуудлыг ярилцаж байр сууриа нэгтгэжээ.

Харин ямар санал дэмжигдэж, хэрхэн өөрчлөлт оруулахаар болсон талаархи мэдээллийг гишүүд өгөхгүй байгаа юм. Товчхондоо хуулийн төслийг Байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцтэл ил гаргаж ярихгүй байхаар тохиролцсон аж. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын санаачилсан сонгуулийн хуулийг нэгтгэж, зөвшилцөх ажлын хэсэг хоёр хоног хуралдаад эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй учир мэдээлэл өгсөнгүй. Бүдэг бадаг тойм мэдээллээс цааш илүү тодорхой зүйл хэлэхгүй байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ахалж буй Сонгуулийн хуулийн төсөлд зөвшилцөх ажлын хэсэгт АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагч гишүүн Х.Болорчулуун нар ажиллаж байна. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй учир мэдээлэх боломжгүй гэж буй ч энэ долоо хоногийн Байнгын хороод, УИХ-ын чуулган хуралдах хуваарийг шахуу гаргаж, Сонгуулийн хуулийг батлахаар зохион байгуулалтыг хийжээ.

Зарим гишүүний хэлснээр намууд зөвшилцөлд хүрсэн учраас хэлэлцээд баталчих байх гэв. Тэгэхээр багагүй маргалдсан намуудын зөвшилцөл үр дүнд хүрч, Сонгуулийн хуулийг он дуусахаас өмнө буюу хуулийн хугацаанд нь багтааж энэ долоо хоногтоо батлах нь бололтой.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийхээр ойлголцоод явж байна

-Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна уу?

-Он солигдохоос өмнө Сонгуулийн хуулийг батлах хуулийн хугацаатай. Энэ хуулийн хугацаандаа батлагдах байх гэж найдаж байгаа.

-Танай намын бүлэг ямар саналууд тавьсан бэ?

-Зөвхөн манай намын зүгээс биш парламентад суудалтай болон суудалгүй 20-иод намаас тавьж байгаа шаардлага бий. Хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэсэн. Иргэд ч гэсэн энэ эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байгаа. Ямар ч байсан 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийхээр ойлголцоод явж байна.

-Тогтолцооны хувьд бүсчлэн хуваана гэж байсан?

-Бүсчлэх асуудал яригдаж байгаа. Монгол Улс таван бүстэй байна гэж одоохондоо ярьж байгаа. 28 дээр бүстээ хуваагдана.

-Ард нийтийн санал асуулгын тухай хуультай хамт явуулах юм уу? 

-Одоохондоо тийм зүйл яригдсангүй. 

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей: Гол гол асуудал дээр санал хурааж байгаа

-Сонгуулийн хуулийн зөвшилцөл дууссан уу?

-Зарим нэг гол гол асуудал дээр санал хураалт явагдаж байна. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэлх хувь дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа.

Тогтолцоогоороо бол 28-ыг бүсчилсэн байдлаар гэж яригдаж байна. Байнгын хороо хуралдаж байж асуудлаа ярина.