С.Эрдэнэ сайд мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.12.03/ Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тэрээр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг 2014 оны 01 дүгээр сард Улсын Их Хурлын 7 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг тэмдэглэв. Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлоод “Тухайн ахмад настны амьдралын түвшинг бууруулахгүй, амьдралын чанарыг алдагдуулахгүй байх зорилго бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжих боломжийг хуульчилж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой.
Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсан, тийм учраас Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болж байна. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээ, хувь хэмжээг тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар тогтоохоор хуульчиллаа” гэв.
Ингэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч ахмад настнуудад үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцлийг хангах, эрсдэл үүсгэхгүй байх үүднээс хамтын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20 хувь байхаар хуульчилсан байна. Хамтын тэтгэвэрийн тухай хуульд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 15-аас доошгүй жил болсон, эхнэр, нөхөр хоёулаа 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, бүрэн тэтгэвэр авдаг байх зэрэг шаардлагыг хангасан иргэд хамрагдах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг байна. Хууль батлагдсантай уялдан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы /2015.12.03/ Пүрэв гарагийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн юм.