Ирэх онд тэтгэврийн зээлийн хүүг бууруулна
“Хамтын тэтгэврийн тухай хууль нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдсанаар өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд нийгмийн том баталгаа болох юм. Ахмад настнуудад тулгамдаад байгаа аливаа эрс- дэлээс хамгаалах нь хуулийн гол зорилго.
Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарч эрсдэлд оруулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон” хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтын үеэр онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж тусгасан. Гэвч төсөв хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэхээр боллоо. Энэ Аь амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү?
-Нийт өрхийн амьжиргааг 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлье гэдэг бол үндсэн зорилго. Улс төржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.
-Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон гэсэн. Хэр бодит мэдээлэл вэ?
-Гэр бүлийн тухай өмнөх хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрдугаарт, гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хуулийг боловсруулсан.
Хэвлэл мэдээллиин хэрэгслээр бичигдээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.
-МАН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой хэмээн удаа дараа мэдэгдсэн. Ийм боломж байгаа юм уу?
-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм.
Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монгол банктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байгаа.