Хорвоод үлдсэн нэгэндээ тэтгэврээ өвлүүлэх боломжтой болох уу
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.11.19

Хорвоод үлдсэн нэгэндээ тэтгэврээ өвлүүлэх боломжтой болох уу

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төслийг Засгийн газар хоёр жилийн өмнө боловсруулж, өргөн барьсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор өнөөг хүргэсэн юм. Гэхдээ, тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг 100 хувийн саналаар шийдсэн тул энэ долоо хоногт УИХ анхны хэлэлцүүлгийг хийхээр болж байна.

Хамтын тэтгэвэр гэж юу болох жишээ

Дорж, Дулмаа хоёр 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Дорж 350 мянган төгрөгийн тэтгэврээ тогтоолгож 2005 онд, Дулмаа 250 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2000 онд тэтгэвэрт гарсан байна. Гэвч, Дорж 2008 онд нас барснаар түүний тэтгэвэр хаагдаж, Дулмаа ганцаараа 250 мянгаар төгрөгөөр амьдарч байна.

Тэгвэл Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хамт олон жил амьдарсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь “Доржийн” авч байсан тэтгэврийн тодорхой хувийг амьдрах хугацаанд нэмж олгох явдал юм.

Санал зөрөлдөж буй асуудлууд

Хамтын тэтгэвэр

Хэдийгээр үлдсэн нэг гэр бүлийн гишүүнд нь талийгаачийн авч байсан тэтгэврийн тодорхой хувийг сар бүр, насан туршид нь олгохыг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-д судалтай намын бүлгүүд үзэж байгаа ч зарим асуудлаар санал зөрөлдлөө. Тухайлбал, хэдэн жил хамт амьдарсан хүнд өгөх вэ, тэтгэврийн яг хэдэн хувийг нь олгох вэ, зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй байгаа юм.

Жишээ нь, өчигдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “хамтын тэтгэвэр авах эрх үүсэхээс өмнө 15 буюу түүнээс дээш жил хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй”, “гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр”, “эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш” байсан тохиолдолд иргэнд хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн байсан нь маргаан дагуулсан юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дээрх заалтууд бодит амьдралд нийцэхгүй байна гэж бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэсэн юм. 

Өнөөдрийн байдлаар хуулийн төсөлд Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэгн авахаар заагаад байна. Харин хамтын тэтгэвэр авах эрх үүсч, Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгох юм байна. 

Монгол Улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллого хамгийн сүүлд 2010 онд явагдсан тул тухайн үеийн тоонд үндэслэн тэтгэвэр өвөлж авах боломжтой иргэдийн тоог гаргасан байна. Энэ судалгаанаас харахад, тэтгэврийг өвлүүлэхэд хамаарах нийт 104897 гэр бүл 2010 оны тооллогоор байсан юм. Эрэгтэй 20620, эмэгтэй 84277 байгаа юм байна. Харин нийт 104897 гэр бүлээс 10-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүл хэд байгааг нарийвчлан гаргах шаардлагатай аж.

Хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ

Олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа үлдэж байгаа гэр бүлийн гишүүн нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгааг статистик судалгаагаар баталсан байна. Үүнээс болж өрхийн амьжиргааны төвшин, хэрэглээ буурч, үлдсэн гэр бүлийн гишүүн ганцаардаж сэтгэл санааны уналтад орох сөрөг нөлөө илэрдэг аж.

Тиймээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж нийгмийн энэхүү эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн манай улсад хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид хэлж байга юм. Тухайлбал, 10 ба түүнээс жил хамт амьдарсан байх ёстой гэдэг шаардлагын цаана гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлаж, урт удаан хугацаанд хамт амьдарч, олон хүүхэд төрүүлж өсгөхөд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

Сөрөг хүчний зүгээс нийгмийн даатгалын санд ямар ч хуримтлал байхгүй байхад Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл батлагдчихвал тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэж байгаа ч хууль санаачлагчид тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй буюу бүх санхүүгийн тооцооллыг хийсэн гэж байгаа юм.