Шилдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудад талархаж туг мандууллаа
Баянзүрх дүүргийн Засаг даргаас санаачлан дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан шилдэг татвар төлөгч байгууллагуудаа алдаршуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25 буюу өвлийн эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Талархаж туг мандуулах ёслолыг Офицеруудын ордоны өмнө байрладаг Скадрилын хөшөөний дэргэд хийлээ.
Ёслолын арга хэмжээ нь анх удаа дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгаа манлайлагч аж ахуйн нэгж байгууллагууддаа хүндэтгэл үзүүлж байгаагаараа онцлог юм байна.
Баянзүрх дүүрэгт 15.486 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдагаас тогтсон хугацаанд татвараа төлдөг, өөрсдийн салбартаа ажил үйлсээрээ манлайлан улс, нийслэлийн хэмжээний тэргүүнийн 30 байгууллагыг шалгаруулан жил бүр уламжлал болгон алдаршуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хамтдаа хөгжих бодлогыг зорилгоо болгон ажиллаж байхаар шийдвэрлэсэний үндсэн дээр өнөөдөр дүүргийнхээ хүндэт өндөрлөгүүдийн нэг Скадрилын хөшөөний эргэн тойронд шилдэг 30 байгууллагын 30 тугийг өргөх ёслолын арга хэмжээ болж байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Шилдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудад талархаж туг мандууллаа
Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга С.Гантулга, Т.Батцогт, Т.Баясах, Тамгын газрын дарга Б.Амарсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХИС-ын захирал, хошууч генерал Я.Чойжамц зэрэг албаны бусад хүмүүс, Тамгын газрын нийт алба хаагчид, шилдаг аж ахуйн нэгжийн төлөөллүүд, иргэд оролцлоо.
Баянзүрх дүүргийн 2015 оны манлайлагчаар тодорсон эдгээр 30 аж ахуйн нэгж байгууллагууд нь улс нийслэл, орон нутгийн төсөвт дунджааар 30 сая төгрөгөөс тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол цаг хугацаанд төлдөг, ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
Хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэхэд шинэ техниз технологийг нэвтрүүлж, дэлхийн жишигт нийцүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэл үйлчилгээ өргөжүүлсэн . Эрүүл мэндийн чиглэлээр хийж буй ажил нь улсын хэмжээнд туршлага болсон. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь олон улсын чанарын шаардлага хангасан. Спорт урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Салбар бүрт хөрөнгө оруулалтын тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн зэрэг үзүүлэлтээрээ манлайлсан шилдэгийн шилэг аж ахуйн нэгж байгууллагууд юм.