Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан элчин сайд Женифер Галттай уулзлаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан элчин сайд Женифер Галттай уулзлаа
2015.11.26

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан элчин сайд Женифер Галттай уулзлаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдон өнгөрсөн есдүгээр сард ирсэн. Тэрбээр Хөдөлмөрийн сайдтай биечлэн уулзаж, хоёр орны хооронд тогтоосон найрсаг хамтын ажиллагааг хөдөлмөрийн салбарт илүү үр дүнтэйгээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох боломж олдсонд талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын эхэнд Г.Баярсайхан сайд хөдөлмөрийн салбарт барьж буй бодлого тэр дундаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө нэлээд анхаарч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн батлуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа мөн Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хууль болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж буйг Элчин сайд Галтад товч танилцуулсан. Мөн хөдөлмөрийн салбарын гадаад харилцааг илүү үр дүнтэйгээр өргөжүүлэх бодлого барьж буйгаа ч дуулгасан.

Хатагтай Галт “Өнгөрсөн долоо хоногт надад “Оюутолгой” компанитай танилцах боломж олдсон юм. Миний хувьд Оюутолгойн уурхайгаас гаргаж байгаа зэс, алт бус тэнд ажиллаж, өндөр технологи эзэмшиж байгаа залуу мэргэжилтнүүд Монголын баялаг юм байна гэж бодогдсон. Тэнд танилцсан монгол залуусаар би маш их бахархсан. Оюутолгойд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл бололцоо бүрэн хангагдсаныг хараад энэ бүгдийг монгол хүн боловсруулж хэрэгжүүлж байгаад бахархах сэтгэл төрж байсан” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн сайдын Элчин сайдтай хийсэн уулзалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэлээд онцлон ярилцлаа. АНУ бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлагатай. Тус улсын Хөдөлмөрийн яаманд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хариуцсан бүхэл бүтэн том газар ажилладаг гэнэ. Хууль эрх зүйн талаас ч бусдад үлгэр үзүүлэх арвин баялаг туршлага байгаа гэдгийг Элчин сайд Галт онцолж байлаа.

Тэр ч бүү хэл энэ чиглэлд хоёр тал харилцан сургалт зохион байгуулах, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг дуулгаж байв. Монголд хөрөнгө оруулж байгаа АНУ-ын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд шилдэг туршлагыг хэрэгжүүлж чадна гэж эргэлцэхгүй байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтаар ярилцсан өөр нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой байсан юм. Г.Баярсайхан сайд “Хөдөлмөрийн яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан таван хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэдэг. Тэднийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх, мэргэжил эзэмшихэд нь хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлдэг юм. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй цөөнгүй иргэн амьжиргаагаа дээшлүүлэн, ажлын байртай болоод байгаа. Үүнийгээ ч бид цаашид үргэлжлүүлэн илүү олон хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Элчин сайд Женифер Зимдал Галт “Америкт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаад 25 жил болж байна. Монгол ч удахгүй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хуультай болох гэж байгааг сонссон. Хуулийн төслийг хийхдээ Америкийн одоо хэрэгжиж буй хуулиас чамгүй олон санаа авч боловсруулсан гэдгийг ч дуулсан. Тиймээс ийм чухал хуулийг боловсруулахад бодитоор хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар АНУ-тай хамтран ажиллах санал санаачлагыг талархалтай хүлээн авна” гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар мөн мэргэжлийн боловсрол сургалтын салбарт АНУ-тай хамтрах боломжийн талаар хоёр тал хөндөн тодорхой асуудлууд дээр санал солилцлоо. Тухайлбал, Элчин сайд Галт Мянганы сорилын сангийн дэмжлэгтэйгээр Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжсэн төслийн хоёр дахь шатыг эхлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлалаа.