Төмөр замын цэрэгтэй болох талаар баримжаа алга
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.30

Төмөр замын цэрэгтэй болох талаар баримжаа алга

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ төмөр зам барихад 10 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой тухай хэлсэн билээ.

Тэрбээр, Томоохон төсөл явуулж, автозам, төмөр зам барья гэхэд манайд боловсон хүчин байдаггүйгээс гадаадаас ажиллах хүч авдаг. Үүнийг засч дотооддоо мэргэжилтэн ажилтнаа авъя. Үүний тулд цэргийн албаа ашиглая. Төмөр замын цэрэг, барилгын цэргийн тоогоо нэмье. Төмөр замын цэрэг одоогоор манайд байхгүй.

Санхүүжилтийг нь шийдсэн Гашуунсухайт, Сайншанд , Бичигт боомт гэсэн гурван төмөр замын тухай яригдаж байна. Эдгээр төмөр замыг барихад 10 мянга орчим ажлын байрны хэрэгцээ бий. Хөдөлмөрийн яамнаас сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагаар 29 хүртэлх, ажил хайдагтүй, сургуульд сурдаггүй, аав, ээжээрээ тэжээлгэдэг 180 мянган иргэн байна.

Үүний тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй гэхээр 90 мянган цэрэгт явах боломжтой, нийтийг хамарсан ажилд дайчлах боломжтой хүн байна. Тиймээс эдгээрийн 10 мянга орчим иргэнииг төмөр замын ажилд ажиллуулахад зориулж хөрөнгө мөнгө шийднэ.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн болон Батлан хамгаалах яаманд үүрэг болгож энэ жилийн төсвөөс эхлээд шийдээд явья” гэсэн юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-УИХ-ын дарга Гашуун-сухайт, Сайншанд, Бичигт боомтын төмөр замыг барихад 10 мянга орчим ажлын байр бий болно гэж мэдэгдсэн. Мөн эдгээр ажлын байрыг дотоодоосоо хангах боломжтойг хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юү?

-З.Энхболд дарга тийм юм ярьсан байсан. Одоогоор Ажлын хэсгээ ч байгуулаагүй байна. Надад ямар нэгэн баримжаа алга.

-Төмөр замын цэрэг гэдэг нь ямар учиртай юм бэ. Энэ ажлыг зохион байгуулахад төсөвт 70 тэрбум төгрөгийг нэмж суулгана гэсэн мэдээлэл бий шүү дээ?

-Надад баримжаа алга гэж хэлээд байна шүү дээ. Хөдөлмөрийн яамны зүгээс энэ ажлыг цэрэг хэлбэрээр хэрэгжүүлэхгүй. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийнхээ шугамаар явуулж болно. Энэ асуудлаар ирэх хагас сайнд УИХ-ын даргатай уулзана. Тэгэхээр ирэх даваа гарагаас яамны байр суурь албан ёсоор тодорхой болно.