3000 хүнийг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэй бэлтгэнэ
Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох Ази-Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гарын үсэг зурснаар дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж буй юм. Хамтарч ажиллах талууд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг ажиллуулахаар санамж бичигт заажээ.
Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр, Азийн 21 орон, Европын Холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг. Монгол Улсад болох уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа бөгөөд зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгоод байгаа.
Тиймээс тэдгээрт ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж 3000 хүнийг хамруулахаар Санамж бичигт тусгасан байна.
Түүнээс гадна санамж бичигт багтсан нэг чухал заалт нь мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүмүүсийн 30-аас багагүй хувьд нь бүртгэлтэй ажилгүй иргэдээс авах тухай гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дуулгаад “Санамж бичгийн хүрээнд нийт 896 ажилгүй хүнийг зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбогдох мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах бөгөөд ACEM-ын уулзалтын зочид, төлөөлөгчдийг байршуулах 44 зочид буудлын 2091 ажилтанд орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, үйл ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна.
Түүнчлэн ACEM-ын уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчдыг санамж бичгийн хүрээнд зохион байгуулалттайгаар сургаж, холбогдох байгуулагуудын оролцоотойгоор үйл ажиллагааг зохион байгуулна. Сургалтыг онол дадлага хосолсон хэлбэрээр явуулахдаа мэргэшсэн зөвлөх, шинжээч, мастер багш нарын хамруулж зочид буудлуудад одоо ажиллаж байгаа болон шинээр авах хүмүүсийн ур чадварыг сайжруулж, мэргэшүүлэх юм.
Энэ сургалтын зардлыг манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Урьдчилсан тоцоогоор 300 гаруй сая төгрөгийг сургалтад зарцуулахаар төлөвлөсөн. Харин сургалтанд хамрагдсан ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг Ажлын хэсэгт ногдож байгаа” хэмээн санамж бичгийн талаар мэдээлэл өгсөн юм.
АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дэлхийн хэмжээний том уулзалтын бэлтгэлийг хангахад хамтарч ажиллах саналыг хүлээж авч, яамдаас хамгийн түрүүнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон Хөдөлмөрийн яамны хамт олонд талархал дэвшүүллээ.
Хамтран ажиллах санамж бичигт АСЕМ-ын зочдод зориулан гаргах бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулахад анхаарахаар тодорхой заалт оруулжээ. Тодруулбал, энэ үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан иргэдэд илүү боломж олгох бөгөөд бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгүүдийн байр, талбай, түүний урсгал зардал, тохижилт, үйлчилгээ, худалдааг Ажлын хэсэг хариуцаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс түрээсийн болон бусад төлбөр авахгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
/МҮОНТВ/