228 мянган залуу ажилгүй байна
Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй бөгөөд ажилгүйдлын түвшин 16.6 хувьтай тэнцэж байна хэмээн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлгийн үеэр албаныхан тодотголоо.
15-34 насны залуучуудын 24.1 хувь нь буюу 228.5 мянга нь ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн судалгаа гарчээ.
МЗХ-ны Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн байнгын хорооны санаачлагаар Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам болон харьяа байгууллагууд, Монголын залуучуудын холбоо, Говь-алтай, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгийн 100 гаруй төлөөлөгч оролцов.
Уг хэлэлцүүлгээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, төр, ажил олгогчдын зүгээс баримтлах бодлого, цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох, 2016 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт санал боловсруулж оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн төлөөлөгчид сүүлийн жилүүдэд дипломтой ажилгүйчүүд ихсэж, ажил хайсан, хотын гудамжаар сэлгүүцсэн залуусын тоо нэмэгдэж байна. Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа ч энэ үйл ажиллагааг өргөжүүлэх, олон залуучуудыг хамруулах, бодитой дэмжлэг үзүүлэх нь эдийн засаг агшиж, ажлын байр хомсдож буй энэ үед чухлаар тавих асуудлын нэг болоод байна" хэмээн онцлов.