Эмэгтэйчүүдийн квотыг сонгуулийн хуульд хальт тусгаснаар шийдэхгүй
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн төлөөлөл Парламентад 14 хувь, орон нутгийн ИТХ—д 22 хувьтай байгаа нь нэг талаас өссөн мэт харагдаж байвч нөгөө талаас баярлах зүйл ердөө ч алга.
Улс төрийн намын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт гарсан энэ үед бид эмэгтэйчүүдийн квотын асуудлыг энэ хуулинд оруулах талаар санал санаачилга гаргаж, нөлөөллийн ажлууд хийх ёстой. Ялангуяа энэ ажлыг Улс төрийн намуудын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагууд манлайлах ёстой.
Эмэгтэйчүүдийн квотын асуудал Зөвхөн сонгуулийн тухай хуулинд хальт тусгаж өгснөөр хэрэгждэггүй болох нь олон улсын туршлагаар нотлогдсон.
Квотыг зөвхөн 30 хувь, 50 хувь гэж зааж өгөхөөс гадна, хэрэгжүүлэх механизмыг нь хариуцлагтай нь цогцоор нь оруулж өгснөөр хэрэгжих боломж нь нээгддэг юм байна.
Өөрөөр хэлбэл квотыг хуульчилж өгөхөөс гадна нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд хүйсийн төлөөллийг хэрхэн байршуулах, жагсаалт ямар хүйсээр эхлэх вэ гэдэг асуудлыг хүртэл одоо улс орнууд ярьдаг болсон. Тэр ч бүү хэл 30 хувийн квоттой орнууд жагсаалтан дахь 3 нэр дэвшигч тутмын нэг нь нөгөө хүйсийн төлөөлөл байх тухай, 50 хувийн квоттой орнууд нэр дэвшигчдийг сөөлжүүлэн байршуулах механизм хэрэглэдэг нь тодорхой болсон.
Улс төрийн намуудын дүрмэнд тавигдах шаардлага, зарчимууд дотор хүйсийн тэгш байдлын асуудлыг оруулж өгөх ёстой. Улс төрийн намуудын сонгогдож томилогддог албан тушаал, эрх бүхий байгууллагад сонгогдох нэрсийн жагсаалтанд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах талаар баримтлах зарчмыг зааж өгөөгүй тохиолдолд квотын асуудал царцанги хэвээрээ л үлдэнэ.
Манай өнөөдрийн “Улс төрийн намын тухай хууль”-ийн төсөлд Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг шинэ өнгө аясаар оруулж ирж байгаа. Улс орнууд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг Улс төрийн намын санхүүжилттэй нь холбож өгснөөр мэдэгдэхүйц амжилтанд хүрч байгаа туршлагууд байна. Жишээ нь нэр дэвшигчдийн тодорхой хувь нь эмэгтэй байвал тухайн намын улсын төсвийн санхуужилт дээр 30% нэмэлт санхүүжилт олгодог, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдсон суудлын тоогоор нэмэлт санхүүжилт олгодог гэх зэрэг.
Эцэст нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэг гол нөхцөл бол ерөөсөө л Улс төрийн намуудын дотоод ардчилал, үнэт зүйл юм.
Улс төрийн намуудын дотоод ардчилал сул, улс төрийн хариуцлага, ёс зүй, улс төрийн шударга манлайлал үл оршин байгаа нөхцөлд улс төр дэх хүйсийн тэгш байдал Улс төрийн намуудын төлөвшлийн асуудал шигээ гарааныхаа шатанд мөнхрөх нь ээ.