Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.11.17

Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойшхи хуралдаанаа эхэлж, Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын дэд дарга М.Энхболд “Өргөн барьсан цаг хугацаагаар нь эрэмбэлж Сонгуулийн хуулиудыг хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хэлснээр бол Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг эхэлж хэлэлцэхээр тэргүүнд тавьсан нь УИХ-ын даргын зөвлөлөөс тогтоосон эрэмбэ аж.

Хэрвээ М.Энхболд даргын горимын санал олонхийн дэмжлэг хүлээсэн бол хамгийн тэргүүнд Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх ёстой байсан юм. Уг төслийг МАН-аас санаачлан боловсруулсан.

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн боловсруулсан Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, О.Баасанхүү нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулиудыг өнөөдөр тус байнгын хороогоор хэлэлцэнэ.