Сонгуулийн тухай хуулийн төслийг 12-р сарын 31-нээс өмнө батлах ёстой
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ. Энэхүү хуулийн төсөл нь энэ сарын 6-нд Р.Бурмаа нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл юм.
УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг баталсан байх ёстой. Угаас Монгол Улсын төрийн үйл хэргийн хамгийн чухал асуудал бол яах аргагүй сонгууль байдаг. Зохион байгуулах эрх зүйн орчинг сонгуулиас сонгуулийн хооронд боловсруулдаг бөгөөд одоо үйлчилж байгаа хуулийг илүү сайжруулж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа учраас Сонгуулийн тухай хуулийн тухай төслийг өргөн мэдүүлэн хэлэлцэхээр болоод байгаа юм.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хугацаа хуулиар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах боломжтой. Харин тэрнээс хойш боломжгүй байдаг. Энэ нь хууль тогтоогчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаас болгоомжилсон хэрэг.
Нөгөө талаар сонгуулийн хууль өөрчлөгдсөнийг ард нийт эртнээс танин мэдэх эрхтэй. Иргэдийг төрийн ажилд оролцож, ухамсартайгаар саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлэх үүднээс ч ийм зохицуулалт хийгддэг. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгэн адил арванхоёрдугаар сарын 31- нээс өмнө хэлэлцэж, батлах ёстой юм. Учир нь бүх нийтийн сонгууль ирэх оны зургаадугаар сард болно.