Нэг жилд болдог хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад болохгүй зүйлгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.11.11

Нэг жилд болдог хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад болохгүй зүйлгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа. Тэрбээр УИХ-д өргөн бариад байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн юм.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл батлагдвал Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль нэг хуулиар зохицуулагдах уу?

-УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн төлөөлөл оролцсон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаанд ажиллалаа. Ажлын хэсгийн хэдэн сарын ажлын үр дүнд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ЫН сонгууль, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар оруулсан. Иргэд дөрвөн жилийн дотор гурван сонгууль өгч байгаа. Тэр сонгуулиуд тус тусдаа хуультай, өөр өдөр явагддаг ч бэлтгэл хангах, сонгогчдыг бүртгэх гэх мэтчилэн зохион байгуулалтын арга ажиллагаа нь адилхан. Сонгогчийн хувьд ч санал өгөх үүрэг хариуцлага, эрх, санал өгөх үйл явц гээд нийтлэг зүйл олон. Тийм учраас эдгээр нийтлэг харилцааг нь хуулийн төслийн эхний хэсэгт, сонгууль тус бүрийнх нь онцлогийг тусгасан зохицуулалтыг хоёр дахь хэсэгт тусгасан байгаа.

-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулахаар тусгасан байсан. Хоёр том сонгууль нэг өдөр явуулахад хүндрэл гарахгүй юу?

-Нэг жилийн дотор боддог хоёр сонгуулийг нэг дор явуулахад болохгүй зүйлгүй гэж үзэж байгаа. Байсхийгээд л сонгууль явуулахад иргэд улс төр рүү анхаарлаа хандуулаад ажил цалгардах явдал хот, хөдөөгүй гардаг шүү дээ. УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулахад техникийн болон зохион байгуулалтын хүндрэл гарахгүй. Саналыг техникээр тоолох учраас асуудалгүй. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг тусдаа явуулсан ч, хамт явуулсан ч адилхан зохион байгуулах учраас хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа.

-Сонгуулийн зардал, нэр дэвшигчдийн санхүүгийн асуудалтай холбоотой зохицуулалт нэлээд байх шиг байсан. Тэдгээр заалтуудын талаар тодруулаач?

-Нэр дэвшигчийн өөрөөс гаргаж байгаа хөрөнгө мөнгө, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулж буй зардал төсвийг тооцдоггүй, бүртгэл хяналт хийдэггүй байсан. Үүнийг тодорхой болгож, нэр дэвшиг- чийн өөрөөсөө гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулж буй мөнгийг ил тод, нээлттэй байлгах зохицуулалтыг тодорхой хэмжээгээр тусгасан. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүгийн байдал шилэн данс маягтай байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа.

Сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсныг өөрчилж, Үндэсний аудитын газар тогтоон, олон нийтэд мэдээлэхээр төсөлд тусгасан. Үндэсний аудитын газар мэргэжлийн байгууллага учраас хяналт тавихад ойр дөхөм гэж үзэж чиг үүргийг тийш нь шилжүүлсэн. Мөн сонгуулийн мөнгөн хандивын хэмжээг шинэчлэн тогтооно. Иргэн гурван сая хүртэл, аж ахуйн нэгж, байгууллага 15 сая төгрөгийг хандив босгож өгч болно.

-Одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулиас өөрчлөгдөж байгаа өөр заалтууд бий юү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-Сонгуулийн маргаан шийдэх хугацааг тодорхой заагаагүйгээс сонгуулийн маргаан дараагийн сонгууль хүртэл үргэлжлэх явдал гарч байсан. Энэ асуудлыг зохицуулах үүднээс сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заалт оруулж байгаа. Дахин болон нөхөн сонгууль явуулах цаг хугацаа тодорхой байх ёстой гэж үзээд шаардлага гарвал тухайн жилийн зургаадугаар сарын сүүлийн ням гаригт юм уу, аравдугаар сарын эхний ням гаригт дахин, нөхөн сонгууль зохион байгуулахаар зааж өгсөн.

Өмнөх сонгуулиудад санал өгөхөд иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан бол энэ хууль батлагдвал сонгогч заавал иргэний үнэмлэхээ барьж очих шаардлагагүй, хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой. Шинээр байгуулагдсан нам сонгуульд оролцох бол сонгууль болох өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой гэх мэтийн зохицуулалтууд оруулж байгаа.

-Тэгвэл хэвээр хадгалж буй заалт бий юү?

-Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт хэвээр. Өмнөх сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлсэн. Сонгуулийн нэгдсэн хуульд энэ зохицуулалт хэвээр байгаа. УИХ-д өргөн баригдсан нөгөө төсөлд хэсгийн хороодод улс төрийн намын төлөөллийг тэнцүү оруулах хэрэгтэй гэсэн байгаа.

Үүнийг хэлэлцүүлгийн үеэр ярилцаад шийдчих боломжтой гэж үзэж байгаа. Сонгуулийн тогтолцооны хувьд өмнөх сонгуульд ашигласан холимог тогтолцоог хэвээр хадгалахаар төсөлд тусгасан байгаа. УИХ дахь нам, эвслийн төлөөллүүд өөр өөр санал дэвшүүлж байгаа. Энэ асуудлыг нэлээд нухацтай ярилцах шаардлагатай болох байх.

-Нэгдсэн хуулиас гадна Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хоёр төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа. Тэдгээр төслүүдэд тусгасан цөөнгүй зохицуулалтнэгдсэн хуульд орсон байна. Бас ярилцах, зөвшилцөх боломжтой заалтууд байгаа гэлээ. Тэгэхээр Нэгдсэн хууль дундын хувилбар болох боломжтой юм байна гэж ойлгож болох уу?

 -Нэгдсэн хууль бол Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн зохицуулалтыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй хууль. Нөгөө хоёр нь зөвхөн УИХ- ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 7-8 заалттай төсөл. Энэ төслүүдэд байгаа заалтуудын ихэнх нь Нэгдсэн хуулийн төсөл дэх агуулгатай давхцаж байгаа. Зөвшилцөх шаардлагатай цөөхөн асуудал байгаа. Хэлэлцүүлгийн явцад ярьж байгаад шийдэлд хүрчихэж болох байх.

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулагчид саналыг гараар тоолох шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг Нэгдсэн хуульдаа тусга гэвэл яах вэ?

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулагчид саналыг машинаар тоолохын зэрэгцээ бүх хэсгийн хороодод гараар давхар тоолох зохицуулалт хийхээр төсөлдөө оруулсан байгаа. Гараар тоолно гэдэг зохион байгуулалтын хувьд төвөгтэй. Машинаар тоолоход дүн нь тэр дороо гарна. Гараар тоолоход алслагдсан баг хорооны саналын дүн төв рүү ирж, саналын нэгдсэн дүн гартал дор хаяж 3-7 хоног зарцуулдаг шүү дээ.

Санал тоолох төхөөрөмжийг 2012 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2013 оны орон нутгийн сонгуульд ашигласан. Гурван сонгуульд ашиглахдаа найдвартай зөв тоолдог гэдгийг нь баталсан шүү дээ. Тэр үед хяналтын тооллого хийсэн дүн төхөөрөмжийн дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй. Одоогийн УИХ-д ажиллаж буй гишүүдэд өгсөн сонгогчдын санал тэр төхөөрөмжөөр тоологдсон. Тэр саналын дүн үнэн гээд л энд сууж байж ийм зүйл ярьж байгаа нь өөрсдийгөө үгүйсгэж буй мэт санагдах юм.