УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.16

Өөрийнхөө амьд явах эрхийн эсрэг, ийм экстремист үйлдэл хийх нь буруу

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ энэ сарын есний өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагуудтай холбоотой өргөдөл өгчээ.

Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин, 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгосон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” гэжээ.

Мөн тэрээр уг гэрээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөнийг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм байна.

Энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэллээ. Байнгын хорооны дарга О.Баасанхүү “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Бид 30 хоногт багтаан хариу өгөх үүрэгтэй. Тэрээр өргөдөлдөө маш олон хуудас материалууд, Англи хэл дээрх гэрээг хавсаргасан. Энэ бүхнийг уншиж судлахад цаг хугацаа шаардлагатай” гэсэн юм.

Хачирхалтай нь С.Эрдэнэ Өргөдлийн байнгын хорооны зөвлөхтэй утсаар ярьж, хариу асуун, “Бид нэг ажил зохион байгуулахаар төлөвлөж байна” гэжээ.

 “Зууны мэдээ” сонины байранд хийсэн үйлдлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрс буруутган, “Өөрийнхөө амьд явах эрхийн эсрэг, ийм экстемист үйлдэл хийхийг Монгол Улсад, хэнд ч зөвшөөрч болохгүй. Бидний өгөх хариуг хүлээх ёстой байсан” гэв.

  МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

40 дүгээр зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах

40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

40.1.6.сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

40.1.7.контрактад заасан үндэслэл буй болсон.

40.2.Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.

40.3.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.

40.4.Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

40.5.Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.