Нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.11.09

Нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Ерөнхий сайд Ч .Сайханбилэгт өнгөрсөн баасан гарагт өргөдөл гаргасан байна.

Өргөдөлдөө "Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо.

Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарын нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Надад итгэл хүлээлгэн эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье. 

Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна" гэжээ.

/МОНГОЛ тв/

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг албан өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байсан, ЭМСЯ-ны тендертэй холбоотойгоор барьсан гэж хэд хэдэн өөр мэдээлэл гараад байгаа. Харин МАХН-ынхан түүнийг авлига авах хүн биш, улс төрийн зорилготой баривчилгаа гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Саатуулан шалгаж байгаа АТГ-аас албан ёсоор ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.