Ө.Энхтүвшин:Иргэн бүр 1072 хувьцаа эзэмших нь зүйтэй
МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хурлаараа Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд ард иргэдэд эзэмшүүлэх 10 хувийн хувьцаан дээр нэмж 10 хувийн хувьцааг олгох нь зүйтэй гэх шийдэлд эцсийн байдлаар хүрсэн гэнэ. Мөн үндэсний аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээгээр худалдах нь зүйтэй гэж үзжээ. Харин үлдэх бусад асуудлыг Засгийн газар журам гарган зохицуулах нь зүйтэй хэмээн эрх олгосон байна. Үүнд, үндэсний аж ахуй нэгжүүдэд хэдий хэмжээний хувьцааг худалдах, 170 орчим мянган оюутан 500 мянган төгрөгөө бэлнээр, нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авчихаж байгаа учир тэдний тухайд хувьцааг хэрхэх зэрэг аж.
Сонгуулийн амлалтаар иргэн бүрт нэг сая таван зуун мянган төгрөг олгох болсны 500 мянгыг нь олгож дуусаад үлдэж буй нэг сая төгрөгийг нь хэрхэн олгох нь энэ тогтоолтой холбоотой гэнэ. Одоогоор 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд болон 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт олгох нэг сая төгрөгийн хөрөнгө энэ оны төсөвт тусгагдаад байгаа. Үлдэх иргэдийн нэг сая төгрөг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул иргэдэд "мөнгөө авах уу, эсвэл 1072 хувьцаагаа авах уу" гэх сонголтыг санал болгож мөнгөө авна гэвэл нэг сая төгрөгийг нь бэлнээр олгох нь зүйтэй гэж үзэж.
Харин мөнгөө авна гэх сонголтыг хийсэн иргэдийн мөнгийг олгохдоо үндэсний аж ахуй нэгжүүдийн худалдан авсан хөрөнгийг ашиглах гэнэ. Мөн өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж ажлын хэсэг томилж ажиллуулахаар болсон байна. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн барьсан орон нутгийн сонгуулийн хуулинд нэмэлт , өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өргөн барихаар болжээ. Бүлгээс мөн өөр нэг ажлын хэсэг байгуулахаар болсон нь Олон хүүхэдтэй эхчүүдэд олгох урамшуулал, 1995 оноос өмнө болно хойно тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах, Засгийн газраас өргөн барьсан Суурь тэтгэврийн тухай хуулийн төслүүдтэй холбоотой байв.
АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байхтай мөн зэрэгцэн МАН-ын бүлэг ч төслийг хэлэлцсэн ба ялгаатай нь хоёр сонгуулийг нэг өдөр хийх заалтыг эргэн харах нь зүйтэй гэх саналтай байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин "Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг 6 дугаар сард зэрэг явуулахаар байгаа юм. Гэвч УИХ-ын сонгуулийн хуульд нэлээд өөрчлөлт орсон учир Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн санал авах хугацаа нь орой 20 цаг, орон нутгийнх 22 цаг, саналын хуудсыг УИХ-ын сонгуулийнхийг автоматаар, орон нутгийнхийг гараар тоолохоор байгаа учир энэ мэт цэгцлэх ёстой олон асуудал байгаа" гэв.
Ингээд бүлгийн дарга зарим асуултад хариулт өгсөн юм
-Одоогоор иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгоод байгаа. Түүнийг нь төрөөс нэг сая төгрөгийнамлалттай дүйцүүлж байсан. Гэтэл 1072 ширхэг хувьцаатай болгосон ч мөн л нэг сая төгрөгийн амлалтанд дүйх нь ямар учиртай юм?
-Хэлбэр нь бэлэн болон бэлэн бус мөнгөөр байхаар Хүний хөгжлийн сангийн тухай хуульд тусгасан байгаа.
-Нэг сая төгрөг, хувьцаа хоёрчинь анх тус тусдаа асуудал байсанюм биш үү?
-Үгүй ээ, нэг зүйлийг л хоёр талаас нь яриад байгаа юм.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг нь олгох хэвээрээ юу?
-Төрийн санд мөнгө нь ороод ирвэл өгөх л учиртай. Төсөвт бол мөнгө нь байгаа, баталгаатай шүү дээ.
-Хэдий хэмжээний хувьцааг үндэсний аж ахуй нэгжүүдэд худалдах юм?
-Засгийн газар маань бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдчихсан. Бусад асуудлыг Засгийн газар шийдэг гээд эрхийг нь олгох нь зүйтэй гэж үзсэн.
-Яамдын дэд сайд нарын асуудлыг хэрхэн шийдэхээр болсон бэ?
-Энэ асуудлыг бүлэг дээр ярихгүй. Засгийн газар дээр л ярина. Дэд сайд нар байж болох тухай хуульд байж л байгаа. Энэ дагуу хэнийгээ авч ажиллуулахаа Засгийн газар өөрөө энэ долоо хоногтоо шийдэх байх. Агентлагын дарга нарын хувьд ч мөн адил Засгийн газрын шийдэх асуудал.
-Байнгын хороодын дарга нарын асуудлыг ярих уу?
-Намын удирдах зөвлөл эхлэн хуралдаж энэ талаар чиглэл гаргах байх. Үүний дараагаар УИХ дээр яриад шийднэ. Энд нэг зүйлийг хэлэхэд, Ардчилсан намтай хамтарч байгуулсан зөвшилцлийн гэрээ байгаа биз. Түүнд энэ дөрвөн жилийн дотор ийм ийм ажлыг хийнэ гээд зөндөө олон ажлыг жагсаачихсан байгаа. Агаарын бохирдлыг эрс бууруулах, Монгол хүний сарын дундаж орлогыг нэг сая төгрөгт хүргэх гээд мөрийн хөтөлбөрт туссан ажлаа МАН үлдэж буй хугацаанд дангаар хэрэгжүүлээд явна гэж байгаа.