Хот байгуулалтын үнэлгээг гаргана
БХБЯ-аас Монгол улсын хот байгуулалтын үнэлгээг гаргаж ирээдүйн хот байгуулалтын алсын харааг тодорхойлох үндэсний хэмжээний томоохон төслийг боловсруулж эхлээд байна.
АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн ажил энэ оны 6 дугаар сараас эхэлжээ. Хот байгуулалтын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшилийн хөгжлийн ерөнхий төсөл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэх зэрэг бодлогын баримт бичгийн суурь судалгаа болж байгаа зэрэг өндөр ач холбогдолтойг БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгэ онцолж байна.
Тэрбээр “Хот байгуулалтын үнэлгээний асуудал чухал. энэ үнэлгээ, төрийн бодлогын асуудлыг шийдвэрлэхгүйгээр дуртай газраа байшин барьж, дэд бүтцээ босгож байна. Хүн амын төвлөрөл, суурьшлын бүсийг гаргах хэрэгтэй. Цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн суурь судалгаа энэ үнэлгээнээс гарах юм” гэв.
Төслийн багийнхан дунд хугацааны төслөө танилцуулахдаа олон төрлийн салбарт өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологи болон байгаль орчны тогтвортой байдал бүхий нийгмийн бүх хүрээг хамарсан, үндэсний эдийн засгийг дэмжихэд чиглэсэн, аливаа хүндрэлийг даван туулах чадвартай улсын хэмжээний хотуудын тогтолцоог бий болгохоор зорьж ажилласан байна. Үндэсний хот байгуулалтын алсын хараа дотор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг дагуул хотуудын алсын харааг ч нарийн тодорхойлж, эдийн засгийн үр ашгийг нь нарийн тооцоолж өгсөн байна.
Хот байгуулалтын үнэлгээг гаргана
Улаанбаатар хотын хувьд ухаалаг, мэдлэгт суурилсан, нягт, зам харилцаа хөгжсөн, амьдрахад таатай ногоон хот байна гэж төсөөлж, төлөвлөлт хийж байна. Хамгийн гол нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв болгон, азийн нүүр царай метрополис хот байхаар төслийг ерөнхийлөн гаргаж байгаа хэмээн танилцууллаа. Энэ төсөл одоогоор дунд шатандаа явж байгаа. Дээр нь салбарын яам болон бусад мэргэжлийн байгууллагуудын саналыг сонсож, тогтвортой хөгжлийг хангасан байхаар боловсруулалтыг хийж ажиллана хэмээн ажлын хэсгийнхэн ярьлаа.