Төр илүү өөхнөөсөө салах нь зөв
2016 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Төсвийн төслийг дагалдуулан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар байгаа бөгөөд Дэд сайдын суудлыг байхгүй болгох асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр гишүүд дараахь байр суурийг илэрхийлэв.
УИХ-ийн гишүүн Х.Тэмүүжин: Эдийн засаг өөрөө хүндэрчихсэн байгаа энэ үед төр өөрөө илүү өөхнөөсөө салах нь зөв өө. Ялангуяа мухар олгой шиг үүрэг гүйцэтгэхгүй, улстөрийн бялуу хүртээх байдлаар гаргаж ирсэн нь маш тодорхой болсон энэ албан тушаалаас салах нь зөв. Хямралаар ер нь юм цэвэршдэг. Энэ цэвэршиж байгаагийн нэг л үзүүр нь энэ. Тийм учраас дэд сайдуудын орон тоог цомхотгох ийм зориг Засгийн газраас гарсан дээр нь дэмжээд цаашдаа улстөрийн соёл болгоод аваад үлдэх нь зөв.
УИХ-ийн гишүүн Н.Алтанхуяг: Уг нь бол мөнгө төгрөг хэмнээд бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилье гэдэг дээр санал нэгдэж байна. Гэхдээ үүнийгээ шоу болгоод хэдэн хүнийг халчихаар Монгол Улсын төсөв сайжрах юм шиг ярьж байгаад би харамсаж байна. Дэд сайд нарын асуудал нь 500-600 сая төгрөгний асуудал байгаа. Энэ мөнгийг хэмнэхээр Монгол улсын төсөв хэмнэгдээд, цэцэглэн мандах юм шиг ярих нь буруу.
Би бол С.Баярцогтод хэлэхэд татаад авчих. Чулуу хөөлгөөд болж өгөхгүй юм. Бид төсөв рүү ороод яримаар байдаг. 2016 онд тэдэн төгрөгөөр тийм ажил хийнэ, тийм ажилд тэдэн төгрөг зарцуулна гээд ярих ёстой байтал тэгэхгүй өөр юм яриад байна. Энэ муу хэдэн дэд сайд нарыг байхгүй болгох гэж байна ашгүй дээ гээд ярьж байх хоорондуур гарын салаагаар улсын төсөв урсаад, хэдэн байшин босоод зарим нь дутуу хагас шавар болно.
Яг ийм практик болох гээд байгаа учраас би энэ асуудлыг дэмжихгүй байна. Анхаарлыг өөр юм руу хандуулаад байна. 2016 оноос 9 яамтай байна гээд баахан бурлаа. Одоо болхоор хэдэн дэд сайдыг хасчихвал төсөв сайжирна гэдэг юм яриад байна. Ингэж байхын оронд төсвөө ярья.
/UBS телевиз/
УИХ-ийн гишүүн С.Дэмбэрэл: Дэд сайд хэн ч байсан ардаа гэр бүтэй, найз нөхөдтэй, карьерт хүрэхийн тулд мэдлэг боловсрол хүч хөдөлмөр зарцуулж байж дэд сайд болсон хүмүүс байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн тансаглалуудын золиос болгоод халах гэж байгаа энэ хандлага буруу юм.
Төсвийн зардлыг хэмнэх гэж байгаа бол хамгийн түрүүнд хөрөнгө оруулдалт, бараа үйлчилгээний зардал, тусгай сангууд гээд маш олон зүйл байгаа. Гэтэл гэнэт албан тушаал, хүний асуудал яриад байгаа. Гол зорилго нь зардал хэмнэх. Хүний цалинд хүрэлгүйгээр, эрхэнд нь халдалгүйгээр хийж болох хэмнэлтийн ажил зөндөө байгаа.