Би ”Rolls Royce” унахаас ичдэг
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.10.02

Би ”Rolls Royce” унахаас ичдэг

Шогийн мэдрэмж бол дюуны дээд хэлбэр гэж би хувьдаа үздэг. Шогийн мэдрэмжтэй байна гэдэг тун ч боловсронгуй индивудаас гарах характер гэх үү дээ.

Сэтгүүлчийн хувиар олон эрхэм хүмүүстэй ярилцлагын ширээний ард сууж, яриа өрнүүлж байснаас хамгийн алиа, шогийн мэдрэмжтэй нь Мөөе аварга байсан санагдана. Энэ удаад хоёр дахь алиа ярилцагчтай таарсан нь эрхэм гишүүн Х.Баттулга.

Олноо Женкогийн хэмээн алдаршсан энэ ноёнтон бизнесээс улс төрд хөл тавьсан цөөн түшээдийн нэг төдийгүй шинэ Монголын анхны хөрөнгөтнүүдийн нэг. Тэгэхдээ тэр төсөл, тендерээс төрөөгүй, чухамдаа төрөлх авьяас, бор зүрхээрээ бизнес ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж, баялаг бүтээсэн нэгэн гэдгээрээ бусдаас илүүрхэх эрхтэй.

Зураач мэргэжилтэй, дунд боловсролтой, спортсмен, тэгэх тэгэхдээ Дэлхийн аварга, Дэлхийн цомоос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авьсан Гавьяат тамирчин, ерэн оны бужигнаан дунд ганзага үүрч, гахай зөөж явсан Алтан үеийн наймаачин, анхны аж ахуйн нэгжүүдийн нэг “Женко” компанийг үүсгэн байгуулагч, хожмоо улс төрд орж, амжилттай, ард түмний хайртай төрийн түшээ болсон, өдгөө улс төрчийн хувьд мөчлөгийн үеэ туулж буй, хоёр ч яам толгойлж, сүүлд өөрийн саналаар Засгаас гарсан гээд товчхондоо тун ч сонирхолтой фигур.

Бас тэр бүр хэвлэлд ам нээдэггүй, олон нийтийн арга хэмжээнд үзэгдэж харагддаггүй. Гэр бүлийн статусын тухайд ч сонирхолтой, анхны гэргийгээс дөрвөн хүүхэдтэй, анхнаасаа хадамд гарсан, сүүлийн гэргийгээсээ дөрвөн их хүүтэй, гэхдээ хэзээ ч олны өмнө гаргадаггүй. Бизнесийн эхэн үеийн түүх намтар арвинтай, олон ч зүйл дээр анхдагчийн шан татаж байсан. Иймээс түүнээс асуух асуулт их байсан. Иймдээ ч уртаас урт ярилцлага болсон. Гэхдээ хувь хүн нь сонирхолтой, ярих аяс нь хошин учраас эрхэм таныг тэгтээ залхаахгүй гэдэгт итгэж байна.

УДААН, УХААНТАЙ ЦАРАЙЛЖ ЯРЬДАГ НЬ УЛС ТӨРЧДИЙН ИМИЖ, БИ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

 -Залуу Х.Баттулга хар шилнээс салдаггүй байсан гэдэг. Танд хэдэн нарны шил байдаг вэ?  

-Шил мил байхгүй ээ, одоо /инээв/. Тэр үе чинь өөр л дөө бас. Бизнес хийдэг учраас аль болох хүнээс далд байх шаардлагатай гэх юм уу. Эсвэл тэр үеийн моод ч байсан юм уу, хаашаа юм. Гэтэл одоо ч гэсэн хүмүүс хар шил зүүгээд байдаг. Сая цементний үйлдвэрийн нээлтэн дээр Н.Багабанди гуай бол ёстой аймаар том хар шил зүүж ирсэн /инээгээд/. Ярилцлага өгөөд л байна лээ ш дээ, хар шилтэйгээ.

-Бизнесийнхэнд яагаад олноос нуугдах шаардлага байдаг юм бол?

-Тэр үед жаахан хэл аманд ороод, бас л их бичигддэг байлаа ш дээ, шар сонингуудаар.

-Одоо ч гэсэн бичигдсэн хэвээрээ байгаа биз дээ?

-Харин тийн, одоо тэгээд бичээд л байх юм байна ш дээ.

-Нэг л өдөр таны тухай ямар ч хэвлэл сонирхож бичихээ больчихвол танд хэцүү санагдах байх, тийм үү?

-Мэдэхгүй, тэгнэ биз.

-Хэвлэл, олон нийт таныг тэгтлээ сонирхож, сониучирхсаар ирсэн нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

УИХ-ын гишүүн Х.Баттулга

-Одоо бол өөр л дөө. Энэ улсыг хөгжүүлчих юмсан гээд миний яриад байгааг хүмүүс аль болох ойлгоосой гэхдээ хэвлэл мэдээлэлд гарах сонирхолтой байгаад байна. Өнөөдөр бид баян орны тоонд орж байх ёстой. Тэгтэл болдоггүй. Сүүлийн хориод жил улс төрд явсан сайд, гишүүдийн л амьдрал сайжирлаа ш дээ. Гэсэн утгаар нь л яриад байгаа юм.  

-Хар шил, хойш нь мөлчийтөл самнасан гялгар үс бүхий имижтэй бизнесмэн Х.Баттулга улс төрд орж ирснээр шилээ тайлж, үсээ энгийн болгосноор өөр имижээр төсөөлөгдөх болжээ. Улс төрийн он жилүүд Х.Баттулга гэж хүнийг ямраар бас хэр их өөрчилсөн бэ?

-Эхний дөрвөн жил дээд ангийнхнаа лаг улс төрчид гэж бодоод байсан байхгүй юу. Тэгсэн чинь бас тийм биш юм байна. Хөгжлийн бодлого, хар хайрцаг байдаггүй юм байна. Хөгжлийн бодлогогүй улс яаж хөгжих вэ дээ гэсэн ойлголт авсан л даа. Яамны сайд болоод, бодлогоо гаргаад, ингэж замуудаа тавих юм байна, гүүрүүдийг тэгж тавих юм байна, төмөр замынхаа бодлогыг ингэж гаргавал зөв юм байна гэх мэт бодлогын ажлууд хийсэн. Хандлага өөр болоод явчихаж байгаа юм.

-Ингэхэд та улс төрд хэдэн жил хүчин зүтгэж байна вэ?

-Гурван сонгуулийн нүүр үзчихлээ.

-Залхаж няцах үе байх юм уу?

-Буруу яваад байхаар залхах битгий хэл уур хүрээд байна. Ийм амархан юмыг яагаад ингэж хэцүү болгож хийдэг юм бол гэж бодохоос уур хүрэх юм.

-Буруутан нь хэн юм?

-Мэдэхгүй, бид нар байх л даа.

-Та тэгвэл гэмээ мэдээд гэмшиж байна. Яриад суухын оронд хийчихэж болохгүй байгаа юм уу?

-Цөөнх болоод байна шдээ.

-Юу? Танай нам чинь цөөнх биш ш дээ?

-Намдаа биш л дээ. Дотроо ...  Их хурал дотор цөөнх болчихож байгаа байхгүй юу. Үзэл бодлын гэх юмуу даа. Ер нь л улс төрчид адилхан болчихоод байна. Сонгуулийн өмнө амладаг, дараа нь мартдаг. Одоо арай өөр, бүтээлч шийдвэр гаргадаг Их хурал хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.

-Та бол сул гишүүн. Магадгүй Ерөнхий сайд, Ерөнхий сайдын зангарагт хүрч байж өөрийнхөө бодлого, хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжтой байх?

-Ер нь тэгдэг юм байна. Саяхныг хүртэл Ерөнхий сайд болохгүй, ард нь юмыг нь зохицуулна энэ тэр гээд яваад байсан чинь ямар нэгэн эрх мэдэлд хүрч байж, олонх болж байж хийдэг юм байна гэсэн бодол бол одоо орж ирж байна.

-Тэгээд яагаад сайдынхаа суудлыг өгчихсөн юм бэ?

-Тэр үед Хөдөө аж ахуйн бодлого, аж үйлдвэрийн бодлого бүгдийг нь Засгийн газраар дэмжээгүй юм. Малаа яах юм, малчнаа яах юм, хоршоогоо яах юм, биржээ яах юм, аж үйлдвэрээ яах юм. Бүгдийг нь цогцоор нь судлаад, бодлого боловсруулаад, төлөвлөгөө гаргаад цаасан дээр буулгачихсан байсан юм. Одоо ч байна. Тэр чинь маш олон хүний хөдөлмөр шүү дээ. Яг танай сэтгүүлтэй адилхан олон хүний хөдөлмөрөөр бүтдэг. Бүхэл бүтэн команд ажилласан. Тэрийг Засгийн газар дээрээ ойлгуулж чадаагүй.

-Тэгээд л гомдож тунирхсан хэрэг үү?

-Биш ээ. Нэгэнт тэнд миний бодож, төлөвлөсөн ажлууд явахгүй бол би засагт суугаад байх утгагүй болчихож байгаа юм. Тийм биз дээ? Сайд гээд байдаг, гэтэл ажил нь явдаггүй.

-Таныг дэмжээгүй шалтгаан нь юу байсан гэж та боддог вэ?

-Одооны улс төрчдийн арга барилаас өөр байсан юм болов уу. Энэ хүн ийм юм хийх гээд байна, энийг нь дэмжчихвэл нэр хүнд нь өсчихнө ч гэдэг юмуу, тийм ээ. Тийм л бодол байдаг юм болов уу гэж би ойлгосон. Тийм ч юм шиг байна лээ. Тэгээд өөрсдөө юу ч хийхгүй. Нөгөө төслүүдийг хийх гэхээр Баттулгаар овоглогдох гээд байдаг.

Өнөөдөр бид хөдөөгөө хөгжүүлэхгүй бол хотод хэдэн байшин бариад, байшин нь хөгжиж байна гэж бодоод хөдөөний хүмүүс хот руу ирээд байна. Хөдөө эзэнгүй болно. Эзэнгүй болохоор Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал яригдана. Хөдөөгэдэг маань мал, малчин хоёр. Малчин хүн малаа маллаж байна. Малчин хүнд юу хэрэгтэйв, идэх юм хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдээ тогтмол худалдаад, эргэлтэнд оруулах хэрэгтэй. Тэгвэл тэр малчин орлоготой болно. Малчдыг орон сууцжуулья, ахуйг нь өөрчилье гэсэн. Тэр нь “Шинэ сум” гэдэг төсөл.

-Таны улс төрийн дараагийн алхам, төлөвлөгөө юу байна?

-Бүх төлөвлөгөө гарчихсан. Биднийболовсруулж, бэлтгэсэн бүх төслүүд хийгдэхэд л Монгол улс ойрын 15-20 жил хөгжчих төслүүдийгби хоёр яамнысайд байх үедээ мэргэжилтнүүдтэй суугаад гаргачихсан. Тэдгээрийг хэрэгжүүлэхийнтөлөө явна даа.

-Таны ярианаас Х.Баттулга гэж хүн өнөөгийн их хурлын 76 гишүүнээс их өөр фигур учраас, илүү дэвшилтэт сэтгэлгээтэй, илүү бүтээлч, хөдөлмөрч учраас тойргийн гадна шахагдаад, ганцаардаад, баггүй болчихож гэсэн бодол шууд төрж байна? Би зөв таасан уу?

-Ганцаардах биш л дээ. Баг байгаа, гэхдээ цөөнх болоод байгаа байхгүй юу. Ажлууд явахгүй байна гэдэг чинь дэмжлэг бага авч байна гэсэн үг. Ганцаараа биш, дэмждэг хүмүүс, баг бий. Цөөдөөд байна. Цөөнх байна гэдэг нь дандаа хардалт дагана. Баттулгын бизнес гэдэг ч юмуу. Бизнесийн салбараас ороод ирчихсэн болохоор иймэрхүү л юм байдаг юм шиг байна лээ. Тэгээд та нарын санаачилсан юм байна уу гэхээр байдаггүй.

-Уг нь та улс төрд маш эрчтэй гарч ирж тун амжилттай дүр төрх бүтээж, олонд хайрлагдсан фигур болж чадсан. Таныг ерөнхий сайд, ерөнхийлөгч болох зангарагтай гэж харах хүн ч цөөнгүй байдаг. Гэхдээ сүүлийн үед нэр хүнд, имиж чинь тийм ч сайнгүй болсныг анзаарч байгаа юу? Магад энэ бизнесийн мөчлөг гэдэг шиг нэр алдар, амжилтын мөчлөг юм болов уу эсвэл цаг үеийн нөхцөл байдал уу?

Нэр төртэй байх, эсэх нь миний байж байгаа царайнаас болно

-Нэр төртэй байх, эсэх нь миний байж байгаа царайнаас болно. Улс төрийн тухайд нэгэнт яамны сайд боллоо, сайд шиг ажлаа хийгээд буух юмсан гэсэн бодол байсан. Би мэргэжлийн хүн биш учраас мэргэжлийн баг ажиллуулсан. Эхлээд Зам тээвэр, хот байгуулалтын сайд болсон. Асар олон ажил байсан. Бид 2008 онд авто замыг хэрхэн хөгжүүлж, сайжруулах вэ гээд бүх төлөвлөгөөг нь гаргачихсан юм (зураг үзүүлэв.сурв.). Газар нутаг, уул ус хөдлөөд байхгүй. Энд 2020 он хүртэлх төлөвлөгөө гарчихсан байгаа. Төмөр замын бодлого энд байна /үзүүлэв/.

Баруун, зүүн аймаг, говьд байгаа баялгуудыг төмөр замаар ачуулаад Сайншандад боловсруулна, тэгээд далай руу гаргана. Далайд гарцтай болж байж дэлхийн жишигт нийцэхүйц үнэ тогтоно. Далай гэдэг нь Зүүн Ази. Зүүн Ази бол тэртэй тэргүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв цэг. Дараа нь Үйлдвэр Хөдөө аж ахуйн яаманд очлоо. Тэнд очоод хөдөөг хөгжүүлэх цогц бодлого боловсруулсан.  Фермер, газар тариалан, хүлэмж, малын бирж.

Хятадтай ямар нэг асуудал үүсэхэд бидэнд хүнсний асуудал үүсдэг. Тэгвэл эх орондоо хийж, эндээсээ хүнсээ хангадаг болъё. Төсөл, хөтөлбөр зөндөө юм хийсэн л дээ. Олон хүний хөдөлмөр. Гэтэл Засаг дээр дэмжигдээгүй учраас засгаасаа гарсан. Тэгэхээр нэр хүндийн асуудал янз бүр болох байх л даа /инээв/.

Хүмүүс их юм уншихгүй, тэгэхээр тэдэнд ойлгуулахын тулд ганцхан хуудсан дээр багтааж хийсэн нь ч бий /үзүүлэв/. Энийг задалвал ийм их цаас /үзүүлэв/ болж байгаа юм. Ерөнхийдөө нийт таван том 5 төсөл задраад 40 төсөл болдог. Чиний энэ өмсөж байгаа юмыг заавал Эрээнээс авах хэрэггүй байхгүй юу. Монголд хийж болно. Уул уурхай, дэд бүтэц, хөнгөн үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуй, энэ тавыг, дагаад боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх төсөл, хөтөлбөрүүд.

-Ам нээвэл уушги нээ гэгчээр Засгийн газарт яг таныг эсэргүүцдэг гол хүн хэн байсан юм?

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.