“Хөвсгөл Хөгжил” форумаар Хөвсгөлчүүд хэтийн ирээдүйгээ тодорхойлов
Мөрөн хотноо ”Хөвсгөл Хөгжил форум-2” зохион байгуулагдлаа.
Төр нийгэм, улс төр, эрдэмтэн судлаачид, хувийнхэвшил, бүх сумдын төлөөлөл оролцсон тус форумаас гарсан үнэтэй санал санаачилгыг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх “Хөгжсөн Хөвсгөл 2030“ хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх юм байна. Ердөө зургаахан жилийн өмнө Хөвсгөл аймаг 100 км хатуу хучилттай замтай байсан бол өнөөдөр 360 км хатуу хучилттай авто замтай, 200 км урт шилэн кабельтай байсан бол 800 км шилэн кабельтай болж 22 сум холбогдсон, бүх баг нь холбоожсон гээд ихээхэн дэвшил гарсан.
2009 онд нэг хүнд ногдох ДНБ ердөө 1,2 сая төгрөг байсан бол өнөөдөр 4,8 сая болж нэмэгджээ. Зургаан жилийн өмнө“Хөвсгөл Хөгжил”анхдугаар форумаас дэвшүүлсэн зорилт 60 гаруй хувийн биелэлттэй байгааг тус форумыг санаачлан зохион байгуулж байсан УИХ-ын гишүүн, УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан онцолж, энэ удаад эв нэгдлийн форум, хөгжлийн форум болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Нийт 126 мянган хүн ам, 35 мянган айл өрхтэй, хамгийн их мал сүрэгтэй тус аймаг зах эээлийн багтаамжаа оновчтой ашиглахыг зорьж байна. Өнөөдөр тус аймгийн нийт орлогын 13,7 хувийг татварын орлого бүрдүүлж, өрхийн дундаж орлого улсын дунджаас 231,3 мянган төгрөгөөр бага байгаад анхаарал хандуулах ёстойг ч хэлж байна. Тиймээс аялал жуулчлалын шинэ үйлчилгээг тосч нэвтрүүлэх, мөнгө зардаг, төлбөрийн өндөр чадавх бүхий гадна дотны жуулчдад зориулсан бүтээгдэхүүнийг дэмжихийг зорьж байгаа юм.
МУ-ын 4 дэх том хот болж, аймгийн төвийг хотын статусаар хөгжүүлэхийг “Хөвсгөл Хөгжил” форумд оролцогчид онцоллоо
Өнгөрөгч зун Хөвсгөлд гадны 5 мянга, дотоодын 45 мянган жуулчин ирсэн гэсэн статистик тоо ч байна. Мөн аймгийн хүн амын цонх үеийг оновчтой ашиглаж, аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар илүүтэй анхаарах ёстойг ч чухалчилж байлаа. Ойрын үедӨгий-Рашаант-Тосонцэнгэлийн чиглэлийн замыг барихаар төлөвлөсөн. Мөн Хатгалын нисэх буудлын зурвасыг хатуу хучилттай болгосноор агаарын тээврээр Хөвсгөлд зорчигчдын тоо улам нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Хөвсгөл аймгийн ДНБ 2009 онд 156 тэрбум төгрөг байсан бол 463 тэрбум төгрөг болж 3 дахин өссөн, 1202 үйлдвэр, ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж, шинээр 5600 ажлын байр бий болсон зэрэг нааштай үзүүлэлтийг улам бататгаж, МУ-ын 4 дэх том хот болж, аймгийн төвийг хотын статусаар хөгжүүлэхийг “Хөвсгөл Хөгжил” форумд оролцогчид онцолж байлаа.