Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын оролцоо бидэнд чухал
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.САНДУЙ
2015.10.01

Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын оролцоо бидэнд чухал

Эрхэм журмын нөхөд өө, Ахмад буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Олон улсын ахмадын өдөр, Монголын Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын болон нийслэл хотынхоо өнөөгийн хөгжлийн суурийг тавьж, хойч үеэ боловсролтой, эрүүл чийрэг, өндөр ёс суртахуунтай, хөдөлмөрч, эх оронч иргэд болгохын төлөө цуцалтгүй тэмцэж, нөр их бүтээн байгуулалтыг бидэнд өвлүүлэн үлдээсэн нь Та бүхний ач гавьяа билээ.

Манай нам үеэс үед ахмадуудаа хүндэтгэн дээдэлж, тэднийхээ үнэт сургаалыг сонсч, арга туршлагаас нь суралцаж, ахмад, нялхас, өсвөр үе, дунд насныхны залгамж холбоог эрхэмлэж ирсэн түүхтэй. Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү уулзалт, зөвлөгөөний агуулга ч чухамхүү үүнд л чиглэгдэж байна. Монгол Ардын Намын анхан шатны байгууллага, үүрүүд болон иргэд сонгогчдын хооронд үүссэн орон зайг нээлттэй уулзалтаар нөхөх үйл явц “Бид хамтдаа” аяны хүрээнд үргэлжилж байна, энэ чухал ажил үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй ээ.

Монголчууд бид бэрх цаг үед ажиллаж, амьдарч байна. Сонгогчдын дэмжлэгийг хүлээж, эрх мэдлийг гартаа атгасан Ардчилсан нам улс орны болон ард түмний нийтлэг эрх ашгаас өөрсдийн эрх ашгийг дээгүүр тавьж, фракц хоорондын зөрчилд автаж, төрийн институциудын зөрчилдөөн үүсч, улмаар хууль хүчний байгууллага болон иргэдийн хоорондох итгэлцэл алдарч, 2012 оны сонгуулийн дараах иргэдийн хүссэн хүлээлт замхарч байгааг бид бүхэн бэлхнээ харж байна.

Өнөөдөр ажилгүй иргэдийн тоо эрс өсч, хөдөлмөрийн насны хүмүүсийн олонх нь орлогогүй боллоо, төлбөрийн чадвар мэдэгдэхүйц суларлаа. Мөн улсын төсвийн алдагдал тасралтгүй өссөөр байна. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах том боломжийг алдлаа.

Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт улстөржиж, лоббид автаж, үргүй зардлыг урамшуулах нэг механизм болжээ. Үүрэг, чиглэл нь давхардсан төрийн байгууллагуудын тоо гэрлийн хурдаар өссөнийг та бид мэдэж байгаа. Төрийн албаны орон тоог нэмэгдүүлэх нь “шинэчлэгчдийн” улс төрийн зорилго, үйл ажиллагааны гол чиглэл байсан бололтой. Төрд шургалсан ажилтнуудаараа дамжуулан, тэднийг ажлын байраар нь шантаажилж, сонгуулийн үр дүнд нөлөөлүүлэх гэсэн оролдлого гарахаас манай нам сэргийлэх шаардлагатай болж байна.

Эрх баригчид хүндрэлийг гэтлэн давах зөв бодлого, арга зам эрэлхийлэхийн оронд иргэдийнхээ хомсхон орлого руу дайрахаар зэхэж байна. Иргэдийн хадгаламжаас татвар авахаар улайрч байна. Улаанбаатар хотын оршин суугчид маань нийслэлийн албан татвар бас төлөх болно. Ийм татвар байх ёстой боловч эдийн засгийн хямралтай үед уг татварыг бий болгосон нь цаг хугацааны хувьд зохистой биш гэж бид үзэж байгаа юм.

Эрх баригчдын элдэв туршилтад нийслэлчүүд залхлаа.Товчоор хэлбэл, тэд зөв ажпыг буруу хийж байна. Ганц жишээ дурдахад, нийтийн тээврийн шинэчлэл оршин суугчдыг туйлдуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт утга учраа алдаж, газар өмчлөгчид, бизнесүүдийн хооронд эцэс төгсгөлгүй маргаан үргэлжлэх нөхцөл үндсэндээ бүрдлээ. Өнөөгийн засаг төрийн ажилд шүүмжлэлтэй хандвал, тэд үг хөөцөлдсөөр өдрийг барж байна. Ажпаасаа үг нь их байна. Эдийн засгийн болон засаглалын хямралыг давахын тулд оновчтой ажил, тодруулж хэлбэл байндаа оносон үйл ажиллагааг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй байна.

Олон улсын байдалд ч зөөлрөх хандлага ажиглагдахгүй байна. Араб, Африкийн цөхөрсөн цагаачдын урсгал түгшүүрт хэмжээнд хүрч, Хятадын юаний дефляц, Японы хөрөнгийн зардлын бууралт, нефтийн үнийн уналт болон савлагаа, элдэв хориг саад нь олон орны эдийн засагт цохилт болж байна. Сири, Украины дайн намжихгүй байна. Олон улсын ийм таагүй байдал нь манай улсад ч сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй ээ.

Монгол Ардын Намын 27 дугаар Их хурлаас эхлүүлсэн намын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ирэх жилийн өнгийг тодорхойлох, УИХ-ын болон нийслэлийн сонгуульд ялалт байгуулахын төлөө бүх чиглэлээр дайчин давшингуй ажиллах шинэ мөчлөг эхэлснийг би юуны өмнө хэлэхийг хүсч байна.

Өмнөх сонгуулиудын ялагдлаас сургамж авч, сонгогчдын итгэл даах хүмүүсииг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийг зөв сонгох, тэднийг бат цул байдлаар дэмжих, иргэдийн бодит хүсэлтэд нийцсэн цөөн бөгөөд оновчтой бодпогыг намын хөтөлбөрт тусгах хэрэгтэй байна. Шинэ технологид болгоомжтой хандаж сонгогчдын саналд гадны нөлөө, хатуухан хэлбэл, луйвар оруулахаас сэргийлэх нь анхаарах чухал асуудал мөн.

Нийгмийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтөд нийцсэн хариу үйлдлийг бид хийх учиртай. Ийм хариу нь манай Намын хөтөлбөр байх болно. Нийслэлийн намын хороо өөрийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын хөгжилд чиглүүлэх ёстой. Хот байгуулалтын олон хүндрэлийг арилгахын тулд байгууллага, иргэдийн байршил суурьшлыг удирдан зохицуулах, үүнд хот төлөвлөлт, иргэний бүртгэл, татварын хөшүүргийг цогцоор ашиглах, газар өмчлөлийг дагуул хот, тосгоны хөгжилтэй уялдуулах, гэр хорооллын тэлэлт улам өргөжиж буйг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлтийг оршин суугчдын оролцоотойгоор хянаж үзэх нь нийслэлийн Монгол Ардын Намын хорооны цаашдын үйл ажиллагааны чухал чиглэл байх болно.

Нийслэлийн Ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультан нар аа,

Улс эх орон, намын үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмадууд Та бүхний санал, сургамж, оролцоо чухал болохыг онцолж байна.

Та бүхэндээ 2016 оны сонгууль угтсан нөр их ажлынхаа гарааг уухайлан эхэлж, ялалтын төлөө арвин баялаг туршлага, амжилт ололтынхоо сургамжаар залуу үеийнхнийгээ хурцлан ялалт, амжилт гаргахад өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдэгт итгэл төгс байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.САНДУЙ