УИХ-ын гишүүн, Монгол-Украйны парламентын бүлгийн дарга Г.Батхүү мэдээлэл хийлээ
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү /2015.09.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн энэ удаагийн хурлаар дэлхийд хурцдаад байгаа гол асуудлуудын нэг болох Украйн-Оросын талаар ярилцаж байна. Энэ арга хэмжээний өмнөх хурал буюу ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хаврын хуралд ОХУ-ыг оролцуулаагүй. Харин манай улсад болж буй энэ хурлын үеэр Украйн Улсын төлөөлөгчид, ОХУ-ын төлөөлөгчид оролцож дэлхийн олон орны парламентын төлөөлөгчдийн дунд өөрсдийн тулгамдаад буй, үл ойлголцолтой асуудлуудаа нээлттэй ярилцаж, хэлэлцэж байгаа нь нэг том давуу тал байна. Нөгөө талд дэлхий нийтийн аюулгүй байдалтай холбоотой энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь Монгол Улс дэлхийн аюулгүй байдлын төлөө эдгээр орнуудтай хамтдаа нэг бодлого, нэг зорилгоор ажиллах, эргээд энэ нь Монгол Улсын аюулгүй байдалд чухал, эерэг ач холбогдолтой алхам болж байна” гэв. Мөн тэрээр дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдалд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хурлын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгааг онцлоод, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү энэ хурлын үеэр Украйн, Монгол хоёр орны парламентын бүлэг хоорондын уулзалтыг зохион байгуулсныг дуулгаад, “Миний бие Улсын Их Хурал дахь Монгол-Украйны парламентын бүлгийн даргын хувьд Украйны парламентын гишүүдтэй уулзаж, хоёр орны цаашдын парламентын түвшний хамтын ажиллагаа, Украйн Улсад үүсээд буй нөхцөл байдал, бэрхшээлтэй асуудлуудын талаар харилцан ярилцлаа. Түүнчлэн бизнес, эдийн засгийн уламжлалт харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Украйны парламентын бүлгийн дарга Г.Батхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.