Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв
Удахгүй болох Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордны хуралдааны В танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч баяр хүргэдэг бөгөөд энэ удаа хороодын ахмад настнуудад ирэх баярын арга хэмжээнд нь зориулж хороо бүрт 500 мянган төгрөгийн хандив өргөсөн нь нийт дүүргийн хэмжээнд 16 сая төгрөг болж байгаа аж.
Ахмад настнууд сонгосон гишүүндээ ард иргэдийнхээ дуу хоолойг төрийн түшээдэд хүргэж, дүүргийн оршин суугчдын аж байдлыг сайжруулахын төлөө багагүй ажил хийсэнд нь талархлаа илэрхийлээд оршин суугаа нутаг дэвсгэрт нь, ялангуяа гэр хорооллынхны ахуй амьдралд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж дэмжихийг хүслээ. Тухайлбал, тус дүүргийн хэд хэдэн хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй, зам харгуй тавигдаагүйгүйгээс эмнэлгийн тусламж яаралтай авах боломжгүй, алслагдсан зарим чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэггүй, зарим хороо өнөө хэр нь тог цахилгаангүй байгаа зэрэг цөөнгүй бэрхшээл дурдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд 10 жилийн турш нийтийн тээврийн асуудал нь шийдэгдээгүй байсан Эмээлтийн чиглэлийг автобустай болгохоос аваад ард иргэддээ тустай хуулиуд санаачлан батлуулж байгаад баярлаж байгаагаа 32-р хорооны ахмад настан Оюунчимэг илэрхийлсэн бол зарим ахмад настан хорооны чийрэгжүүлэх танхимыг тохижуулах, нийслэлийн өмчийн харьяанд байгаа эмнэлгийн барилгыг ахмадуудын мэдэлд шилжүүлэх, оюутан залуус автобус дамжин зорчиход учирч буй бэрхшээлийг арилгахаас аваад нийслэлийн цэвэрлэх төхөөрөмжийн байгууламжийн асуудлыг ч хөндөн ярьж байлаа.
Ахмад настнууд улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед төр засаг солигдож буйд шүүмжлэлтэй хандаж, "салбараа мэдэхгүй сайд томилохын оронд тухайн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хүнийг сайд болгох заалтыг хуульчилж өгөх", "Засгийн газар гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй байгаагаас ахмад настнууд сар тутмын тэтгэврээр бус тэтгэврийн зээлээр амьдарч үр хүүхдээ тэжээж байгаа" талаар “Улсын Их Хурлын гишүүний хувьд чангахан дуугарч өгөх”-ийг гишүүнээсээ хүссэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэг сургуулийн барилга зэрэг зарим асуудлыг төсөвт тусгуулах талаар анхаарч ажиллахаа мэдэгдээд ахмадууд хүсэлт шаардлага тавихаасаа илүү хамтдаа баг болон ажиллахын дээр анхан шатны байгууллагуудаа зохих ёсоор нь ажиллуулж чадвал энд яригдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөмтэй гэдгийг тэдэнд хэлсэн юм гэжУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.