Чөлөөт бөхийн тамирчдыг алтаар шагналаа
Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд болсон билээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олимпийн зургаан эрх авсан. Дэлхийн аваргад амжилттай оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.
Монголын чөлөөт бөхийн холбооны(МЧБХ) удирдлагууд өнөөдөр дэлхийн аваргыг зорьсон баг, тамирчдыг “Blue Sky Tower”-н хүлээн авалтын танхимд угтан авлаа. Энэ үеэр дэлхийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдыг шагнаж урамшууллаа.
“Лас Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт Соронзонболдын Батцэцэгийг 1 кг алт, мөнгөн медальт Батболдын Номин, Пүрэвжавын Өнөрбат, Сүхээгийн Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт Эрдэнэбатын Бэхбаярт 300 гр алтыг тус тус бэлэглэлээ. Мөн “Рио-2016” олимпийн наадмын эрхийг авсан Ганзоригийн Мандахнаран, Жаргалсайханы Чулуунбат, Очирбатын Насанбурмаа нарт тус бүр 2 сая төгрөг, дасгалжуулагч багш нарт тус бүр 2000 мянган ам.долларыг өгсөн юм.
Мөн МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дасгалжуулагч Оюунбилэгийн Пүрэвбаатарт 10 сая төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын дэлхийн хошой аварга С.Батцэцэгт Нарны хороололд гурван өрөө байрны батламжыг гардуулан өглөө. Тамирчдыг ивээн тэтгэгчдийг бусад байгууллагууд урамшуулахаа энэ үеэр дуулгасан юм.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт бид бүхэн чөлөөт бөхийн ялалт, ялагдалтай хамт байлаа. Баг тамирчдын минь амжилт бидэнд улам их хичээл зүтгэл, итгэл найдварыг өглөө. Энэ бол үе үеийн тамирчид, багш нарын минь хичээл зүтгэл. Жил хүрэхгүйн хугацааны дараа олимпийн наадам болно. Энэ удаагийн дэлхийн аваргаас бид зургаан эрхтэй ирлээ. Монголын чөлөөт бөхийн холбоо түүхэндээ олимпийн эрхийн тэмцээнийг эх орондоо эрхийг авлаа. Тиймээс манай эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын хувьд дахин эрх нэмэгдэх боломж байна. Бидний өмнө олимпийн их наадмын бэлтгэл эхэлчихлээ. Нийт тамирчидадаа улам их амжилтыг хүсье. Та бүхнийг дэмжиж байгаа багш нарт тань баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.” гэсэн юм.
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд “Энэ жилийн Дэлхийн аваргад амжилттай оролцсон. Ээждээ хайртай шүү. Таныхаа ачийг хариулж явах болно. Надад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Дэлхийн аваргын дэвжээнд орон бүрийн шилдэг тамирчид ирдэг. Хэдийгээр миний барилдсан 60 кг-ын жин олимпийн наадамд багтаагүй ч өрсөлдөөн ширүүн байлаа. Өрсөлдөгч бүр л хүчтэй байсан. Финалын барилдаанд Украины бөхтэй таарсан. Өмнө нь хоёр удаа таарахад би ялагдаж байсан ч энэ удаад бас дийлсэнгүй. Өөрийн маань зорилго дэлхийн аварга болж, төрийнхөө дуулалыг эгшиглүүлэх бодолтой байсан ч энэ хүслээ биелүүлж чадсангүй. Гэхдээ энэхүү мөнгөн медаль маань ч томоохон өрсөлдөөн дундаас ирсэн болохоор баяртай байна. Багш нартайгаа ярилцаж байгаад олимпийн жинд барилдах эсэхээ шийднэ. Миний гаргаж буй амжилт минь баг хамт олны хүч юм. Энэ удаагийн тэмцээнд оролцоход тусалсан Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын чөлөөт холбоо, Батлан хамгаалахын яам, “Алдар” спорт хороо, “Алтай констракшн” компаний захирал Х.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар, бэлтгэл хангагч дүү нартаа болон надад байнга тусалж байдаг та бүхэнд баярлаж байгаагаа хэлмээр байна.” гэсэн юм.