Фракци төлөөлсөн “харх”-нууд кабинетийн зарчмыг үгүй хийж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Байнгын ажиллагаатай, ардчилсан парламент бий болоод 25 жил ажиллачихлаа. Энэ хугацаанд Монголын парламент хэр амжилттай ажиллав, та юу гэж бодож байна?
-1992 Үндсэн хуулиар байгуулагдсан парламентын засаглал маань хагас парламентын засаглал гэж үнэлэгддэг. Ерөнхийлөгч нь парламентын гаднаас сонгогддог, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргүүдийг булаацалдсан эрх мэдэлтэй учраас хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн маягтай Үндсэн хуулийн зохион байгуулалтаар бид 25 жил явж байна. Би өөрөө Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг, институцуудийн эрх мэдэл хуваарилалтын зармуудыг анзаарч хардаг хүний хувьд хэлэхэд бас тийм ч муу биш. Мэдээж учир дутагдалтай зүйл бий. Гэхдээ ерөнхий хандлагаараа бол зөв л явж байгаа.
Бидэнд өөрсдөд маань олсон ололт, эерэг зөв хандлагуудаа тэр болгон олж харж, магтахгүй юм гэхэд дүгнэдэг чадавхи жаахан сул байна. Байнга сөрөг талаа олж харж шүүмжилдэг, хов жив ярьж байгаа юм шиг үндэслэл багатай хардалтуудаар түүнийгээ баяжуулдаг учраас сөрөг тал нь илүү харагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ 25 жилийн хугацаанд парламентын засаглал Монгол Улсын тусгаар, бие даасан байх, гаднын нөлөөнд бага орж, асуудлаа дотооддоо зөвшилцлийн арга замаар шийдэх, олон нийтийн санаа бодлыг шийдвэр гаргалтад тусгах гэх мэтчилэн олон шинж чанаруудаас нь харахад харьцангуй гайгүй, дэвшилттэй замаар явж ирлээ.
-Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэлээ. Тэгвэл цаашдаа бид сонгодог парламентын засаглал руу явах юм уу, эсвэл зарим хүмүүсийн яриад байгаа шиг ерөнхийлөгчийн засаглал руу явчих нь юу?
-Миний хувийн үзэл бодол гэвэл бид аль болохоор парламентын засаглалаа сайжруулах, төгөлдөржүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг нь байх ёстой сав саванд нь оруулах ёстой. Одоо бол холилдчихсон байгаа шүү дээ.
-Манайх Английн парламентын загварыг авсан гэж би ойлгоод байгаа. Энэ зөв үү?
-Аль ч загварыг авсан гэж хэлэхэд жаахан зовлонтой, ний нуугүй хэлэхэд. Парламентын ажиллаж байгаа процедур, чиг үүргүүд болон соёлыг нь анзаараад байхад Германы маягийн парламент бол Байнгын хороон дээрээ эрх мэдэл илүү төвлөрсөн, мэргэшсэн, ажил хэрэгч байдаг. Англи маягийн парламент болохоор чуулган дээрээ хэлэлцүүлэг, маргаан ихтэй, тэр нь шоу маяг руугаа орчих гээд байдаг. Үүнээс манайд аль нь илүү давамгайлж байна гэдгийг харчих хэрэгтэй л дээ. Үнэхээр мэргэжлийн байнгын хороодтай, тэндээ мэргэжлийнхээ юмыг ярьсан шиг ярьдаг, асуудлаа тавьсан шиг тавиад, шийдсэн шиг шийддэг ийм парламентын тухай ярих уу? Эсвэл зүгээр 76 хүн чуулган дээр, телевизийн камерийн өмнө хэн нь илүү од болох вэ гэж уралддаг, асуудлаа ярихаас илүү хувийн пиар, өөрийн дүр төрхийг олон нийт рүү гаргах, магтан дуулуулах гэж оролддог “ярьдаг” парламент байх уу? Нэг нь ажил хийдэг, нөгөө нь ярьдаг парламентын тухай л юм шүү дээ. Алинаар нь явах вэ гэдэг маргаан одоо хүртэл явсаар л байгаа.
Хоёрдугаарт парламент гэдэг бол олонхи, цөөнх. Нэг нь шийдвэрээ гаргаж, нөгөө нь хяналтаа тавьж, алдааг сануулдаг. Энэ механизм манайд байна уу үгүй юу. Гурав дахь нь парламент бол төлөөллийн, хууль тогтоох, бас хяналтын байгууллага. Энэ гурван чиг үүрэг чанарынхаа хувьд Монголын парламентад байна уу, үгүй гэдгийг бас ажиглаж харах, үнэлж цэгнэх цаг нь болсон. Ардчиллын чанар гэдэг шиг.
-Тэгвэл энэ гурван чиг үүргээс алийг нь манайх арай илүү хэрэгжүүлж чадаж байна?
-Хууль тогтоох чиг үүргээ бол заримыг нь хуулаад, заримыг нь зохиогоод, заримыг нь санаачлаад хэрэгжүүлж байна. Хууль тогтоох үйл явц нь бусад хоёр чиг үүрэгтэйгээ харьцуулахад харьцангуй сайн явж байна. Сая УИХ Хууль тогтоомжийн тухай хуулийг баталлаа. Хууль тогтоохын тулд хэрэгцээ шаардлагаа яаж судлах вэ, боловсруулалтаа яаж хийж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг болон сонирхож байгаа мэдээлэлтэй иргэдтэй яаж холбогдох вэ, судлаачид буюу илүү сайн туршлагатай хэсгээ яаж оролцуулах гэх мэтчилэн ардчиллын, зөвшилцлийн механизмуудыг хэрхэн хийх вэ, хуулийг яаж бичих, гарсан хуулиа яаж үнэлж дүгнэх вэ гэх мэт маш олон процессийг хуульчилчихлаа.
Хууль тогтоох үйл явц өмнөхөөсөө ч илүү сайжрах хандлага гарчихлаа. Тэгэхээр бидэнд одоо ямар асуудал тулгарч байна гэхээр ер нь Монголын парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чаддаг уу? Ний нуугүй хэлэхэд Монголын парламент Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ зохистой хэдэн ашиг сонирхлын хүрээнд хяналт тавьж чадахгүй байгаа. Харин хувь гишүүд хувийн амбицаараа, өширхсөн үедээ Засгийн газрыг, сайд нарыг, агентлагуудыг гартаа оруулах замаар хянаж чадаад байна. Энэ бол хяналт биш, шантааж. Энэ талын юм нь бол хөгжчихсөн байна. Сайдыг өргөн барина гээд гүйгээд байгаа нөхдүүд шударга ёсны төлөө үүнийг хийгээд байна уу, эсвэл өөрийнх нь гуйсан ажил, тендер, албан тушаалд тавиад өгөөч гэсэн хүслийг нь биелүүлээгүйн төлөө өшөө аваад байна уу гэдгийг судлаад үзэх хэрэгтэй.
Би жишээ нь парламентын хяналтын чиглэлээр 2004-2006 онд хийсэн судалгаанууддаа анализ хийж үзлээ. УИХ-аас гаргасан хяналтын ажлын хэсгүүдийн хэдэн хувь нь ажлаа хийсэн, хэд нь хийгээгүй, хэд нь дүгнэлтээ гаргасан, хэд нь шийдвэр дүгнэлт гаргаагүй, санаа зовох юм юу байсан бэ гээд судлаад үзэхээр их өрөвдөлтэй бөгөөд атгаг дүгнэлт гарсан байдаг юм.
-Хэдэн хувь нь ажлаа хийсэн, эсвэл хийгээгүй вэ гэдгийг одоо та хэлж чадах уу?
-Статистикийг нь хувилаад хэлж болно. Гишүүд яам, агетлаг, сайдыг шалгая гэдэг санаачлага гаргасан байдаг юм. Санаачлага гаргачихаад ажлыг хэсэг байгуулсан нь 50 хувь, байгуулаагүй нь 50 хувь. Яагаад гэхээр санаачлага гаргангууд нөгөө сайд, агентлагийн дарга нь нөгөө гишүүнтэй уулзаад шаардаад байгаа зүйлийг нь биелүүлчихээр зогсчихож байгаа юм. Ажлыг хэсэг байгуулаад ажилласан нь 50 хувь, ажиллаагүй нь 50 хувь. Дахиад л нөгөө процесс нь явж байна гэсэн үг байхгүй юу. Ажиллаад ямар нэг үнэлэлт дүгнэлт гаргасан нь 40 хувь, гаргаагүй нь 60 хувь. Үнэлэлт дүгнэлт нь анх байгуулсан ажлын хэсгийн зорилттой нийцэж гарсан уу гэвэл бас үгүй. Ихэнх нь улс төрийн шалтгаантай, олонхи цөөнхөөрөө хуваагдчихсан, ард нь нэг намын бүлэг ч юм уу, улс төрийн эрх ашиг явж байдаг.
Гишүүдийн эрх ашиг байсан нь бол замаасаа хаяад хаяад явчихсан. Дүр эсгэсэн хяналт, ард нь өөр зорилго байсан гэж харагдахуйц. Энэ судалгаа юуг илэрхийлж байна гэхээр “парламентын хяналт” гэдгийг бид хоосон ярих ёсгүй юм байна. Хэн, ямар санаачилгаар, яаж хийх вэ гэдгийг нарийвчилж хуульчлах ёстой юм байна. Бусад улс орнуудад тийм байна. Парламентын хяналтыг хэрэгжүүлэх гэж байгаа бол гишүүд санаачилга гаргаж болно, гэхдээ хэрэгжүүлэгч нь бие даасан мэргэжлийн агентлаг байна шүү. Аудит, ХЭҮК, омбуцмений систем ч гэдэг юм уун Энэ байгууллагууд хөндлөнгийн, бие даасан байдлаар хянаад, үр дүнг нь парламент руу оруулж ирдэг, түүнийг нь парламентын гишүүд дэнслэх замаар чуулган дотроо, байнгын хороон дотроо хяналтаа тавина. Түүнээс биш парламентын гишүүн өөрөө яам, агентлаг руу үсэрч очоод, бичиг цаасыг нь ухаад, шантаажлаад байж болохгүй гэдэг зарчим үйлчилдэг.
-УИХ-д “Засгийн газрын цаг” гэж бий. Энэ бас л гүйцэтгэх засаглалыг хянаж байгаа нэг хэлбэр байх. Манайд хараад байхад сайд өөрөө гишүүдийн асуултад хариулахгүй, тамгын газрын дарга нь ч юм уу, өөр хэн нэг нь хариулаад байдаг. Английн парламентад болохоор Ерөнхий сайд нь бүх асуултад хариулаад байх шиг харагддаг...?
-Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцээс “Хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэдэг хуулийн заалттай учраас сайдуудыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүд тавих нь Үндсэн хуулийн бус” гээд зарлачихлаа. Яг Үндсэн хуулинд тийм зохицуулалт бий юу үгүй гэдэг бас маргаантэй. Гэхдээ Цэцийн дүгнэлт тэгээд гарчихлаа. Энэ нь ямар үр дагавартай вэ гэхээр УИХ өөрийнхөө хариуцлага тооцож чаддаг хүнтэйгээ л ярина, доогуур нь өөр албан тушаалтанг Засгийн газрыг төлөөлүүлж сонсох шаардлагагүй гэдэг байдал руу түлхэнэ. Өмнө нь сайд, нэг бол Ерөнхий сайд гэдэг байсан бол одоо барууны сонгодог парламентын загваруудтай адилхан “Сайд хэрэггүй, Ерөнхий сайд бүх салбарынхаа асуудлыг УИХ дээр ярь” гэдэг рүү л очих хэмжээнд нөхцөл байдал шахаж байна.
Парламентын хяналтын хамгийн чухал нэг хэсэг бол парламент өөрөө хэнтэй харьцдаг вэ, тэр хүн парламентыг дуудахад ирэхгүй, эсвэл худал мэдүүлбэл хариуцлага хүлээдэг тогтолцоо нь байх ёстой. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн асуугаад сайд, гишүүн хоёрын мэтгэлцээн яваад байдаг. Гэтэл үнэндээ зарим тохиолдолд УИХ-ын гишүүнд байгаа мэдээлэл, хувийн туршлага, харж байгаа өнцөг нь сайдын туршлага, мэдээллээс хавьгүй доогуур байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн олон нийтэээс сонгогддог учраас тэр хүний мэдлэг туршлагаас илүү олон нийтэд таалагдах байдал чухал. Харин томилогдож байгаа сайдын хувьд ийм шалгуур байж болохгүй.
Салбараа бүрэн мэддэг, бодлоготой, мэдээлэл сайтай мэргэжилтэн байх ёстой. Тэгэхээр мэргэжилтэн, гишүүн хоёрын дунд зөрөө үүснэ. Энэ бол аль ч парламентад тохиолддог зүйл. Ийм мэдлэгтэй, туршлагатай хүнийг хянахад парламент ямар чадвартай байх ёстой вэ? Улс төрөөс ангид, бие даасан бөгөөд мэргэжлийн түвшинд хянаж туслах бүтэц хэрэгтэй. Аудит, ХЭҮК, статистик гэхчилэн мэргэшсэн байгууллагууд нь илүү обьектив бодитой мэдээллийг парламентын улс төрөөс ангид байдлаар мэргэжлийн түвшинд оруулж ирээд хууль тогтоочгдод өгдөг, хууль тогтоогч тэрийг нь аваад нөгөө сонгогчид буюу төлөөллийнхөө нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Надад хөндлөнгийн аудит, мэргэжлийн байгууллагаас гаргаж өгсөн ийм тоо баримт байна. Таны тайлан, парламентад ирүүлсэн мэдээлэлтэй ингэж зөрж байна, яагаад? Та ажлаа хийж чадаж байна уу, худлаа ярьж байна уу? Үүн дээр чинь би хариуцлага тооцох уу, үгүй юу?” гэж ярих ёстой. Тийм мэргэжлийн байгууллагуудын гаргасан тоо баримт, дүгнэлтгүйгээр цээжнийхээ пангаар Засгийн газрыг хянаж чадахгүй. Засгийн газар бол маш сайн бүтэцтэй, зохион байгуулалттай, боловсон хүчинтэй, мэдээлэлтэй, олон жилийн туршлагатай бүтэц. Тиймээс хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд парламентад өөрт нь юу байдаг вэ гэдгийг судалж, сайжруулах хэрэгтэй болж байна.
Ний нуугүй хэлэхэд УИХ-ын гишүүд Засгийн гзартай харьцах харьцаагаа л анхаараад байгаагаас биш өөрт нь тусалдаг аудит, ХЭҮК, АТГ гэх мэтчилэн байгууллагуудынхаа туслалцааг яаж авч байна, тэдгээрээр дамжуулаад Засгийн газрыг яаж хянах юм гэдэг механизм, суваг бидний хувьд шинэ байна, хангалттай сайн туршлага алга. Гэтэл тэднийгээ парламентаасаа гадуур байгуулчихсан учраас парламент руу мэдээлэл оруулж ирэхээс илүү “бие даасан байгууллага” гээд Үндсэн хуулиас ангид тэнгэрийн амьтад болж хувирах гэж байна шүү дээ. Парламентын хяналтыг хэрэгжүүлдэггүй, парламентаас үүсгэлтэй бие даасан байгууллагууд бас байна, жишээлбэл Үндсэн хуулийн Цэц. Энэ бол өөр байгууллага. Үүнийг ялгаж салгах нь чухал.
-Монголбанк бас парламентад зөвлөх ёстой байгууллага уу?
-Үгүй. Монголбанк бол парламентад зөвлөхөөсөө илүү гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгтэй байгууллага. Яах вэ, Үндсэн хуулиараа парламентын дэргэд байгуулчихсан. Монголбанкны мөнгөний бодлого, Засгийн газрын эдийн засгийн бодлого хоёр бол зоосны хоёр тал байхгүй юу. Үндсэн хуулиараа Монголбанкийг парламентын дэргэд байгуулчихсан учраас тэнд жаахан үл ойлголцох байдал үүсдэг. Гэтэл Засгийн газар эдийн засгийн болон мөнгөний бодлогоо 100 хувь толгой дааж шийдэж байж хариуцлага хүлээх чадвар үүснэ. Иймэрхүү Үндсэн хуулийн жижигхэн зөрчлүүд байна.
-Манай парламентын дэргэд судалгаа хийдэг, бодлогын зөвлөмж гаргадаг баг байна уу?
-Бодлого төлөвлөх, боловсруулах баг парламентын дэргэд байх ёсгүй. Бодлого Засгийн газарт байх ёстой. Засгийн газар энэ улс орныг чиглүүлж, удирдаж авч явдаг. Харин тэр бодлогоо парламентаараа хүлээн зөвшөөрүүлэх л асуудал байгаа. Хэрвээ парламент түүнийг нь дэмжихгүй гэвэл Засгийн газарт итгэл үзүүлэх асуудал яригдана. Энэ бол дүрэм. Харин парламентад юу байх ёстой вэ гэвэл Засгийн газрын нууж байгаа, эсвэл анхаарахгүй байгаа мэдээллийг олж авч чаддаг, боловсруулалт хийдэг бүтэц байх ёстой. Сонгодог парламентыг засаглалтай улс орнуудыг хараад байхад парламентын дэргэд маш сайн номын сан, судалгааны институтүүд байна. Тэр бол бодлого тодорхойлох улс төр биш. Парламентын гишүүд Засгийн газрын бодлого зөв үү, буруу юу гэдэгт хяналт тавихад, үнэлэлт дүгнэлт өгөхөд шаардлагатай мэдээллийг авчирч өгдөг л бүтэц.
Хэрвээ УИХ-ын гишүүд өөрсдөө бодлого тодорхойлох гээд уралдчих юм бол тэр улс орон хөл толгойгоо алдана. Засгийн газар бодлого тодорхойлно, бодлоготой хүн Засгийн газарт ажиллана. Харин парламентад илүү ноён нуруутай, асуудлын алсыг хардаг, ард түмний өмнөөс хяналт тавьдаг, алдаатай бодлогыг хараад түүнийг засах үүргийг Засгийн газарт өгөх чадвартай, цараа томтой улстөрчид суух ёстой. Чиг үүргийн хувьд өөр. Засгийн газарт жинхэнэ менежерүүд, ажил хийгчид байна. Парламентад бол ам, чих хоёр нь байдгаараа ажилладаг хэсэг нь сууна. Аль ч улсын парламент дотор улс төр байдаг. Тэнд популизм ч байна, ухаалаг алсын хараа ч байна, аль аль нь холилдоод л байж байдаг. Засгийн газарт л популизм байж болохгүй. Тэгвэл улс орон дампуурна.
-Өнөөдрийн нөхцөлд манайд дандаа л эвслийн Засгийн газрууд байгуулагдаж байна. Ерөнхий сайд нь сайд нараа томилохдоо дандаа эвсч байгаа намынхаа амыг хардаг, түүнээс болоод томилогдсон сайд нартаа хариуцлага хүлээлгэх боломж нь хязгаарлагдаад байх шиг. Хариуцлага хүлээлгэх гэвэл эргээд өөрөө хариуцлага хүлээх болчих гээд...?
-Үндсэн хуулин дахь зохицуулалтын дутуу байдлаас олон муу үр дагавар гарч байна. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг уу, кабинет гэдэг юу вэ гэдэг ойлголт зарим хүмүүст төлөвшөөгүй, зарим хүмүүст ойлгомжгүй байна шүү дээ. 1992-2004 онд МонголУлс кабинетийн зарчмыг Засгийн газрынхаа хуулинд хуульчилсан байсан. Ерөнхий сайд+салбар хариуцсан сайд гарын үсэг зурахад Засгийн газрын шийдвэр гардаг байсан. Кабинет гэдэг тэр. Ерөнхий сайд дангаараа Засгийн газрынхаа 50 хувийг төлөөлдөг, нэг сайдын гарын үсэг авахад тэр шийдвэр Засгийн газрыг бүрэн төлөөлдөг.
Гэтэл 2004 онд анхны том эвсэл, МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад “Намын дарга нар харилцан зөвшилцөж шийдвэр гаргана” гээд хоёр Ерөнхий сайдтай юм шиг нөхцөл байдал руу орчихлоо шүү дээ. Тэр үеэс эхлээд Засгийн газрын тухай хуулийг “Засгийн газар олонхиороо шийдвэр гаргана” гээд өөрчилчихсөн. Яг нэг жижиг парламент шиг. Энэ бол социализмын үеийн сайд нарын зөвлөл байхгүй юу. Кабинетийн биш, зөвлөлийн систем рүү шилжчихсэн. Олонхиороо шийдвэр гаргаад эхлэхээр Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа гишүүд дотор нэг л хүн болчихож байгаа юм. 17 гишүүнтэй байлаа гэхэд 17-гийн нэг. Салбарынхаа сайдыг оруулж ирээд үлдсэн 15 хүн нь нэг боллоо гэхэд Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарах нь байна.
Энэ бол зөвлөлийн систем, кабинет биш. Кабинетийн системд Ерөнхий сайд дангаараа 50 хувийн эрх мэдэлтэй байдаг. Гэтэл одоо Засгийн газар олонхиороо шийдвэр гаргадаг болчихсон. Дээр нь Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж мэдэхгүй. Фракци, бүлэглэлүүд, намууд төлөөний хүмүүсээ авчираад суулгачихсан. Тэгэхээр Ерөнхий сайд яг парламент дотор байдаг шиг улс төр, танил талын системийг чирж явж байгаа. Засгийн газар чинь өөрөө улс орныг чирч авч явдаг толгой нь байх ёстой. Гэтэл Засгийн газарт энд тэндхийн төлөөний “харх”-ууд ороод ирэхээр Ерөнхий сайд нь ч, Засгийн газрын гишүүд нь ч нэг бодлогын тухай ярих биш жижигрүүлсэн бүлэг фракц, жижиг парламентыг удирдаж байгаа УИХ-ын бага дарга шиг болчихоод байна. Энэ бол том эмгэнэл. Тэгэхээр бид гүйцэтгэх засаглал, парламент хоёрынхоо ялгаа зааг, удирдлага, чиг үүрэг, эрх хэмжээ, байх ёстой соёлуудын тухай сайн ярилцахгүй бол ний нуугүй хэлэхэд Монгол Улс их, бага хоёр хуралтай болчихоод л сууж байна. Бодлогын уялдаа холбоо байхгүй, бодлого тодорхойлогч гэдэг ойлголт байхгүй, зүгээр ашиг сонирхлуудын эвцэлдээн л байна.
-Хууль тогтоох үйл ажиллагаан дахь сонирхлын зөрчлийг хуульчлаагүй учраас тухайн үед эрх барьж байгаа эвсэл өөртөө зориулаад Засгийн газрын тухай хуулийг ч өөрчлөөд явдаг, сонгуулийн хуулиа ч бас өөртөө ашигтай байдлаар хийдэг гэсэн үг үү?
-Дахиад л Үндсэн хуулиас эхтэй. Үндсэн хуульд тодорхой хуульчилж хийж өгөөгүйгээс энэ бүх маргаан үүсдэг. Тухайлбал, бусад улс оронд төсөв боловсруулж оруулж ирэх эрх зөвхөн Засгийн газарт байдаг. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр мөнгө нэмэх эрх парламентад байдаггүй. Парламент зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хянана, танаж болно. Ард түмний төлөөллийн байгууллага мөртлөө татвар нэмж сонгогчдынхоо эсрэг санаачлага гаргаж болохгүй гэдэг л зарчим байхгүй юу. Гэтэл манайх төсөв ороод ирэнгүүт нь бүгдийг нь задлаад, би ч ингэмээр байна, ийм амлалт өгсөн гээд өөрөө төсөв захиран зарцуулагч болж хувираад мөнгө дутангуут нь “тийм татварыг ингэж нэммээр байна” гээд нөгөө сонгогчдынхоо халаас руу гар дүрээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө хууль тогтоогч маань ард түмний төлөөлөгч биш, гүйцэтгэгч болоод хувирчихаж байна. Энэ нэг ялгаа.
Хоёрдугаарт Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, өөрөөр хэлбэл захиргааны нөөцийг тодорхойлох эрх зөвхөн Засгийн газарт байдаг. Гэтэл парламентын гишүүд “бий ийм байгууллага байгуулмаар байна, ийм орон тоо нэммээр байна” гээд яриад эхлэхээр дахиад парламентын төлөөллийн мөн чанар алга болж байна. Дахиад гүйцэтгэгч болоод, сонгогчиддоо ачаа үүрүүлээд эхэлж байна шүү дээ. Сонгуулиар ярьдаг зүйл, амьдрал дээр хийдэг ажил хоёр зөрөөд эхлэх юм бол парламент байхын утга учиргүй болно. Тиймээс парламент өөрийнхөө эрх мэдлийг хазаарлаж чаддаг байх ёстой. Би юу санаачлах, юу хийх эрхтэй вэ, ард түмэн надад ямар мандат өгсөн бэ гэдгийг парламент өөрөө хардаг байх ёстой. Засгийн газрын эрх мэдлийг парламент булааж авч болохгүй, парламентын эрх мэдлийг Засгийн газар булааж болохгүй. Энэ хил хязгаарыг хийх ёстой. УИХ-ын гишүүд “нийтийн ашиг сонирхол” гэдэг зүйлийг харж хууль санаачлах ёстой. Өөрийнхөө эрх ашгийг бодоод л эхлэвэл хууль тогтооход сонирхлын зөрчил үүснэ. Гуравдугаар хяналтын асуудал дээр сонирхлын зөрчил үүсдэг.
Чуулганы хуралдаан дээр камер харж байгаад ширээ шаадаг, сайдыг огцруулна гээд өргөх бичиг бариад гүйдэг нөхөр сайдын арын өрөөнд тендер гуйгаад сууж байна гэдэг парламентын хяналт ерөөсөө биш. Энэ бол парламентын гишүүний нэр сүрээр тонон дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Тийм учраас бусад улсад хувь гишүүн Засгийн газрын байгууллагаар орж, хэн нэгэнтэй уулзаж юм шаардах, нэхэхийг хориглосон байдаг. Хэрвээ та парламентын нэрийн өмнөөс явах гэж байгаа бол байнгын хороо, УИХ-ын шийдвэртэй оч оо. Эсвэл парламентын хяналтыг мэргэшсэн байдлаар хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагаар нь хэрэгтэй мэдээллээ авчруул гэдэг л зүйл хэлдэг.
Тиймээс парламентын хяналтад мөрдөн шалгах эрх мэдэл чухал болж байна, бие даасан хяналтын байгууллагууд яаж ажиллах вэ гэдэг чухал байна, парламентын гишүүний асуулга гэх мэт механизм чухал болж байна. Асуулгаа асуугаад, мэдээллүүдийг нь авчруулаад байнгын хороо, чуулган дээрээ ярих ёстойгоос биш сайдын өрөөнд ажил явуулахгүй ээ. Энэ бол зарчим. Яагаад парламентын ордон Засгийн газраасаа тусдаа байдаг, яагаад парламентын цагдаа, парламентын гишүүнд үйлчилдэг имунитет болон индемунитет гэдэг ойлголт тусдаа байдаг юм? Ард түмнээс өгсөн мандатыг хувьдаа ашиглахгүй ээ. Ард түмнээс өгсөн хууль тогтоох, хяналт тавих, төлөөлөх гэдэг чиг үүрэг таны хувийн амьдралын нэг хэсэг биш ээ. Та энэ төлөөлийг хэрэгжүүлж байгаа үедээ өөрийнхөө хувийн санхүүд хохирол учруулахгүйн тулд төр таны санхүүгийн чинь эрсдлийг хариуцна гэдэг. Сонгогчийг төлөөлж хууль тогтоох байгууллагад сууж байгаа хүн ард түмний нэрийг өмнөөс хууль тогтоож, хяналт тавина. Хууль тогтоох үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлын өмнөөс хийгдэж байгаа учраас энд гарч байгаа зардал татварын мөнгөнөөс төлөгдөнө.
Хяналт тавиад явж байгаа чиг үүргүүд дээрх зардлуудыг чинь төр хариуцна. Үүнийг цалин гэж тооцохгүй. Та бол төрийн албан хаагч биш. Та сонгогчдоо дөрвөн жилийн хугацаанд төлөөлж байгаа сонгогдсон л иргэн. Тийм учраас таныг төрийн төлөө зүтгэ, төрд үнэнч бай гэдэггүй. Хараахан манайханд Ардчилсан Үндсэн хуулийн суурь ойлголт бүрэн дүүрэн төлөвшөөгүй учраас УИХ-ын бүх гишүүдийг төрийн өндөр албан тушаалтан гэж нэрлээд яваад байна. Бусад улс оронд бол ард түмнээс мандат авсан иргэн л гэж үзэж байна.
-Манайх шиг яам, агентлагуудад хувиараа шалгалт хийгээд явж байгаа УИХ-ын гишүүн бол “но”-той л гэж үзэгдэх нь байна, тийм үү?
-Тийм тохиолдолд парламентын ёс зүйн хороо нь ажиллаж эхэлдэг юм байна лээ. Засгийн газар нь бас “Гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж гомдол гаргадаг. Тийм учраас парламентын гишүүн Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэлтэй их болгоомжтой, хууль ёсны арга хэрэгслээр, албаны шугамаар харьцдаг юм билээ. Дараа нь өөрөө асуудалд унахгүйн тулд. Манайд бол камерийн өмнө ширээ шаагаад, сайдын арын өрөөнд тендер гуйгаад сууж байдаг нөхдүүд олон байна.
-Их хурлын гишүүн сонгогдсон тойргийн эрх ашгийг төлөөлөх үү, нийт улс орны эрх ашгийг төлөөлөх ёстой юу?
-Үндсэн хуулинд маш тодорхой биччихсэн. УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гээд. Одоо бол манай сонгуулийн тогтолцоо, 25 жил явсан сонгуулийн соёлоосоо шалтгаалаад Засаг даргын ажил хийх гэж оролдоод байна л даа. Нэг бол Засгийн газрын ажлыг, үгүй бол орон нутгийн Засаг даргын ажил хийчих гээд байдаг, парламентын гишүүнийнхээ ажлыг хийдэг хүн цөөхөн болчихоод байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд харахад парламентын гишүүний зангарагтай, улс орны, нийтийн эрх ашгийн төлөө зогсоод, хууль тогтоох ажиллагаандаа оролцоод явдаг хүн гарын арван хуруунд багтахаар байдаг юм. Хурлаа таслалдаггүй, парламентын үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт байнга оролцдог, хуулиудыг цаасан дээр нь нухдаг хүмүүс гэвэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Р.Гончигдорж гээд арван хуруунд багттдаг юм. Цаас нухаж, хууль тогтоогчийнхоо ажлыг хийхгүй, хэвлэлээр, амаараа ажил хийдэг хүн бол зөндөө л дөө.
-Бусад орнуудад “сүүдрийн Засгийн газар” гэж ойлголт байдаг. Энэ бас хяналтын нэг хэлбэр биш үү, манайд яагаад байдаггүй юм?
-Энэ бол парламентын хяналт гэхээсээ улс төрийн хяналтын оновчтой хэлбэр байж болно. Сүүдрийн Засгийн газар ажиллахын тулд парламент дахь олонхи, цөөнх буюу парламентын “мотор” өөрөө ажилладаг байх ёстой. Шийдвэр гаргах бүх эрхийг олонхид, хяналт тавих бүх эрхийг цөөнхөд өгдөг. Цөөнх өөрийнхөө эрх мэдлийг ашиглахын тулд дотоод зохион байгуулалтаараа сүүдрийн Засгийн газар нэрээр мэргэшсэн хүмүүсээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дагуулж байршуулаад “Энэ Засгийн газрын Хууль зүйн сайд нь тэр бол манай сүүдрийн Засгийн газрын Хууль зүйн сайд нь энэ юм” гэдэг. Тэр нь авсан чиг үүргийнхээ дагуу салбарын үйл ажиллагааг хянах үүрэгтэй.
Энэ бол улс төрийн хяналт. Үүнд туслахын тулд ХЭҮК-той яг адилхан хүний эрхийн омбуцмэн ч гэдэг юмуу тэр байгууллагуудаараа дамжуулаад хууль зүйн салбар дотор байгаа хүчний болон хууль сахиулах байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийг хянадаг. Бусад улс оронд үүнийг хуульчилдаггүй, зүгээр улс төрийн соёл байхгүй юу. Манайд өнгөрсөн 25 жилийн хугацаанд парламентын дотоодод энэ соёл төлөвшсөнгүй. Харин ч улс төрийн тогтворгүй байдлын эх үүсвэр болоод яваад байвал тогтворгүй байдлын эх үүсвэр тогтвортой байх ёстой юу гэдэг ч бас яригдаж болох зүйл.
Хоёрдугаарт манай өнөөдрийн парламент зөвшил, ойлголцлын үүд хаалгаа хамаг байдгаар нь савж хаагаад байна. Ийм байдлаар улс төрийн манлайлал хийх гэж яваа зарим хэсэг нь ааш аяг гаргаад, парламент өөрөө ард түмний толь байх, зөвшилцөл, төлөөллийн ардчиллын шинж чанараа алдаад ирэхээр парламентынхаа хэмжээнд, Засгийн газар нь ч гэсэн тонуул, дээрмийн бөөгнөрөл болж хувирах гээд байна. Тэгэхээр байгаа нь байхгүйгээсээ илүү муу байгаа нөхцөлд байхгүй нь дээр юм биш үү гэдэг сонголт руу явбал яасан юм гэдэг саналыг М.Батчимэг гишүүүн жишээ нь гаргаж ирж байна лээ. Зарим судлаачид ч бичиж байна. Би тэдэнтэй 100 хувь санал нийлэхгүй юм гэхэд “нээрээ юу болоод байна” гэдэг эмзэглэл төрж байна.
Парламентын засаглалтай улс оронд парламент тарна гэдэг нь энэ улс орны суурь тогтолцоо ганхаж байна гэдгийг тодорхойлох болзошгүй үзүүлэлт байхгүй юу. Эдийн засаг нь ингээд хямарчихсан, иргэдийн итгэл үнэмшил төвөгтэй болчихсон, улс төрийн намууд нь учраа олохоо больчихсон, нам намаараа талцах биш, нам дотроо бие биенээ алахаас буцахгүй хэмжээнд хүрчихлээ шүү дээ, сүүлдээ. Ийм байгаа нөхцөлд дахиад нэг савалгаа үүсгэх нь эрсдэлтэй ч байж магадгүй.
-76 гишүүнтэй парламентад зургаан удаагийн сонгуулиар 300-гаад хүн сонгогдсон байна. Энэ тохиолдолд парламент хэр зэрэг шинэчлэгдсэн бэ?
-Би 1998 оноос хойш л Үндсэн хууль болон эрх мэдэл хуваарилалт, парламент, Засгийн газар, Үндсэн хуулийн хяналттай холбоотой судалгаа хийж байна. Энэ бүх хугацаанд хоёр зүйлд итгэл үнэмшилтэй болсон. Манай парламент хэтэрхий жижигхэн юм байна, нэг хүний улс оронд нөлөөлөх нөлөөлөл хэтэрхий том байна. Маш том амбицтай, увайгүй нэг хүн байхад л энэ улс орноор дураараа самарч болох юм байна. Ерөнхий сайд байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй шүү.
-УИХ-ын 20 гишүүнийг худалдаад авчихад хүссэн шийдвэрээ гаргуулдаг гэж ярьдаг шүү дээ?
-Одоо харж байгаагаар найман хүний гарын үсэгтэй, нэг яамыг өмчлөөд авчихсан хүн эдийн засгийн бүх шийдвэрийг нурааж болж байна шүү дээ. Манай парламент хэтэрхий жижигхэн учраас Засгийн газар, парламент хоёр нь холилдсон энэ бүх бантан болж байна. Судалгаа хийж үзэхэд 2-3 сая, бүр дээшлээд таван сая хүн амтай улсад 100-150 хүний төлөөлөлтэй байж байж парламент хэвийн түвшиндээ очино гэсэн дүгнэлт гарсан.
Яг таван сая хүн амтай улс орон бол судалгаанд орж ирэхгүй байсан л даа, дээд тал нь 3,5 сая, доод тал нь хоёр сая хүнтэй байсан. Парламент хэтэрхий жижигхэн байхад мэргэшиж, эсвэл салбарлаж ажиллах гишүүдийн ур чадвар сул, ачаалал их байдаг. Одоо байнгын хороо хэдэн хүнтэй хуралдаж байгааг зурагтаар харж болно. Есөн хүн ирээд нэг карт илүү шургуулаад байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны хурал давхацсан, ийм тийм ажилтай гээд алга болонгуут дөрвөн хүн шийдвэр гаргах хэмжээний болох гээд байна шүү дээ. Энэ юуг илэрхийлж байна гэвэл нэг талаасаа хариуцлагагүй байна, нөгөө талаасаа хэтэрхийн цөөн байна.
Хоёрдугаарт бас нэг асуудал бий. Манай парламентын дотоод зохион байгуулалт сайжрах ёстой. Байнгын хороод, дэд хороод, түр хороодын чиг үүргийг дахиад жаахан цэгцлэх ёстой. Бидний зорьж байгаа гол зүйл бол байнгын ажиллагаатай мэргэшсэн парламент. Зүгээр чөлөө заваараа ирж алга ташиж сууж байгаад хэн нэгэнд толгойгоо мэдүүлээд асуудлыг тавиад суучихдаг АИХ-ын тухай яриа биш.
-Энэ зургаан удаагийн парламентын аль бүрэлдэхүүн арай илүү ажилласан бэ?
-Парламент болгон бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой ажлаа хийсэн. Тэр нь сайн, тэр нь муу ажилласан гэх зүйл байхгүй. Сая жишээ нь парламентаас Сонсголын хууль, Захиргааны ерөнхий хууль, Тахарын хуулийг гаргасан, гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог бий болгосон гээд дэвшилттэй маш олон хууль гарсан. Бид өөрсдөө сайн талаа тэр бүр олж хардаггүй, дөвийлгөж ярьдаггүй учраас муу тал нь илүү харагдаад байгаа байх. УИХ болгон бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой ажлаа хийгээд л явсан. Хамгийн их хэрүүлтэй уруултай нь хаана байна гэдгийг харах ёстой. Өнөөдөр мэдээллийн эрин үе. Болж байгаа процессийг тэр дор нь зарладаг твиттер, фэйсбүүк байна. Өмнөх парламентын үед гарсан шийдвэрийг хоёр сарын дараа хүмүүс мэдээд “өө тэгсэн гэж байна шүү дээ” гэж ярьдаг байсан бол одоо “тэгж байна шүү дээ” гэж ярьдаг болсон. Энэ мэдээллийн хурд л “паа пүү” гэдэг юм руу хөөргөдөөд байгаа болохоос биш өмнөх парламентын үеийн шийдвэр гаргалтын процесстой харьцуулахад одоогийн паламент хамаагүй боловсронгуй, иргэншсэн байгаа шүү дээ. “Тэгсэн байна” гэж биш, “тэгж байна” гэж ярьдаг, асуудлыг цаг хугацаанд нь дэвэргэхийг нь дэвэргэж, хөөргөхийг нь хөөргөж, бодитойгоор харуулахыг нь ч харуулж байна.
-Парламентын гишүүний ёс зүй ямар түвшинд байна? Ёс зүйн хороо гишүүддээ арга хэмжээ авсан тохиолдол хэр олон байдаг юм?
-Парламентын гишүүний ёс зүйг ярихын тулд ёс зүйн дүрэм нь ямар байна, дүрмээ мөрдөх мехнизм юу вэ, гишүүд юуг ёс зүй гэж ойлгож байна гэдгийг ярих ёстой. Нуулгүй хэлэхэд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлуулах гэж зөндөө юм болж байсан шүү дээ, хэн ч ойлгохгүй байсан. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, өөр хэн ч гэнэ вэ, баахан хүмүүсийг хамтатгаад ёс зүйн дүрэм гаргана гэсэн. Бишээ, төлөөлөл, хууль тогтоох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дөрвөн жилийн мандаттай иргэний баримтлах ёс зүйн дүрэм болохоос биш тангараг өргөсөн төрийн түшмэдийн ёс зүй биш.
Бүр тэнд ажиллаж байгаа шүүгчийн ч ёс зүй биш, ялгаатай... гэж хэрэлдэж хэрэлдэж ямарч байсан төрийн өндөр албан тушаалтны ёс зүй биш юм байна гэдгийг арай гэж ойлгосон. Яг дүрмээ батлах гэсэн чинь дахиад маргаан үүссэн. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм дээр төрд үнэнч байх тухай асуудал яриад эхэлсэн. Бишээ, сонгогчиддоо буюу нийтийн ашиг сонирхол, улс орны эрх ашигт үнэнч байх ёстой гэж яриад тэр маргаан үр дүнд хүрээгүй. Тэгээд ёс зүйн дүрэм гарсан. Манай өнөөдрийн ёс зүйн дүрэм учир дутагдалтай. Хууль тогтоогч хүнд гардаг ёс зүйн алдаануудыг тэнд бичиж, хариуцлага болон урьдчилан сэргийлэх механизмуудыг нь хийх ёстой. Гэтэл тэнд хууль тогтоогчтой огт хамаагүй тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүйг бичиж болохгүй шүү дээ. Одоо бол бүгдээрээ холилдчихсон явж байгаа. Тиймээс манай ёс зүйн дүрэм жаахан учир дутагдалтай. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмтэй байгаа нь бас ололт.
Бусад улс орнуудад Ёс зүйн хороо, Ёс зүйн дүрэм гэдэг парламентын гишүүний хэнхэнэ буулга байхгүй юу. Монголын парламент гэтэл Халдашгүй байдлын дэд хороо гээд дахиад нэг дэд хороо байгуулчихсан. Парламентын гишүүн ёс зүйн алдаа гаргасан бол Ёс зүйн дэд хороогоор сануулж, хариуцлага тооцож, эргүүлэн татах эсэх асуудлыг нь хөндөх ёстой шүү дээ. Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо нь хайрлаж, хамгаална, хэнд ч хүргэхгүй гэдэг. Энэ хоёр дэд хороо чинь эрх мэдлээ булаалдана. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэдэг болж байна Зэрэгцсэн байгууллага байгуулчихаад дотор нь учраа олохгүй төөрчихсөн. Нэг гишүүн дээр асуудал гараад ирлээ гэхэд Ёс зүйн дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороо маань яаж ажиллах билээ гэдэг зохицуулалт байхгүй.
-Ёс зүйн дэд хороо үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн үг үү?
-Дахиад асуудал үүссэн. Дэд хороод хэрхэн яаж ажиллах тухай тодорхой дүрэм журам байхгүй. Иймэрхүү чиглэлээр судалдаг судлаачид, харьцуулсан мэдээлэл боловсруулаад ярьж байгаа хүн ховор байна. Сэдэв яригдахгүй байх тусам тэр сэдэвтэй холбоотой асуудлыг шийдэхгүй байх сонирхол нөгөө талдаа маш ихээр босч ирдэг. Ний нуугуй хэлэхэд Ёс зүйн дэд хорооны дэргэд ажлын аппарат ч байхгүй шүү дээ. Бусад улс оронд бол УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут Ёс зүйн хорооны ажлын аппарат нь хичээл заагаад эхэлдэг юм билээ. Ийм зүйл гарвал ёс зүйн алдаанд тооцно, ийм зүйлээс та татгалзах ёстой, ийм зардлыг тань төсвөөс гаргана, ингэж ашиглах юм бол та шүүмжлэлд өртөнө гээд бүх хөдөлгөөнийг нь заагаад эхэлдэг. Сонгогдсон гишүүн гэдэг бол агуу мундаг нөхөр биш, ард түмэнд таалагдсан хэн ч байсан л ороод ирдэг тогтолцоо. Хэн ч байсан орж ирээд бүх хүний нүдэн дээр хууль тогтоогчийн байх ёстой стандартыг баримтлаад ирэхээр энд мэргэжлийн парламент ажиллаж байна гэсэн үг.
Энэ бол биеэ авч явах тухай асуудал. Шийдвэр гаргах болоход дахиад тамгын газар, мэргэжлийн байгууллагууд нь туслаад эхлэхээр ямар ч хүн ороод ирсэн бай гаргаж байгаа шийдвэр нь улс орны суурь эрх ашиг, нийтийн ашиг сонирхлоос гажихгүй. Үүнийг л мэрэгшсэн парламент гэж байгаа юм. Тиймээс одоо бид 25 жилийнхээ ой дээр тэр мэргэшсэн парламентыг бий болгох дэд бүтцээ хэрхэн бий болгож чадав гэдгээ л ярих ёстой. Бид болохоор 76 хүнийг л хараад байгаа байхгүй юу. Тэр биш. Парламентыг сонгогдож ирсэн гишүүдээрээ биш, сонгогдож ирсэн гишүүдийг зохистой, зөв ажилладаг тэр машин дотор нь суулгаад явуулдаг арынх нь дэд бүтцээр тодорхойлогддог.
Тиймээс бид дэд бүтцээ л ярих ёстой. Номын сан, аппарат, судалганы институт, хуулийн хяналт гээд. Гишүүн бол санаагаа л гаргаж чадна, хүн болгон хуулийн эх бичээч хийж чадахгүй шүү дээ. Тиймээс парламентад эх бичээч нар байх ёстой. Зарим улс оронд бол гишүүд хуулийн эх бичихгүй. Концепцоо Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлсэн бол Хууль зүйн яам хуулийг нь бичиж өгнө. Хууль зүйн яаманд нь эх бичээч гээд бүхэл бүтэн баг сууж байдаг. Гэх мэтчилэн парламентын гишүүдэд тусалдаг маш олон мэргэжлийн арга зүй байдаг. Түүнийгээ л бид хийчих юм бол мэргэжлийн парламент болох зүг рүүгээ явж байна гэсэн үг.
-Хэвлэл мэдээллээр гишүүдийн тухай маш олон зүйл гардаг. Түүнийг нь Ёс зүйн хороо шууд авч хэлэлцэж болохгүй юу?
-Нэг онцлог нь Ёс зүйн хороо өргөдөл, мэдээллээр л ажиллах ёстой. Тэгэхээр парламентыг илүү цэвэр байлгах нь олон нийтийн хяналт болж байгаа юм. Олон нийт, иргэдийн зүгээс гомдол гаргах нь Ёс зүйн хороог ажиллуулах түлхүүр. Тэгэхгүй бол Ёс зүйн хороо парламент дотор байдаг механизм учраас нөгөө талдаа олонхийн зэвсэг болох аюултай. Олонхи нь үнэн үг хэлсэн, асуудлыг бодитойгоор шүүмжилж байгаа цөөнхийг “ёс зүй” гэдгээр дуугуй болгох, нухчин дарах хэрэгсэл болгож болно шүү дээ. Тийм учраас би сонирхож судалсан л даа. АНУ-д, Германд очоод тусгайлан үзсэн, Австрали, Английн паламентыг бас сонирхсон. Тэгэхэд ёс зүйн асуудлыг цөөнхөд өгч болохгүй, бас олонхид өгч болохгүй гэдэг юм билээ. Сөрөг хүчин ч бас улс төрийн хэрэгсэл болгоод байх боломжтой байх нь шүү дээ. Тийм учраас олонхи, цөөнх хоёроос яг тэнцүү гишүүд ордог. Яг 50, 50 хувиар хувааж авдаг ганцхан дэд хороо нь Ёс зүйн дэд хороо. Тэгээд хэнээр даргалуулдаг юм бэ гэхэд парламентад хамгийн удаан суусан, олон удаа сонгогдсон хүнээр даргалуулдаг. Парламентад хамгийн удаан шүүмжлүүлэлгүйгээр суусан гэдэг чинь парламентын гишүүний ёс зүйг хамгийн тэвчээртэйгээр барьсан л хүн гэсэн үг шүү дээ. Хамгийн төвийг сахисан, хамгийн улс төрждөггүй, хэмжих хэмжүүр нь их тодорхой ийм л хороо байдаг.
-Хэвлэл мэдээллээр аль нэг улстөрчийг гүтгэсэн мэдээлэл гарахад нөгөө улстөрч “Цаг нь болохоор би үнэнийг хэлнэ”, эсвэл “цаад захиалагчийг нь би мэдэж байна” гэх үгийг бид их ойр ойрхон давтамжтайгаар сонсдог л доо. Энэ ямар учиртай юм бэ?
-Үгүй яахав, Монголын улстөрчид чинь бүгд л нэг нэг хөзөр гартаа барьчихсан, покер тоглож байгаа юм шиг л сууж байна шүү дээ. Түрүүлээд том модоо шидчих юм бол алуулчих гээд байдаг. Тийм учраас хөзрөө нэг нэгээр нь гаргаад, бие биенээ шантаажилсан маягтай. Эмгэнэлтэй л хувь заяа шүү дээ. Бүр онигоо гарчихсан байна. Өөрөө зодоон хийдэггүй, өрөөлөөр зодоон хийлгэдэг хүнийг улстөрч гэнэ гээд. Одоо хараарай, Монголын хэвлэл мэдээлийн бүх хэрэгсэл хэн нэгний зодооны үзүүрт явж эхэлж байна. Энэ бол парламенттай, эсвэл мэргэшсэн парламент байна уу үгүй юу гэдэгтэй холбоогүй асуудал. Энэ бол зүгээр Монголын улс төрд байгаа соёлын асуудал. Өнөөдөр Монголын улс төрд бодлогын өрсөлдөөн алга. Асуудал тойроод мэтгэж маргаж байгаа нь маш ховор байна. Голчлон “чи тэгсэн, би ингэнэ”, “Чи тэгдэг биз дээ, тэрийг чи би ингэнэ шүү” ийм л юм ярьдаг. Ямар хүн хувь хүн ярьж, ямар хүн асуудал ярьдаг вэ гэдэг билээ, тийм л түвшинд оччихоод байна.
Хоёрдугаарт Монголын улс төр үнэхээр аймшигтай дүр зураг руу явж байна. Улстөрч хүн хүнээр зодооноо хийлгэдэг байсан бол одоо хамгийн сайн улстөрч хүчний байгууллагаар зодооноо хийлгэнэ гэдэг дүр зураг руу явж байна. Хэрвээ ийм байдлаар яваад байвал дараагийн үед улстөрчид хувийн армитай болох шинж рүүгээ явна шүү. Энэ бол аюул. Тийм учраас манайх шиг уужуу тайван, тогтуун, нэг сагсалзсан нөхөр гараад ирэхэд алга ташихаасаа илүү “энэ яах ээд байна” гэж хардаг тийм соёлтой ард түмний хувьд улстөрчид нь ард түмнийхээ энэ соёлыг эвдэж болохгүй.
Энэ соёл чинь өөрөө Монгол улс парламентын засаглалыг сонгоход хүргэсэн соёл шүү дээ. Гэтэл энэ соёлыг эвдэх юм бол парламент биш, генерал Монгол улсыг удирдахад хүрнэ шүү. Аюул нь энэ. Тийм учраас энэ 25 жилд парламентын засаглалыг тосч авсан Монголын тал шиг ард түмний сэтгэлийг жалга довны үзлээрээ хутга сэрээ шиг хэрчдэг улс төрөө багасгах ёстой юм. Түрүүний хэлсэн “цаг нь болохоор хэлнэ ээ”, “захиалагчийг нь мэдэж байгаа шүү” гэж араандаа зуулттай, амныхаа булангаар исгэрч ярьдаг улстөрчдийн цуваа богиносно оо. Харин эсрэгээрээ хувь хүн ярихаасаа илүүтэйгээр зарчмаа босгоод, үнэт зүйлээ хамгаалаад, бодлогоо тодорхойлдог шинэ үе улстөрд орж ирнэ.