УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.09.14

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.14/ НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, хатагтай Биата Транкманыг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсонд баяр хүргээд, түүний ур чадвар, арвин туршлага, удирдлага Монгол Улс, НҮБ-ын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үзүүлсэн туслалцаа чухал ач холбогдолтойг тэмдэглээд сүүлийн 40 жил Монгол Улс-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр олон талт хамтын ажиллагааны хүрээнд сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон чиглэлээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлов. Мөн тэрээр 2012-2016 оны хооронд НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ болон Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллана гэв.

Хатагтай Биата Транкман, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, цаашид НҮБ-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллах болно гэлээ. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн боловсруулалтын талаар тодруулж, уг баримт бичигт ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгах нь чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

 

Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж байгааг дуулгаад, уг баримт бичиг нь Монгол Улсын урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурал ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажилладаг бөгөөд 2015 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан болохыг дуулгалаа.

 

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.