Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор
2015.09.14

Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.09.14/ өргөн барилаа.

Банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэнээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод банк үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Энэ банкийг байгуулснаар улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа”-г гаалийн татвараас, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлнө гэж заасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын, биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагууд хандив, тусламжаа хугацаанд нь авах боломж бүрдэнэ хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.