Онцгой байдлын анги байгууллагууд багаж, техник хэрэгсэл хүлээн авлаа
2015.09.11

Онцгой байдлын анги байгууллагууд багаж, техник хэрэгсэл хүлээн авлаа

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваариллаа.

Тус ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож “Онцгой байдлын салбарт хийгдэж буй энэхүү орчин үеийн автомашин, техник тоног төхөөрөмж нь Онцгой байдлын албан хаагчдын улс эх орны тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах хамгаалах үйлсэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа”-г хэлсэн үгэндээ онцлоод нийт албан хаагчдад ажлын амжилт хүссэн юм. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, НОБГ, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн аврах ажлын болон гал унтраах зориулалттай  тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл очиж байгаа юм. Мөн аврах ажлын багаж, хийлдэг дэр, гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хэрэглэл, хүн нэг бүрийн галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч зэрэг багаж хэрэгсэл дагалдаж байна. Түүнчлэн улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах ажлын болон галын туслах 30 гаруй автомашины түлхүүрийг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.