Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагууд 7 тэрбум орчим төгрөгийн автомашин, багаж, техник хэрэгсэл хүлээн авлаа
2015.09.10

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагууд 7 тэрбум орчим төгрөгийн автомашин, багаж, техник хэрэгсэл хүлээн авлаа

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх өнөөдөр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид боллоо.

 Энэ ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцон үг хэллээ. Тэрээр, Онцгой байдлын салбарт хийгдэж буй энэхүү орчин үеийн автомашин, техник тоног төхөөрөмж нь Онцгой байдлын албаны албан хаагчдын   улс эх орны тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах хамгаалах үйлсэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгааг онцлоод нийт албан хаагчдад ажлын амжилтыг хүслээ.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн аврах ажлын болон гал унтраах  зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл очиж байгаа юм.

 Аврах ажлын багаж, хийлдэг дэр, гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хэрэглэл, хүн нэг бүрийн галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч /РЛО/ зэрэг багаж хэрэгсэл дагалдаж байна.

Түүнчлэн улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах ажлын болон галын туслах 30 гаруй автомашины түлхүүрийг цэнхэр хадгийн хамт төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудад  хүлээлгэн өгсөн юм.

Өнгөрсөн хугацаанд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, аврагч, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах  хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын УИХ,  Засгийн газраас шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.

Онцгой байдлын албаны хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт 23 хувьтай байгаа нь эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг хурдан, шуурхай, оновчтой гүйцэтгэх боломжийг бууруулах, гамшиг, ослын нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг нэмэгдүүлэх, аврагч, гал сөнөөгчийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг хүндрэл учруулж байна. .

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар онцгой байдлын анги байгууллага, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн аврах, гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн тоо, чанар, нөхөн хангалтыг бэхжүүлэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаар аврах, гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн тоо, чанар, нөхөн хангалт 10 хувиар өсөх юм. Үүний хүрээнд өнөөдөр эхний ээлжийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөө албан хаагчид хүлээн авлаа.

 Мөн гал унтраах зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Хил хамгаалах ерөнхий газар, Хан Хэнтийн дархан цаазат газар, Богдхаан дархан цаазат газарт олгох юм.

          Онцгой байдлын ерөнхий газар

                     2015.09.10